Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Амарсайханыг гэм буруутай гэж үзсэн ч хэргийг хаалаа

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх энэ сарын 11-нээс эхлэн хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэлээ. Бусдад хахууль өгсөн, мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр тус компанийн захирал Х.Анхбаярт 2013 оны долдугаар сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. “Тэнгри холдинг” компанийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын 45 тусгай зөвшөөрлийн заримыг цуцлах болоод байхад АМГ-ын ажилтнуудтай хуйвалдаж сунгасан, хахууль өгсөн гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан байна.

Мөн 3.6 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй, АМГ-аас олон улсад зарласан нээлттэй тендерт оролцохдоо тодорхой албан тушаалтанд хахууль өгсөн гэж буруутган прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн юм. Эдгээрээс гадна Карибын арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулж 12 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар Монгол Улсад оруулж ирэн ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл худалдан авч угаасан байж болзошгүй хэмээн буруутгасан билээ.

Анхан шатны шүүхээс Газрын тосны газраас зарласан нээлттэй тендерт “Тэнгри холдинг” компанийг шалгаруулсныхаа хариуд талийгаач Д.Амарсайхан Зайсангийн “Роял Грийн Вилла” хотхонд 160 ам метр талбай бүхий орон сууц, гараашийн хамт авсан. Талийгаач Д.Амарсайханы авга дүү Ц.Чандманийн нэр дээр уг орон сууцыг Х.Анхбаяр шилжүүлж, гэрээг нь “Тэнгри холдинг” компанийн ерөнхий менежер Н.Отгонболд хийх замаар авлигыг халхавчилсан нь тогтоогдсон. Тиймээс Х.Анхбаярт гурван жил зургаан сар хорих, Д.Амарсайханы гэм буруутай нь тогтоогдсон ч шүүгдэгч нас барсан учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Харин хахуульд өгсөн “Роял Грийн Вилла” хотхон дахь орон сууц, гараашийг хурааж, улсын орлого болгохоор болов.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.