Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДАШТ- ИЙ БАЛАГ

Хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ. Тэмцээн яахав, сарын хугацаанд болдгоороо болоод дуусна. 32 орны шигшээ багийн дунд болох 64 тоглолтыг тэрбум гаруй хүн үзэж, нэг ялагч тодорно. Олон хүний таамаглаж, бараг л итгэж байгаагаар талбайн эзэн бразилчууд зургаа дахиа аваргалж, алтан цом өргөнө. Харин энэ том тэмцээнийг зохион байгуулахад бразилчуудын өмнө тулгарсан бэрхшээлүүд хөлбөмбөгийн хорхойтнуудыг явсны дараа ч тэр чигтээ үлдэж магадгүй байна. ДАШТ-ийг эсэргүүцсэн анхны томоохон хөдөлгөөн өнгөрсөн оны зургадугаар сард өрнөснөөс хойш бразилчууд нэг л сэтгэл дундуур байх болжээ. Олонх нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээвэрт зарцуулах мөнгийг зугаа цэнгэлд зориуллаа хэмээн дургүйцэж байгаа бол багагүй хэсэг нь хөлбөмбөгт хайртай иргэдийнхээ сэтгэлээр “наадаж”, өөрсдөдөө хожоотой алхам хийсэн гэж эрх баригчдаа шүүмжилж байна.

Энэ удаагийн ДАШТ урьд байгаагүй хамгийн өндөр өртөгтэй нь бөгөөд Бразилийн эрх баригчид энэ тэмцээнд 11.5 тэрбум ам.доллар зарлагадаад байгаа. Цэнгэлдэх хүрээлэнгүүд нь л гэхэд сүүлийн хоёр ДАШТ-ий цэнгэлдэхүүдэд зарцуулсан нийт төсвөөс давсан их мөнгөөр босчээ. Үүний 3.6 тэрбум нь татвар төлөгчдийн мөнгө гэсэн мэдээ байна. Эх орондоо хөлбөмбөгийн домог гэгддэг, өдгөө парламентын гишүүнээр ажиллаж буй Ромарио де Соуза Фариягийн хэлснээр энэ удаагийн ДАШТ бол Бразилийн түүхэн дэх хамгийн том дээрэм юм. Ийм байхад бразилчууд хэдэн мянгаараа гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлэн, багш, жолоочоосоо эхлээд төрийн албан хаагчид нь хүртэл ажил хаях нь аргагүй. Энэ сарын эхээр явуулсан нэгэн санал асуулгын дүнгээр тэдний гуравны хоёр нь буюу 73 хувь нь улс орноо ДАШТ зохион байгуулаагүй бол дээр байсан гэж хариулсан бол арван хүн тутмын зургаа нь энэ тэмцээнийг Бразилийн нэр нүүрийг барсан ажил гэжээ.

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооныхон хүртэл тэмцээний зохион байгуулагчдад сэтгэл дундуур байна. Тус байгууллагын хоёр том албан тушаалтан тэмцээний бэлтгэлийг өмнөх бүх тэмцээний бэлтгэл ажлаас муу гэж дүгнэсэн бол Бразилийн эрх баригчидтай хэл амаа олох нь “тамын ажил” гэсэн удаатай. Энэ бүхэн юунаас болов? Шинжээчдийн үзэж байгаагаар Бразилийн эрх баригчид ДАШТийг зохион байгуулах эрхээр 2007 онд шагнуулахдаа дэндүү олон зүйл амлажээ. Тоглолтууд 12 цэнгэлдэх хүрээлэнд болно гэж тэд амласан ч тав нь одоо хүртэл бэлэн болоог үй байна. Сан-Паулу хот дахь тэмцээний гол цэнгэлдэх хүрээлэн өнг өрсөн арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан ч дээврийн ажил нь дуусахгүй байсаар өдий хүрэв. Болзошгүй аюул гарлаа гэхэд цэнгэлдэх хүрээлэнгүүдийн давчуу суудал дундуур хоёроос илүү хүн зөрөх зай алга. Гал сөнөөгчид цэнгэлдэх дотор нэг ч удаа бүрэн хэмжээний сургууль хийгээгүй. Төв цэнгэлдэх хүрээлэнг барих үеэр гурван ч ажилчин амиа алдсан. Харин ДАШТий бэлтгэл ажилд оролцож байхдаа амиа алдсан хүний тоо өнгөрсөн даваа гаригт наймд хүрэв. Сан-Паулу, Рио де Жанейро хотыг холбох хурдны галт тэрэгний 35 замаас тав нь л тэмцээний өмнө ашиглалтад оржээ. Тиймээс хөлбөмб өгийн хорхойтнууд тохилог метро, галт тэргээр биш автобус, таксигаар зорчих болж байна.

Харин энэ сарын эхээр Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русефийн нээсэн Сан-Паулугийн нисэх буудлын шинэ терминал гадаад, дотоодын ихэнх нислэгийн ачааллыг дангаараа үүрэх бололтой. Форталеза хотод нээгдэх байсан шинэ терминалын ажил 2017 он хүртэл хойшлогдоод байгаа. Энэ жилийн ДАШТ-ий үеэр бэлэн болно гэсэн бүтээн байгуулалтын бүх ажлын тэн хагас нь дуусаагүй бөгөөд тус улсад болох спортын дараагийн том арга хэмжээ “Рио-2016” зуны олимпийн наадмаас ч өмнө амжиж бэлэн болох янзгүй байна. Дуулиан шуугиан, эсэргүүцэл тэмцэлтэй энэ удаагийн ДАШТийг хэл ам багатайхан зохион байгуулахын тулд Бразилийн эрх баригчид тоглолт болох 12 хотод нийт 170 мянга гаруй цэрэг, цагдаа ажиллуулахаар болсон. Гэвч замын түгжрэл, ажил хаялт, гэмт хэргээс сэргийлж чадахгүй нь бололтой.

Сан-Паулу хотод өнгөрсөн долоо хоногт 300 гаруй км үргэлжилсэн замын түгжрэл үүссэн бол метроны ажилчид тэмцээний эхний тоглолт эхлэхтэй хамт ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлдэг Рио де Жанеро, Сан-Паулу хотын ядуусыг хотын зах руу албадан нүүлгэсэн нь хулгай дээрэм, танхайн хэрэг өсөхөд нөлөөлсөн гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. ДАШТ-ий балаг үүгээр дуусахгүй. Энэ бямба гаригт Англи, Италийн шигшээ багуудын “тулаан” болох Манаус хотод денге хэмээх халдварт халуун хумхаа өвчин дэгдсэн нь тэмцээний зохион байгуулагчдын санааг зовоож эхлэв.

Бразилийн Засгийн газар тус хотоос гадна Наталть, Форталеза, Ресифи хотод зорчих жуулчдад сэрэмжлүүлэг хүргэхээс өөр зүйл одоогоор хийж чадахгүй байна. Өвчний тархалт нэмэгдвэл эдгээр хотод хөл хорио тогтоож, тоглолтуудыг өөр хот руу шилжүүлж ч мэдэх юм. Энэ бүхнийг өршөөж үзэх нэг арга бий. Тэр нь энэ жилийн эхний хагаст огт өсөлтгүй гарсан эдийн засгаа сэргээж, нийтийн үйлчилгээний салбарынхны цалинг нэмэх. Тэгж байж л ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгуульд Д.Русеф нарын одоогийн эрх баригчид суудлаа хадгалж үлдэх боломжтой болно. Харин түүнээс өмнө Бразилийн шигшээ баг нутагтаа ялаадахвал уурссан олны сэтгэлийг жаахан ч атугай засаж чадах юм.


Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.