Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ СУББОТНИК БОЛГОЖ БОЛОХГҮЙ

 “Монгол хэлний “эрүү” гэсэн үгийг тайлбар тольд “хүн, амьтаны толгойн хэсгийн амнаас дооших хэсэг” гэхээс гадна “Гэмт хэрэг үйлдэгсдийг залхаах, гэмт хэрэгт холбогдогчдоос өчиг учрыг илтгэн гаргуулах ба цээрлүүлэхэд хэрэглэх банз, шаахай зэрэг хэрэглэл” хэмээн тэмдэглэсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь өөрөөр нь хүч хэрэглэн хүлээлгэхэд ашигладаг хэрэгслийг ийн нэрлэснийг бодоход Эрүүгийн хуулийг эрүүдэн шүүх, хүч хэрэглэн хэрэг хүлээлгэх хууль гэсэн утгатай нэртэй хууль байна гэж хэлж болох юм” хэмээн судлаач М.Чимэддорж бичжээ.

Үнэхээр ч “эрүүгийн ертөнц”, “эрүүгийн элемент”, “эрүүдэн шүүх” гэх ойлголтуудаас ухвал энэ үг тун ёозгүй. Тэгвэл эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийг шинэчлэн боловсруулж, Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хууль нэртэйгээр Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй. Өмнө нь өргөн барьснаа буцааж татсан төслөө парламентад дахин оруулж ирсэнтэй холбоотойгоор гишүүд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байгаа ч “хэлэлцье” хэмээн Байнгын хорооны түвшинд гар өргөөд байгаа. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа. Тэрбээр дээрх хуулийн төслийн хүрээнд МАН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч юм.

-Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг дутуу, дулимаг гэж голох гишүүн олон байсан. Гэхдээ дэмжлээ. Танай бүлгийнхэн ч дэмжсэн. Зарим гишүүний хэлсэнчлэн наад захын шаардлага хангахгүй байгаа бол төслийг санаачлагчид нь буцаах нь зүйтэй биз дээ?

-Нэг үеэ бодвол Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөлд дарагдчихаад байна. Энэ нь хуулийн төслүүдийн чанар сайнгүй байгаатай холбоотой. Төслөө татаж аваад дахин оруулж ирсэн нь ч сайнгүй л байна. Үүнд ганц Хууль зүйн яамныхныг буруутгах нь ч хаашаа юм. Ер нь л хүний нөөцийн чадавх нь алдагдчихаж. Шинэчилж байна гэсэн пи-ар нь давамгайлаад гадаадын хуулиудыг түргэн, түүхий орчуулах маягтай боловсруулаад байна уу даа гэж ажиглагдаж байна. Бид хэт хуучинсаг өнгөөр харж, шинэ зүйлийг нь олж харж чадахгүй байх вий гэж санаа зовох ч үе бий. Тиймээс гадаад, дотоодынхыг харьцуулж, салбарын судлаач, мэргэжилтнүүдийн үгийг сонсох гэж хичээж байна. Гэхдээ шинэлэг гэмээр зүйл ч байна.

Монголын хөрсөнд буух уу, үгүй юу гэдгийг нь нарийн тооцох шаардлагатай. Ер нь хуулийн шинэчлэлийг субботник болгож болохгүй. Энэ хуулийг хэлэлцэх, эсэхийг ярилцаж байхад Ц.Нямдорж гишүүн энэ хууль хэлэлцэх түвшинд хүрсэн үү, үгүй юу гэдгийг дүгнэлт гаргуулж байж хэлэлцэнэ гэсэн санал гаргаж байсан. Бусад гишүүн ч янз бүрийн санал хэлж байсан. Гэхдээ бид үүнийг Байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийдэж, дэмжсэн. Хэлэлцэх эсэхийг нь дэмжсэнд зарим хүн сэтгэл дундуур байгаа. Гэхдээ энэ бол нийгмийн захиалга. Уг нь одоогийн хуульдаа олигтойхон шиг нэмэлт, өөрчлөлт оруулаад явах хувилбар байгаа юм. Харамсалтай нь хууль санаачилагч нь үзэл баримтлалын хувьд шинээр оруулж ирсэн нь энэ. Энэ хуулийг хэлэлцэхдээ туйлын нямбай, хариуцлагатай хандаж, газар дээр нь ажиллаж байгаа прокурор, мөрдөн байцаагч, шүүгч, өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид, жирийн иргэдийнхээ саналыг сонсож байж, анхдугаар хэлэлцүүлэгт оруулах ёстой. Энэ бол хоёр чуулган дамжих нь дамжиггүй. Яагаад гэвэл зүйл болгоны цаана, хэсэг болгоны ард хүний хувь заяа бий. УИХын даргын захирамжаар юм уу, эсвэл Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах байх. Уг нь шаардлага хангаагүй хуулийг буцаах ёстой. Бүлэг бүлгээр нь зүйл зүйлээр нь Ажлын хэсэг тунгаана. Магадгүй долоо хоног бүр энэ хуулийг хэлэлцэх шаардлага гарах байх. Тэгж байж ирэх хаврын чуулганаар батлах болов уу гэсэн найдлага байна.

