Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монголчууд дэлхийн анхны төрт ёстой, анхны иргэншилтэй улс” гэж хэн ч бидний өмнөөс хэлэхгүй

Монголын Үндэсний ардчилсан нам үүсэн байгуулагдсаны найман жилийн ой энэ сард тохиож байгаа аж. 2006 онд Үндэсний шинэ нам нэртэйгээр байгуулагдсан тус нам 2011 оны аравдугаар сард дүрэмдээ өөрчлөлт оруулж, нэрээ Монголын Үндэсний ардчилсан нам (МҮАН) болгон өөрчилсөн байдаг.

Өчигдөр тус намын удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж, намын үзэл баримтлал, нам байгуулагдсанаас хойш хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, намын үйл ажиллагааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, гишүүний батлах, намын дүрэм, ном товхимлыг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Энэ үеэр тус намын дарга М.Энхсайхан “Үндэсний үзэл ба Монголын Үндэсний ардчилсан нам” сэдвээр лекц уншсан юм. “Мянган жилийн явдлыг нэг өдөр болсон мэт тунгаа” гэсэн Чингис хааны сургаалаар эхлүүлсэн тэрбээр “МҮАН 2006 онд байгуулагдсан үеэс үндэсний үзлийг сэргээх ёстой гэсэн санааг дэвшүүлж, шинэ цаг үеийнхнийгээ үндэсний үзлээр цэнэглэхийг хичээсэн.

Монгол Улс олон зууны түүх бүхий өөрийн гэсэн төрийн онолтой, төрт ёсны уламжлал тал дээр хүнээс зөвлөгөө авч, гаднын зөвлөхөөр заалгахааргүй ард түмэн. Улам бүр даяаршиж байгаа дэлхий ертөнц, дэлхийд тэргүүлэгч улс орнуудын баримталж буй үзэл санаанд уусахг үйн тулд бид төрөө түших ёстой. Өмнө нь хүмүүсээс “Монголын төр гэж хэн юм бэ” гэсэн хүнийрхэг хандлага цухалздаг байсан бол өнөөдөр “Монгол төр” гэж өөриймсөг ханддаг болж. Эргээд харахад олон нийтийн үзэл бодолд дэвшил гарч. Үүнд баяртай байгаа. Үндэсний үзэл, ардчилал хоёр бол нэг зоосны хоёр тал. Манай нам энэ найман жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлж, үндэсний үзлийг төлөвшүүлж, төрийг тогтвортой байлгах тал дээр улс төрийн бүх намтай хамтран ажиллаж, МАН-тай Үндэсний эв нэгдлийн, АН-тай Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарыг дэмжин ажиллаж байсан. Үүгээрээ МҮАН үндэсний үзлийг сэргээх, Монгол төрийг тогтвортой байлгах үзэл баримтлалаа биелүүлж явна.

Үндэстэн эвтэй байж, хүчирхэг төртэй болно. Хүчирхэг төртэй байж чадвал хүлээн зөвшөөрөгдөнө. “Монголчууд дэлхийн анхны төрт ёстой, анхны иргэншилтэй улс” гэж хэн ч бидний өмнөөс хэлэхгүй. Үүнийг бид өөрсдөө хийх ёстой. “Аливаа үндэстнийг устгая гэвэл сэхээтнийг нь устга” гэсэн барууны үг бий. Монголд сэхээтний хэлмэгдүүлэлт хэд хэдэн удаа явагдсан. Алтан ургийнхнийг манжууд бодлогоор устгаж байснаас хойш 1930 оны үед сэхээтн үүдээ дахин хөнөөсөн. Энэ бол хэлмэгдүүлэлт биш аймаглан устгалт байсан гэж би боддог. Үүнээс хойш арван жилийн давтамжтайгаар сэхээтний төөрөгдөл гэсэн томъёотой хэлмэгдүүлэлт явагдсан. Өнөөдөр Монголд сэхээтэн давхаргынхан бараг үгүй болсон. Үүнтэй хамт улс, эх орон, үндэстнийхээ гол эрх ашгийг бодож, үндэсний үзлийг ойшоож үздэг, гэгээрсэн хүн цөөрсөн. Шинэ цагийн сэхээтэнд тооцогддог хүмүүсийн тархийг гаднын үзэл бодлоор угааж байна. Ингэж хуулийг нь бичиж өгч, шинэчлэх, баялгийг эзэмших, цаашлаад үндэсний эрх ашгийг аажмаар бөхөөх үйл явц өрнөөд цөөнгүй жил боллоо. Улс төрийн болон эдийн засгийн алуурчид шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож, засаглал тогтоохдоо хүний үзэл бодлыг төөрөлдүүлдэг. Жишээ нь, төлөвлөгөөт эдийн засаг бол социализмын, хоцрогдсон арга барил.

Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх нь хөгжилд нэмэртэй гэдэг. Угтаа бол аль аль нь хэрэгтэй. Зах зээлийн эдийн засгийг ч ялгаагүй төлөвлөж байж бодитоор хөгжүүлнэ. Яг өнөөдөр манай хүн амын дунд мэдлэгийн урвуу тогтолцоо бүрдсэн. Бодит цогц мэдээлэл нь “глобал эзэн” буюу бодлого тодорхойлж байгаа гаднынханд байна. Харин манай дээдсүүд “сарнимал, энгийн иргэд нь “алаг цоог” мэдээлэлтэй байгаа. Мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг ийм хэмжээний мэдлэгийн түвшин төрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлнө. Тиймээс МҮАН үйл ажиллагаагаа либерал хандлагыг хязгаарлах, туйлшралаас гарах гарцыг бий болгох, үндэсний ухамсрыг сэргээх, эв нэгдлийг бэхжүүлэх, төрийн үзэл суртлын үндсийг тавих алхмаа улам идэвхжүүлнэ” гэсэн юм.


 Д.ЦАХИМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.