Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТҮҮХ СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ 1500-ГААД БҮТЭЭЛИЙГ ХАЙЖ БАЙНА

 

Түүх, соёл, археологи, палеонтологийн хосгүй үнэт зүйлс, урчуудын дахин давтагдашгүй бүтээлүүд сувдаг сэтгэлтнүүдийн гараар орж, харийнхны нүдийг хужирладаг болсоор удлаа. Гэмт хэрэгтнүүд эх орныхоо түүх, соёлын дурсгалыг тонохдоо гадаадынхны гар хөл болох нь олон. Зарим нь бүр нарийн зохион байгуулалтад орсон олон улсын сүлжээнд элссэн байсан. Тухайлбал, Тарбозавр Батаар болон үлэг гүрвэлийн бусад олдворыг хилээр гаргахад манай иргэд Япон, БНСУ, Англи, АНУ-ын арилжааны палеонтологич нэртэй үлэг гүрвэлийн ясны наймаачидтай харилцаж, олон улсын мөнгөн гүйлгээ ашиглаж хил гаргасныг манай цагдаагийнхан тогтоож, үлэг гүрвэлийн яс Монголынх гэдгийг баталж, эх орондоо авчраад буй билээ. Ингэж харийнхны гар хөл болж, түүх, соёлын дахин давтагдашгүй зүйлсийг хилээр гаргаж, ирээдүй хойчоо өөрийн гэсэн түүх, соёлгүй болгоход оролцож буй хүмүүс нь монголчууд бид өөрсдөө.

Өндөр гэгээн Г.Занабазарын урласан бүтээлүүдийг хятадуудын захиалгаар хулгайлахыг завдсан, Эрдэнэзуу, Үндэсний музейн сан хөмрөгийг нь хариуцаж байсан хүмүүс хулгайлж, хилээр гаргаж өгч байсан гээд өмнөд хөршийнх өн болон тэдний гар хөл болсон ченж нэртэй луйварчдын оролцоотой хэрэг удаа дараа гарч байна. Хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хэд хэдэн айлын бурхан тахилыг хулгайлж дээрэмдсэн хэрэг гарсан ч одоо болтол шийдэгдэхгүй, хэргийн холбогдогчид нь батлан даалтад байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол бий. Тэд Уртцагаанд байдаг нэгэн ченжийн захиалгаар бурхан тахил хулгайлж байсан гэдэг.

Үндэсний музейгээс 1000 гаруй эд өлгийн зүйлийг тус музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Энхбат хулгайлж, зарснаас тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан. Өөрөө ял эдэлж буй ч хохирлыг барагдуулаагүй. Тус музейгээс алга болсон зүйлсийг цагдаагийн байгууллага орон даяар эрэн сурвалжлахын зэрэгцээ Интерполд хандаад байгаа.

Зөвхөн Үндэсний музейгээс алдсан 1000 гаруй эд зүйлээс гадна Эрдэнэзуугаас алдагдаж, хятадуудаар яг ижлийг дуурайлган хийлгэсэн 21 бурхныг ч хайж буй. Түүнчлэн Дундговь аймгийн Цагаандэлгэр сум дахь Баруун Чойрын хийдээс хулгайд алдсан Г.Занабазарын урласан Цагаан дарь эх, Говь-Алтай аймгийн музейгээс хулгайлсан 200 кг жинтэй бурхныг олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн.

Манай улсын түүх, соёлын үнэт өвд бүртгэлтэй 1500-гаад бүтээлийг Интерполтой хамтарч манай ЭЦГ-ынхан эрэн сурвалжилж байна.


 

Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.