Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАЙГАЛИЙН ХИЙН ХОЁР ДАХЬ “НАЙМАА”-НД БЭЛТГЭЖ БАЙНА

 Өнгөрсөн сарын сүүлчээр 400 тэрбум ам.долларын үнэ хүрэх хийн гэрээ байгуулсан ОХУ, БНХАУ-ын албаныхан байгалийн хийн дахин нэг гэрээ үзэглэхээр зөвшилцөж буй талаар АНУ-ын “Foreign Policy” сэтгүүл мэдээлжээ. Энэ талаар Орос, Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн өргөн хүрээнд бус ч товч, тодорхой мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Ивановын хэлснээр Хятадын хийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь удаан хугацаанд орхигдоод байсан дамжуулах хоолойн төслийг эргэж харахад хүргэсэн гэнэ. Харин ажиглагчдын таамаглаж буйгаар Барууны хоригоос болж хүндхэн байдалд байгаа Оросын эрх баригчид эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд зах зээлийн ханшнаас яльгүй хямд үнээр хятадуудад байгалийн хий санал болгосон бололтой. Алтай нэртэй шинэ дамжуулах хоолой Оросын алс баруун хязгаар Сибирийн бүс нутгийг Хятадын баруун хойд хэсэгтэй холбох аж.

Хятад иргэдийн хэрэгцээг Оросын байгалийн хийгээр хангах талаар Оросын “Газпром” болон Хятадын Газрын тосны үндэсний корпорацийнхан анх 2006 онд ярилцаж байсан ч, үнэ тохиролцож чадаагүйн улмаас 2008 оноос төслийг зогсоосон байна. Харин хоёр жилийн дараа дахин хэлэлцэж эхэлсэн ч өнгөрсөн сарын “мега” гэрээнд илүү анхаарал хандуулахын тулд өнгөрөгч онд бас л хойш тавьжээ. Батлагдаад удаагүй 400 тэрбумын гэрээнд заасан байгалийн хий дамжуулах хоолой Орос, Хятадын дунд тавигдах хийн хоолойнуудын зүүн бүсийнх нь юм.

Харин Алтай хоолойг баруун бүсийн хоолой хэмээн нэрлэж байгаа аж. Зарим тоймчийн бичсэнээр Алтай хоолойгоор Оросын байгалийн хий Хятад руу “урсаж” эхэлбэл энэ нь хойд хөршийн маань хувьд давуу тал, харин европчуудын хувьд “хар дарсан зүүд” биеллээ олсон хэрэг болох гэнэ. “Учир нь Барууны орнуудад хий нийл үүлж буй цагт оросууд европчуудаас их, бага алин боловч хараат хэвээр байх нь тодорхой” гэж тэд бичжээ. “Оросуудад шинэ түнш хэдий олон олдоно, төдий хэрээр барууны орнуудын хүч нөлөө олон улсад буурна” гэж “Foreign Policy” онцолсон байна.


Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.