Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨӨДРӨГ ҮЗЭЛ НЬ Н.БАТБАЯР САЙДЫГ АВРАХГҮЙ

 “Алтныхан Н.Батбаярыг хамгаалж байна”, “АН-ын бүлэг сайдаа авч үлдэхээр болжээ”… мэдээлэл хөвөрнө. АН-ын удирдлагуудын түвшинд Засгийн газрыг ямар ч хамаагүй аргаар бүтэн байлгах ажиллагаа өрнөж байна. Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авах 100 хоног дуустал Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжоор хангахаа тэд мэдэгдсэн.

Төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өсөж, үнэ дээшилж, амьдрал доошилсны бурууг сөрөг хүчнийхэн Эдийн засгийн хөгжлийн сайдаас эрж, түүнд хариуцлага тооцох тогтоолын төслийг өргөн барьсан юм. Эдийн засгийн байнгын хорооны уржигдрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдсэнгүй.

ХАРИУТАЙ БОЛ БАРИУТАЙ

Эдийн засгийн байнгын хороогоор түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх өдрийн буюу энэ сарын 4-ний хэвлэлүүдээр “Алтныхан Н.Батбаяр сайдыг хамгаалж байна” гарчигтай төлбөрт материал гарсан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, “Урт нэртэй” хуулиас үүдэлтэйгээр алт олборлогчдын үйл ажиллагаа хумигдаж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс буурсан. Нэг ёсондоо алтны салбар дампуурахад хүрч байсан үе бий. Жилд 25 тонн алт тушаадаг байсан нь гурван тонн хүрэхг үй шахам болж буурахад УИХ-аас баталсан алдаатай хууль нөл өөлж байсантай маргахгүй. Тэгвэл 68 хувийн татварын хуулийг санаачилсан Н.Батбаяр гишүүнээс тэд бурууг зайлуулж, “Уг нь зэсэн дээр л тогтоосон татвар. Гэтэл тухайн үеийн сөрөг хүчин алтанд хамруулж тогтоосон” гэжээ. 2004-2008 онд МАН олонх, АН цөөнх байсныг Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон мартсан бололтой. Уналтад орсон салбар сэргэхэд алтны роялтийг 2.5 хувь болгож бууруулах, мөн 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг санаачлан гаргуулсан Н.Батбаяр сайд гавьяатайг тэд онцолжээ. Тиймээс хийсэн ажлаа үргэлжлүүлэх ёстой, огцруулахыг дэмжихгүй гэсэн байна лээ.

Эдийн засгаа өөд татах зорилгоор Засгийн газар дээрх шийдвэрүүдийг гаргасан. Үүнд Н.Батбаяр сайдын хичээл зүтгэл орсон байж болно. Гэхдээ тэр бол зөвхөн алтны салбарын биш, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд. Олон нийт асуудалд өргөн хүрээгээр хандаж, бусад салбарт ахиц гарч чадсан уу гэдгээр түүний ажлыг дүгнэж байгаа. Өөрсдөд нь 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон болохоор тэд сайдыг өмөөрч, төлбөрт нийтлэл гаргуулсан уу, “Би та нарт тусалсан. Одоо намайг хамгаал” гэж нөгөөх нь үүрэгдсэн үү. Ашиг сонирхлын зөрчилтэй, “хамгаалах ажиллагаа” хариутай бол бариутай гэдгийг сануулаад авав. Бас өөрийгөө өмгөөлөх хоосон PR болж харагдаад буй юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: ШИНЭ ЯАМ БАЙГУУЛААД ҮР ДҮН ГАРСАНГҮЙ