-Энд яриад байгаа холимог хандлага руу бусад улс орон хэр хошуурч байх юм?

-Хууль санаачилагчид нь дэлхий даяар ийм хандлагатай болж байгаа гэж ярьдаг юм. Гэтэл үүнийг эрүүгийн буюу нийтийн эрх зүйд зохимжгүй гэж өрнөдийнхөн хэлж байгаа.

-Таны хувьд өөлж, шүүмжлэх зүйл нэлээд байгаа бололтой. Ер нь одоо хийх гээд байгаа шинэчлэл зайлшгүй гэдэгтэй Та санал нийлдэг үү?

-Ардчилсан Үндсэн хууль баталсны дараа их олон хуулийг шинэчилсэн. Үүгээрээ эрх зүйн шинэтгэлийн барилгыг ямар ч гэлээ барьсан. Дараа нь 2002 оноос хойш шинэтгэлийн хоёр дахь үе шат эхэлсэн. Одоо гурав дахь нь явагдаж байгаа юм. Ингэж өөрчлөх шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ энд яригдаж байгаа төслүүдийн хүрээнд шүүмжлэлтэй хандах хэд хэдэн шалтгаан байна.

-Тухайлбал?

-Юуны түрүүнд үзэл баримтлалын талаас нь хэлье. Эх газрын эрх зүйн тогтолцоонд тулгуурласан тогтолцоог “холимог” нэрийн дор далайн буюу Англо-Саксоны эрх зүйн тогтолцоо руу шилжүүлэх оролдлого хийж байгаа юм. Ингэснээр тогтолцоо хоорондын зөрчил үүснэ. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд шүүгч үзэмжээрээ шийдэх бололцоог олгосон. Энэ нь юугаар илэрч байна гэхээр ялын хэмжээний интервалыг хол болгосон. Ингэснээр ижил төрлийн хэрэг үйлдэгчид нэг шүүгч нэг жил, нөгөө нь таван жилийн ял оноож болох нөхцөл үүснэ. Улмаар шүүгч хардуулж, сэрдүүлэхгүйн тулд тухайн тохиолдолд ялын дээд хэмжээгээр шийтгэх хандлага бий болох вий гэсэн болгоомжлол төрж байна. Хоёрдугаарт, шүүгчдэд хохирлын хэмжээ тогтоох давуу эрх олгосон. Одоогийн хуулиар хохирлын хэмжээний талаар Дээд шүүхээс тайлбар гаргадаг бол төсөлд ингэж бичмэл байдлаар хууль тайлбарлахыг болиулж, зөвхөн хэрэг маргааныг шийдвэрлэх явцад гарсан кейсүүдийг тайлбар болгон ашиглахаар заасан. Гэтэл бүх хэрэг Дээд шүүхийн хяналтын шатаар ордоггүй. Тэгэхээр өмнөх бүх тайлбар нь ердөө л судлагдахууны ач холбогдолтой болж байгаа юм. Гуравдугаарт, хуульд зааснаас аль болох доогуур ял оноох эрхийг шүүгчдэд олгосон. Дээр нь тэсэн харгалзах ялыг оноох эрхийг илүүтэй олгосон. Үүнийг сайн талаас нь харж, тайлбарлах нэг хэсэг бий. Гэхдээ энэ байдал хавтгайрвал олон хүн ял завших, цаана нь хохирогчдын эрх ашиг орхигдож болзошгүй.

-Шүүгчдэд бүхнийг даатгах хараахан болоогүй гэж хэлэх гээд байна уу?

-Монголын шүүгчдийн мэдлэг боловсрол, туршлага, ур чадвар хэргийг эрх зүйн соёлын өндөр түвшинд шийдэх хэмжээнд хүрсэн үү гэвэл эргэлзээтэй. Үүгээрээ би шүүгчдийг үгүйсгэж байгаа юм биш. Сүүлийн үед шүүхийн тогтолцоо, шүүгчдэд тавих шаардлага, тэдний нийгмийн баталгааны асуудалд Монголын төр онцгой анхаарч байгаа. Гэсэн хэдий ч хүссэн түвшинд хараахан хүрээгүй байгаа.

