Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.ТҮВДЭНДОРЖИЙГ ЦӨӨНХГҮЙГЭЭР САЙД БОЛГОЛОО

Нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 85 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томиллоо. Гэхдээ энэ нь хууль бус томилгоо болсон гэдэг гомдол Үндсэн хуулийн цэцэд очиж магадгүй бололтой. Учир нь энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлахын өмнө уг асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлт тавьсныг хуралдаан даргалагч Р.Гончигдорж хүлээж аваагүй юм. Энэ үндэслэлээ УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Хуульд зааснаар сайд томилох асуудлыг УИХ 30 хоногийн дотор багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл хугацаа дөхөж байгаа учраас өнөөдөр (өчигдөр) хэлэлцэхээс аргагүй” хэмээн тайлбарласан.

Харин цөөнхийн бүлгийн гишүүдийн хувьд “Хуульд зааснаар Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор завсарлага хүссэн бол түүнийг нь биелүүлэх үүрэгтэй. Үүнийг хуралдаан даргалагч үзэмжээр, эсвэл санал хураалтаар завсарлага авахыг шийдэхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тодоос тод заагаад өгсөн байгаа” гэж бүхэл өдрийн турш үг хэлсэн гишүүн бүр нь эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. Тиймээс эл асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах талаар хэд хэдэн гишүүн цухалзуулаад амжсан. Ингээд зогсохгүй тэд санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдэн танхимыг орхин гарцгаасан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох эсэхийг шийдвэрлэсэн санал хураалт ирцийн самбар дээр дөнгөж 40 гишүүнтэйгээр явагдав. Юутай ч “Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуульд заасан 30 хоногийн хугацаанд багтаан томилох ёстой хэмээн яарсан бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудалд яарсангүй” гэх шүүмжлэл бүтэн өдөржин нэгдсэн хуралдааны танхимд өрнөлөө. Хуульд зааснаар сайдыг огцруулах эсэх асуудлыг өргөн барьснаас нь хойш УИХ долоо хоногийн дотор шийдвэрлэхээр заасан байдаг ч хугацаа хэтэрч хоёр долоо хоногоор сунжирч байгаа билээ.


 Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.