Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Оюунхорол: Хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавина

 УИХ дахь МАН-ын бүлэг улс оронд үүссэн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдралыг доройтуулах байдалд хүргэсэн албан тушаалтнуудад 10 хоногийн хугацаанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан билээ.

Уг шаардлагын хариуг нэхэж өнөөдөр албан бичиг явуулсан бөгөөд бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж, хариуцлага тооцох асуудлыг энэ долоо хоногт албан ёсоор тавина гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ.

    Өрийн дээд хязгаарыг өсгөхийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн юм. Мөн Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаар мэргэжилтнүүдийн санал, байр суурийг сонслоо.  Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өмнөх 22 жилд бий болсон 2,2 тэрбум ам.доллараас давсан өр зээлийг үүсгэсэн нь анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байна. Манай улс өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл хуульгүй өнөөг хүрсэн. Энэ ч үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг буруу гэж үзэхгүй байна. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг 90 хувь болгон нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжихгүй гэдгээ дахин албан ёсоор мэдэгдэж байна. Түүнчлэн МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эхний ээлжинд хэлэлцсэний дараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.

   Сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулахыг дэмжихгүй 

Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд салбарын сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулж төсвийг зарцуулахаар тусгасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь энэхүү зохицуулалт нь тендер шалгаруулалтын ил тод, хариуцлагатай байх үндсэн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний ашиг сонирхлоос шууд хамааралтай, шударга өрсөлдөөнийг боомилсон, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх боломжийг хязгаарласан, зөвхөн цөөн тооны томоохон аж ахуйн нэгжийг дэмжиж, зах зээлд олигополийг төрүүлэхэд чиглэжээ. Сайд салбарын бодлого тодорхойлох чиг үүргээсээ илүү тендерийн үйл ажиллагаанд түлхүү оролцох нь салбарын яамны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Түүнчлэн энэ хуулийн төсөл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчныг дордуулж, олон улсын туршлагаас ухарчээ. Худалдан авах ажиллагааны нээлттэй тендер шалгаруулалтын журмыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, дэлхий нийт өөр өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байна. Манай улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага бий болсноор Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг 100 хувь, аймаг, нийслэл 20 хүртэлх хувийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нөгөө талаар шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор явуулах” зорилттой зөрчилдсөн, Засгийн газар дэвшүүлсэн бодлого, зорилтоосоо ухарсан хуулийн төсөл болсон гэж үзэж байна. 

Гэмт хэргийн тухай төслийг сайтар судлах ёстой гэж үзлээ            

Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн тухайд одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг шинэчлэх нэрийдлээр Монгол Улсыг "шоронжуулах" бодлого харагдаж байгаа тул нухацтай хэлэлцэж, засч сайжруулах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Тухайлбал, одоогийн Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг 16-аар тогтоосон. 14-16 хүртэл насны хүүхэд бусдыг санаатай алах, танхайрах зэрэг цөөн тооны хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Түүнчлэн 18 нас хүрээгүй хүүхэд анх удаа гэмт хэрэг үйлдвэл ял шийтгэхгүй хүмүүжлийн арга хэмжээ авдаг хуулийн заалт ч бас байдаг. /Эрүүгийн хуулийн 21.2, 21.3/ Гэтэл Гэмт хэргийн тухай хуулийн төслөөр 14 насанд хүрсэн л бол тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна.            

Мөн энэ хуулийн төслийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт "Хуулийн этгээдэд ял оногдуулах" гэж шинэ бүлэг оруулжээ. Хэрэв хуулийн төсөл энэ чигээрээ батлагдаж мөрдөгдсөн тохиолдолд аж ахуйн нэгжүүд санаатай, санамсаргүй үйлдэл эс үйлдэхүйгээс болж олноороо эрүүгийн хариуцлагад татагдаж, үүнээс шалтгаалж үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулах, татан буугдахаар болж байна. Тиймээс хуулийн төслийг дахин судлах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ.   Үүнээс гадна МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нарийвчлан судлах шаардлагатай гэдэгт байр суурь нэгдлээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хараа хяналтаас гадуур ашигт малтмалын лицензийг сайд, агентлагийн дарга захиран зарцуулахыг зөвшөөрөхгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.