-“14 настай хүүхэд гэмт хэрэгтэн болох нөхцөл бүрдлээ” гэж ярих хүн олон байсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Энэ бол гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай ойлголт. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зөв томъёолсноор гэмт хэргийг зөв зүйлчлэх үндэс болдог. Үүнийг тодорхойлж чадаагүй. Зүгээр л гэмт хэргийн шинж гэсэн ерөнхий байдлаар томъёолсон. Ялангуяа хор хохирлын тухайд үзэмжээр голдуу шийдэх заалтууд орсныг тодотгох шаардлагатай. Шударга ёсны үүднээс адил гэмт хэрэг үйлдэгсдэд ойролцоо ял оноох ёстой. Гэхдээ харахад адилхан ч гэлээ хэргийг үйлдсэн хүний онцлогийг нарийн тусгах ёстой. Одоогийн хуулиар хүн амь, хүчин, дээрэм гэхчлэн ердөө тав, зургаан хэрэг дээр 14 настай хүүхэд гэмт хэргийн субъект байдаг. Гэтэл 14 наснаас эхлэн бүгдэд нь хамааруулан авсан. Энэ нь ердөө л Америкийн хуулийг хуулсан хэрэг. 14 настай америк хүүхэд 14 настай монгол хүүхдээс ялгаатай. Ингэснээр гэмт хэргийн тоо автоматаар нэмэгдэнэ. Мөн хуулийн этгээдийг гэмт хэргийн субъект болгож байгаа. Бид үүнийг шууд субъект болгохоос болгоомжилж ирсэн. Гадаад орнуудад байдаг шигээр хандаж болохгүй. Хуулийн этгээдийг экологийн гэмт хэрэг гэхчлэн цөөн тохиолдолд болгоомжтой хамруулах ёстой. Гэтэл хавтгайруулан субъект болгохоор төслийн хэд хэдэн хэсэгт оруулсан байна лээ. Хуулийн этгээдэд ногдуулах ял нь тусгай зөвшөөрлийг нь хасахаас эхлээд татан буулгах хүртэл байгаа юм. Тухайн хуулийн этгээдэд ажиллаж байгаа буруутай этгээдээс болж тэр байгууллага татан буугдахад хүрвэл цаана нь олон арван хүний амь амьдрал хөнд өгдөнө. Иймээс буруутай албан тушаалтан нь хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Зах зээлийн өрсөлд өөнт нийгмийн үед Эрүүгийн хуулийг ашиглаж нэг нь нөгөөгөө зайлуулах, шахах гэсэн буруу хандлага тогтох аюул нуугдаж байна.

-Гэхдээ суллагдах хүмүүс ч олон байгаа гэж Хууль зүйн сайд тайлбарлаж байсан.

-Суллагдах нэг хэсэг байхад олон хэрэг шинээр бий болж нэмэгдэх зүйл байгаа. Дээр нь энд “давтан” гэх зүйлийг байхгүй болгож байгаа. Тэгвэл нэг удаагийн хэрэгт л ял авдаг, дээр нь шүүгчийн үзэмж ордог юм чинь гээд хянан харгалзах авна гэж дахин дахин гэмт хэрэг хийх байдал нэмэгдэж болзошгүй.

