Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГААС ЖИЛ ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 Т.Энхжаргал авьяаслаг дугуйчин гэдгээ батлан харууллаа. Өнгөрс өн жил Энэтхэгт болсон тивийн АШТ-д түрүүлсэн тэрбээр 2014 онд Казахстаны Астана хотноо зохиогдсон Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 41 орны тамирчин ойрын болон холын зайд эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн есөн төрөлд өрсөлдсөн юм. Манай аварга эмэгтэйчүүдийн цуваа гараатай 28 км-т дээрх амжилтыг гаргасан билээ.

“Дели-1982” Азийн наадмаас дугуйн спортын ОУХМ Ц.Ганболд анх мөнгөн медаль хүртэхдээ 22 настай байжээ. Тэгвэл ахынхаа араас замнасан Энхээ охин 2013 онд Энэтхэгт очиж уралдаад аваргалсан, энэ жил гуравдугаар байр эзэллээ. Тэр өдгөө 22 настай. 22 насандаа жил дараалан медаль зүүж чадлаа. Азийн АШТээс өмнө нь Ж.Өлзий-Орших гавьяат хүрэл, өсвөр насанд Х.Ууганбаяр мөнгөн медалиар энгэрээ мялаасан түүхтэй.

Түвшинжаргалын Энхжаргал спортын шинэ цэрэг биш. Талбайн теннисний секцэнд анх бүртгүүлж, улмаар усанд сэлэлтээр хичээллэн, далайн гахайн сэлэлтийн төрөлд улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа эвдсэн тэрбээр триатлонд ч бас хүч сорьсон билээ. “Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпийн эрхийг энэ төрөлд авч, “Арслан” хотод ирээдүйн шилдгүүдтэй өрсөлдөж явахдаа тэр хожмын нэг өдөр дугуйн спортоор том тэсрэлт хийнэ гэж төсөөлсөн болов уу? “Төмөр хүлэг”-ийн нуруун дээр бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж буй хоёр жилийн хугацаанд тивийн аваргаас хос медаль зүүнэ чинээ бодсон бил үү.

Дугуйгаар дагнан хичээллэхээс өмнө тэр спортоос жил шахам хөндийрөөд байсан юм. Энэ үедээ л Т.Даваатогтох багштайгаа уулзсанаар тамирчны замналаа үргэлжлүүлэх боломж бүрджээ. “Амжилт гаргахыг хүсэж байна уу” хэмээн асуусан багш нь “Хэн, хэндээ итгэж, нэг зорилгын дор бэлтгэл хийе” гэсний дагуу 2012 оны хавар дугуйгаар дагнан хичээллэсэн байна. Жилийн хугацаанд МБАТС болон УАШТ-д түрүүлж, спортын мастерын болзол хангалаа. Ийм амжилт үзүүлж явахад түүний толгойд Азийн аварга болно гэсэн бодол төрөөгүй нь үнэн. Гэтэл дугуйчин болсноос хойш ердөө найман сарын дараа тивийн аварга болж, хоёр жил хүрэхгүй хугацаанд хүрэл медаль хүртлээ.

Ноднингийн Азийн аваргаар тодорсон “битүү морь” Энхээ Азийн АШТ-ий мөнгөн медальт, Японы дугуйчин хийгээд тивийн аварга, залуучуудын ДАШТ-ий медальт, трекийн ДАШТ-д хоёрдугаар байр эзэлсэн хонконг охиныг ардаа орхиж чадсан. Хэний ч таамаглалд өртөөгүй монгол охин харин 2014 онд мэргэжилтнүүдийн тооцоонд хамгийн түрүүнд багтсан нь мэдээж. Энэ жил тэр гуравдугаар байр эзэлчихлээ. Тивийн аваргын шагналын тавцангаас буугаагүйнх нь төлөө түүнд баяр хүргэх хэрэгтэй. Монголын дугуйчид 56 жилийн түүхэндээ тивийн тэмцээнүүдээс хэдэнтээ медаль хүртсэн. Тэдгээрийн өнгийг өөрчилж, тэргүүлэгчийн байр сууринд эх орныхоо нэрийг гаргах хувь зохиол Энхжаргалд л заяасан. Тэгвэл 57 жилийн түүхэнд тэр хос медальтнаар тэмдэглэгдэж байна. Азийн аварга болчихоод “Боломжгүй зүйл гэж байдаггүй. Би ирээдүйгээ олж харж чадлаа. Үүний тулд сэтгэл санаа, зорилго минь зөв байх ёстой. Өндөр амжилт гаргавал би олны танил болно, хүмүүс гарын үсэг авах гэж дугаарлана гэж явцуугаар бодвол амжилт зогсоно” хэмээн хэвлүүхэн ярьж билээ. Харин хошой медаль зүүсний дараа ямар бодол төрсөн бол?

Түүний амжилт богино хугацаанд гардгаараа онцлог. Дугуйн спортоор хоёр сар эрчимтэй бэлтгэл хийсний дараа МБАТС-д түрүүлэхдээ Өлзийсолонго, Солонго, Орхон зэрэг мундаг эгч нарынхаа өмнүүр хөндөлссөн юм. Тэрхэн үед “Бурхан надад жаахан ч гэсэн авьяас заяаж дээ” гэсэн бодол төрж.

Тэр спортын бага биш их авьяастай. Ээж нь охиноо теннисний дугуйланд бүртгүүлсэн тэр л үеэс спортын авьяас нь хөгжсөн. Тэр үед Энхжаргал зургаан настай байлаа. Теннисээр таван жил хичээллэхдээ өсвөрийн улсын аварга болж амжжээ. Дараа нь усан спортыг сонирхож, улсын аваргаар хэд хэдэн удаа тодорч, улсын дээд амжилт тогтоосон байна. Цалингүй мөртлөө, хөлөө гэмтээчихээд байхдаа ч таяг тулан, шавь нарынхаа төлөө ирдэг байсан усны Зоригоо багшаа тэр хэзээ ч мартдаггүй. 2007 онд сэлэгчид бэлтгэл хийх газаргүй болсон учраас спортоо орхиход хүрсэн тэр үед триатлоны спорт Монголд дэлгэрч, Н.Наранбат багшийнхаа шавь болжээ. Магадгүй тэр триатлонтой нөхөрлөөгүй бол спортыг үүрд орхих байсан ч юм бил үү. Энэ төрлөөр хоёр жил хичээллэх хугацаандаа дугуйн анхан шатны мэдлэгтэй болсны сацуу “Сингапур-2010”-ын эрх авч, залуучуудын олимпод оролцсон билээ. Тэрбээр хичээллэсэн спорт бүхнийхээ анхдагч нь байж чаддаг.

 

Б.ӨЛЗИЙТОГТОХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.