Сангийн сайд болох нь УИХын гишүүн Н.Батбаярын мөнхийн мөрөөдөл байлаа. МАН олонх болж, АН-тай хамтарсан он жилүүдэд түүнд энэ сэнтийд суух боломж олдоог үй. 2012 оны сонгуульд нам нь олон суудал авч, олонхийг бүрдүүлэхэд ч “Шударга ёс” эвсэлд Сангийн сайдын алба ногдсон. Гэхдээ түүний мөрөөдлийг нам нь биел үүлж, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулан сайдаар нь томилохдоо мөр өөдлийн ажлаа сайн хийж чадна гэдэгт итгэсэн. Гэвч эдийн засаг сайжирсанг үй. Төрийн тэргүүн хүртэл үүнийг онцлов. Тэрбээр телевизэд ярилцлага өгөхдөө “Шинэ яам байгууллаа гээд эдийн засаг хөгжихгүй байна. Ерөнхий сайд ажил хийж чадахгүй байгаа сайд нараа өөрчлөхөд болохг үй юмгүй. Үүнийг ч өөрт нь хэлсэн. Монголын хамгийн чухал асуудал бол эдийн засгийн хөгжил. Би зарим сайдыг дуудаж, өргөдлөө өгөх цаг чинь болсон гэж хэлсэн” хэмээн ярьсан байна лээ. Сөрөг хүчний байр суурьтай Ерөнхийлөгч санал нэгдсэн нь энэ. АН дотор ч М.Батчимэг, Ж.Батзандангаас эхлээд “Ажил нь явахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцох нь зөв” гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байна. Гэвч “100 хоног дуустал Засгийн газрыг тогтвортой ажиллуулна” гэсэн намын шийдвэр, эрх ашиг нь тэднийг “дараад” байгаа бололтой.

ИРЦИЙН БОЙКОТ

М.Батчимэг, С.Одонтуяа, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын эмэгтэй гишүүн Шведэд, Сү.Батболд АНУ-д, Ц.Баярсайхан Сингапурт томилолттой яваа. Бусад нь буюу 90 хувь нь ажлаа хийх учиртай. Гэтэл Байнгын хорооны хуралдаан ирцгүйгээс болж хойшилсныг “АН-ынхан ирцээр бойкотолжээ” гэж хардахад хүргэв. Тэд хамгаалах арга хэмжээгээ авч, цаг хожиж буй нь энэ. Олонхийг бүрдүүлж буй “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд дотор ч Н.Батбаярыг огцруулах нь зөв, буруу гэсэн талцал үүсчээ. Сайд огцруулах асуудлыг Байнгын хороогоор ажлын долоо хоногт шийдэх ёстой атал ирцээ бүрдүүлэхгүй байгаа АН-ынхныг Цэцэд өгнө хэмээн О.Баасанхүү гишүүн мэдэгдсэн байна лээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзнэ гэж байсан тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Н.Батбаяр сайдыг огцруулах асуудалтай давхцаад, улс төрийн зорилготой мэт харагдах гээд буй учраас хойшлуулсан” хэмээн тайлбарласан. Мөн тэдний гишүүдээс олон хүн гадаад, дотоодод томилолттой яваа учраас ирэх долоо хоногт л чухал асуудлаа ярих гэнэ.

Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр бол Г.Уянгаас бусад нь байгаа мэт. Тэгэхээр ирцээр бойкотлох ажиллагаанд “Шударга ёс” эвсэл ч оролцож буй байх нь. Тэдний сайд нар Засгийн газарт ажилладаг учраас тогтвортой байдлыг хангах хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Сөрөг хүчнийхэн Н.Батбаяр сайдыг эдийн засгийн мэдлэггүй, чадваргүй хэмээн шүүмжилдэг. Уг нь тэр 1983 онд Москвагийн Эдийн засаг-статистикийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Гэхдээ ажил хийхэд зөвхөн диплом хангалтгүй. Түүний гал тахиж, тэнгэртэй “ярилцдаг” нь ч сонин биш. “Муу юм бүү ярь, бүр бүү бод” гэсэн өөдрөг зарчим нь ч аврахгүй. Зөв бодлого гаргаж, зөв зохион байгуулж ажиллах чадвар л чухал. Иргэдийн амьдрал сайжирч, улс орон хөгжин дэвжиж байгаа, үгүйгээр л түүний ажлын бодит үр дүнг хэмжинэ. Төр, засаг тогтвортой ажиллах нь чухал. Гэхдээ ажиллаж чадахгүй байгаа хүмүүсийг амь тавин хамгааллаа гээд өмнөх хоёр жилд гараагүй үр дүн үлдэж буй 70 хоногт харагдах болов уу даа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.