Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“УРГАХ НАРАН” хорооллын асуудал толгойны өвчин болжээ

 “Урган наран” хорооллыг анх­наас нь ямар ч дэд бүтцийн  төлөвлөлтгүй барьснаас болж,  одоо хэр нь асуудал дагуулсаар байна.  Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах тус  хорооллын есөн байранд 432 айл өрх буюу  1728 хүн амьдарч буй. Жилийн жилд асуудал  дагуулдаг уг хорооллын дэд бүтцийг  шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд  өчигдөр зөвлөлдлөө. Баянзүрх дүүргийн  Засаг дарга П.Пүрэвдаваа нөхцөл байдлыг танилцуулсан юм. Өнгөрсөн жилийн  арваннэгдүгээр сард бохир ус зайлуулахад  зарцуулах санхүүжилтийг шийдвэрлээгүй  тул тус хорооллын бохирыг зөөвөрлөхөө  больсноос тэр хавийн ес орчим га газарт  бохир ус халин мөстөж, томоохон асуудал  үүсгэсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн  тулд тухайн үед нийслэлийн төсвөөс 300 сая  төгрөг гаргаж өгсөн байна. Гэсэн ч бохир ус  зөөж тээвэрлэхэд 82.7 сая төгрөгийн илүү  зардал гарснаас гадна энэ жилийг дуустал  зөөнө гэвэл 457.1 сая төгрөгийн санхүүжилт  шаардлагатай гэнэ. Тус хорооллыг 2010  онд ашиглалтад оруулснаас хойш бохирыг  нь “Маргад Монгол” гэх хувийн компани  зөөж байгаа. Нийслэлийн удирдлагуудаас  өмнө нь зөөсөн бохирын зардал болох 400  гаруй сая төгрөг болон энэ оныг дуустал  зөөвөрлөх дээрх мөнгийг нэхэж байгаа юм.  

Нийслэлийн удирдлагууд тус хорооллын  асуудал хэрээс хэтэрч байгааг онцлоод  “Бохироо зөөдөг олон орон сууц байдаг.  Яагаад зөвхөн энэ хороолол ийм асуудалтай  байгаа юм. Тухайн үеийн нийслэлийн  удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй.  Шүүхээр шийдвэл таарна” хэмээцгээв.Үүний хариуд Баянзүрх дүүргийн Засаг дарга “Цаашид энэ хорооллын асуудлыг  дүүргээс анхаарахгүй” гэж хэлсэн нь дарга  нарын бухимдлыг улам төрүүлэв. Гэсэн  ч хэн хариуцлага үүрч, ямар арга хэмжээ  авах талаар дорвитой шийдэлд хүрсэнгүй.  Ямартай ч тус хорооллын инженерийн  шугам сүлжээг шийдэхээр Ажлын хэсэг  байгуулахаар болов.

Тэгвэл хурал дууссаны  дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга  “Маргад Монгол” компанийн захиралд  асуудал нэг тийш болтол ирэх сарын  1­нээс бохирын ус зөөх ажлыг зогсоохыг  даалгасан юм.  Дахиад л “Ургах наран” хорооллын бохир гадагш хальж, нийслэлийн төсвөөс  ахин 300 сая төгрөг чангаах бололтой. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.