-Ялын хэмжээ, төрлийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хохирлоо төлсөн, хохирогчтойгоо эвлэрсэн бол аль болох хорихгүй байх чигийг төсөлд тусгасан. Энэ нь мөнгөтэй хүмүүс хорих ял эдлэхгүй байх боломжтой гэсэн үг. Харин мөнгөгүй нь хоригдоно. Үнэндээ мөнгөтэй хүнээс мөнгө гаргуулах нь юу ч биш шүү дээ. Үүний оронд ийм хүмүүсийг хорих ч юм уу, ямар нэг байдлаар цээрлүүлж, төрийн төмөр нудрагыг мэдрүүлэн шийтгэдэг байх ёстой. Харин дөнгөн данган амиа авч яваа нэгнийг заавал хорих гэлгүй хэтэвчтэй нь ярьвал хамгийн том цээрлэл болж мэдэх талтай. Ял шийтгэл хатуу, зөөлөндөө биш, таарч тохирсон байх ёстой гэсэн том зарчим бий. Үүнийг Гэмт хэргийн хуулийн төсөлд олигтой баримталж чадаагүй. Түүнчлэн “зорчих эрхийг хасах” гэсэн ялын шинэ төрөл тусгасан. Үүнд эдийн засгийн нарийн тооцоо, судалгаа шаардлагатай. Одоогийн нөхцөлд манай улс электрон гав хэрэглэх хэмжээнд хүрсэн үү, үгүй юу. Ялангуяа хөдөө орон нутагт энэ нь бараг боломжгүй. Тэгэхээр энэ нь зөвхөн хот сууринд зориулагдсан ял болж ойлгогдохоор байгаа юм. Тэгээд ч үүнийг хувийн компаниар хийлгэх нь боломжтой юу. Түүнийг хянадаг том аппарат байгуулахад ихээхэн хөрөнгө шаардлагатай нь ч ойлгомжтой. Үүнийг 100 хувь үгүйсгэж байгаа юм биш шүү. Мөн хорих ялын доод хэмжээг долоо хоног болгосон нь анхаарал татаж байна. Үнэндээ ял л бол ял. Долоо хоног, долоон сар болно уу гэдгээс үл шалтгаалан гэмт хэрэгтний тоо дахиад л автоматаар өснө. Одоогийн хуулийн доод хэмжээ болох нэг сар гэдэг нь боломжийн хугацаа. Үүнээс гадна эд хөрөнгө хураах ялыг байхгүй болгосон. Ямар ч байсан хохиролгүй болгох арга хэмжээ авна гэж төсөл санаачилагчид нь тайлбарлаж байгаа ч цааш нь гүнзгийрүүлж авч үзэх шаардлагатай.

-Гэмт хэргийн хууль Зөрчлийн хуультайгаа хэрхэн уялдаж байгаа вэ?

-Тарчлаах, садар самуун гэхчлэн нэлээд олон гэмт хэрэг алга болсон. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг зөрчилд оруулан тооцож байгаа. Гэмт хэрэг, зөрчил хоёрыг салгаж үзэх аргагүй. Зөрчилд хэдэн ч удаа арга хэмжээ авч болно. Гэтэл ерөнхийд нь зөрчил гээд нэрлэчихээр юуны зөрчил вэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм. Тухайлбал, эрүүгийн хууль тогтоомж нь гэмт хэрэг ба зөрчлөөс бүрдэнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлагын нэг хэсэг болгосон гэсэн үг. Үндсэндээ гэмт хэрэг, эрүүгийн зөрчил гэж хоёр ангилах хэрэгтэй болж байгаа юм. Өнөөдөр үйлчилж байгаа 250 орчим хуульд байгаа захиргааны зөрчил цөм эрүүгийн зөрчил болж хувирч байгаа хэрэг. Тэрийг нь нэгтгээд Зөрчлийн хууль гэж нэгдмэл хууль болгож байгаа юм. Ингэж төрөлжүүлэн хуульчлах гэсэн санааг нь дэмжиж байгаа. Гэхдээ захиргааны зөрчил гэдгийг болиулаад ямар нь мэдэгдэхгүй еэвэнгийн тал шиг зүйл болгох гээд байгаа нь харамсалтай. Өнөөдөр 30 мянган гэмт хэрэг, 300-гаад мянган зөрчил гарч байна гэсэн ерөнхий тооцоо бий.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж улаан гэрлээр гарсан ч, олон нийтийн газар тамхи татсан ч эрүүгийн зөрчил болчих гээд байгаа юм. Ингэвэл Монгол эрүүгийн ертөнц болж хувирна. Гэмт хэрэг, эрүүгийн эрх зүйн, захиргааны зөрчил гэж ангилахаас өөр аргагүй. Нөгөө талаас Гэмт хэргийн хуульд ял шийтгэл орхигдсон. Гэмт хэрэг, ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс эрүүгийн эрх зүй бүрддэг шүү дээ. Зөвхөн үгээр хөөцөлдөх нь хэр зохимжтой байдаг бол доо. Гэмт хэрэг баймаар нь зөрчил, баймааргүй тусгай ангид орсон зүйл бишгүй байна. Тусгай ангийн зүйл, хэсэг болгонд байгаа шийтгэл, ялын хэмжээний тохироог нь нарийн гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүрэлдэхүүн нарийн байж гэмээнэ сая гэмт хэргийг зөв зүйлчилнэ. Буруугаа хүлээвэл ялыг нь төдөн хувиар хөнгөлнө гээд шууд механикаар заачихсан нь хүртэл тохиромжгүй байгаа юм. Жишээ нь, эцэг нь хүүхдээ тавь, жаран удаа хазсан нь тарчлаах гэмт хэрэг. Үүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан зөрчил гэж үзэхээр байгаа юм. Тэгж болохгүй. Давхар зүйлчлэгдэх ёстой.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.