Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“350.6 сая ам.долларын санхүүжилт хийх бэл бэнчин төрд байна уу”

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Эл төслийг өмнө нь буцаасан. Сая оруулж ирсэн төсөлд тодорхой саналууд бий ч хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж мэдэхээр байна” хэмээн шүүмжилсэн. Мөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Хуулийн орчныг муутгахг үй байх нь чухал. Төсөлд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийнэ гэж заасныг сайтар бодох хэрэгтэй” гэж анхааруулав. Энэ мэт шүүмжлэл байсан ч гишүүдийн олонх нь дэмжиж, төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулан, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сонгосон юм. Мөн Бельгийн вант улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ. 6.4 сая еврогийн санхүүжилттэй тус төслийг хэрэгжүүлснээр эмч нарын ур чадвар дээшлэхийн зэрэгцээ баруун бүсийн иргэд орон нутагтаа оношлуулж эмчлүүлэх боломж бүрдэх аж.

Төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүд гараагүй тул дэмжин, санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг санал, дүгнэлтээ бэлэн болгоогүй тул дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулав. Харин Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар “хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжив. Хэлэлцүүлгийн үеэр УИХын гишүүн Д.Батцогт МАК бол муу ч, сайн ч үндэсний компани. Өөрийн хөрөнгөөр бүх эрсдэлээ үүрээд ирсэн байхад төр 34 хувийг нь авч болж байгаа юм уу. Үүний оронд Засгийн газар үндэсний компаниа дэмжих ёстой юм биш үү” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “34 хувьд ногдох 350.6 сая ам.долларын санхүүжилт хийх бэл бэнчин төрд байна уу. Энэ бол асар их мөнгө. Эх үүсвэрээ бодолцсон юм уу. Өрийн хязгаарыг давчих юм биш үү. Хоёрдугаарт, Цагаан суваргын ордыг хэчнээн жил ашиглах боломжтой юм бэ. Хэчнээн хэмжээний татвар цуглуулах талаар тооцоолсон уу” хэмээн тодруулсан.

“Ийм эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулах шаардлагагүй, хойшлуулъя” гэх гишүүн ч байсан. Харин Уул уурхайн сайд эл асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Тэрбээр “Хуульд заасан заалтын дагуу тус ордод төр 34 хувь эзэмшихээр төсөл оруулж ирсэн” гэсэн хариулт өгч байлаа. Түүний хэлж буйгаар 350.6 сая ам.долларыг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэхээр төлөвлөжээ. Холбогдох хүмүүсийн тайлбарласнаар тус ордыг 16 жил ашиглах боломжтой бөгөөд энэ хугацаанд 11 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт дөрвөн их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэх гэнэ. Үүний тал нь роялтийн татвараас бүрдэнэ. Мөн хөрөнгө оруулалтын зардлаа 6.6 жилд нөхнө гэв.


Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.