Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НӨХӨРЛӨХ ШАЛТГААН

Украины хямрал даамжирч, Орос улс АНУ,  Европын холбооны хоригт “нэрвэгдээд”  байгаа энэ үед барууны орнуудтай  хэзээнээс зайнаас харилцаж ирсэн БНХАУ,  ОХУ-ын эрх баригчид хоорондоо ойр дотно  хамтран ажиллахын чухлыг урьдынхаасаа илүү  мэдрээд байна. Ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путинд найз нөхдийнхөө хүрээг  тэлэх шаардлага бий болоод байгаа. Ийм  чухал үед Кремлийн тэргүүн Шанхай хотод  болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг  бэхжүүлэх хуралд оролцохоор Хятадад очоод  байна. Тэрбээр мягмар гаригт БНХАУ-ын дарга  Си Зинпинтэй уулзахдаа “Хоёр орны харилцаа  шинэ түвшинд хүрлээ” гэж онцолжээ. 

Энэ үгийг дипломат харилцааны “уншлага”  болсон, байдаг л нэг эелдэг үг гэж санавал  эндүүрэл. БНХАУ, ОХУ-ын харилцаа өнгөрсөн  20-иод жилд ердийн найрсаг харилцаанаас бараг  л халиагүй гэхэд болно. Хүйтэн дайны үеэс  улбаатай хилийн маргаан, үзэл суртлын ялгарал  зэргээс үүдэн үл итгэлцэл гэдэг хоёр орны  харилцааг тодорхойлсоор уджээ. Харин тэр бүх  шарх цагийн аясаар аньж эхэлснийг дээрх үг  нотолно. Айлчлалын өмнөхөн В.Путин Хятад  улсыг Оросын итгэлт анд хэмээсэн нь хоёр улс  олон улсын тавцанд ганцаардаж эхэлсэнтэй мөн  холбоотой. 

Украины хямралаас болж Оросын зах зээл  хумигдаад буй бол хятадууд газар нутгийн  маргаанаас болж хөрш орнуудтайгаа таагүй  харилцаатай байгаа. Хятадыг эсэргүүцсэн  жагсаал, цуглаан өнгөрсөн долоо хоногт  Вьетнамд дэгдсэн нь тус улс дахь мянга мянган  хятад иргэнийг зугтахад хүргэсэн. Харин энэ бужигнаанаар АНУ болон Европын орнууд  Хятадыг эсэргүүцэгчдийн талд орсон нь Орос,  Хятадыг бүр ч ойртон нөхөрлөхөд хүргээд  байна. Улс төрийн энэ мэт шалтгаанаас гадна  эдийн засгийн ашиг сонирхол энэ хоёр улсын  аль алинд нь бий. 

Барууны хоригоос болж нэгэн цагт “архирч”  байсан Оросын эдийн засаг одоо бараг дуу  ч гаргахаа больжээ. Өнгөрсөн онд ердөө 1.3  хувиар өссөн тус улсын эдийн засаг энэ жил  мөн нэг л хувиар өсөх төлөвтэй байгаа. Энэ нь  В.Путинийг дорно тийш, тэр дундаа дэлхийн  хамгийн том эдийн засагтай улс болох гэж  байгаа Хятад руу хандахад хүргэж байна. Хоёр  орны худалдааны эргэлт 1990-ээд оноос хойш  эрчимтэй нэмэгдсэн. Энэ долоо хоногийн эхээр  Хятадын “Great Wall Motor” компани Оросын  нутагт 340 сая ам.долларын өртөг бүхий  автомашины үйлдвэр байгуулахаар болсон  нь хоёр улсын эдийн засгийн харилцаа улам  өргөжиж буйн баталгаа.  В.Путиний айлчлалын үеэр батлагдах байсан эрчим хүчний гэрээ гэхэд л 456 тэрбум  ам.долларын үнэ бүхий байгалийн хийн гэрээ  бөгөөд 30 жил хэрэгжих юм. Хэдийгээр олон  улсын анхаарлын төвд байсан уг гэрээг талууд  энэ удаа үзэглээгүй ч 10 гаруй жил зөвшилцсөн  болохоор тийм ч амар орхичих гүй болов  уу.

В.Путиний айлчлалын өмнөхөн Оросын  Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч хийн  гэрээний 98 хувь бэлэн болсон, гарын үсэг зурах  л дутуу байгаа гэж ярьж байв. Харин Хятадын  тал гэрээг яагаад үзэглээгүй талаар тодорхой  тайлбар хэлээгүй ч ажиглагчдын үзэж буйгаар  жилээс жилд нэмэгдэж буй Хятадын эрчим  хүчний хэрэглээг барууны хоригоос болж  багагүй хохироод байгаа “Газпром” компани  өмнө нь амлаж байсан шигээ их хэмжээгээр  хангаж чадахгүй гэж тус улсын эрх баригчид  үзсэн бололтой. Энэ гэрээ түүхэн дэх хамгийн  өндөр өртөгтэй, хамгийн олон жил үргэлжлэх  байгалийн хийн гэрээ юм. Гэрээний төсөлд  зааснаар оросууд 2018 оноос эхлэн Хятад руу  жил бүр 38 сая шоо метр хий нийлүүлэх аж. 

Энэ чухал гэрээ одоохондоо батлагдахгүй  байсан ч эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх  хоёр улсын бодлогод айхтар нөлөөлөхгүй гэж  тоймчид үзэж байна. Өрнийн биш дорнын  улсууд тэдний гадаад харилцааны цөм байх  тухай В.Путин бүр 2010 онд бичиж байжээ.  Оросын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш  болох Европын холбоо оросуудтай хамтран  ажиллахаас татгалзсан болохоор Хятадаас  ирэх мөнгөний урсгал Орост урьд урьдынхаас  илүү хэрэгтэй болоод байна. Тиймээс ойрын  хугацаанд биш юм гэхэд ирэх хэдэн сарын  дотор дээрх гэрээ батлагдах болов уу. Тэгэхээр  “Барууны хоригоос болж барьц алдаад байгаа  оросууд эдийн засгаа сэргээх ганц боломжоо  алдлаа” гэж бичиж байгаа тоймчид баярлахад  эрт байна. “Газпром” компаниас гаргасан мэдэгдэлд мөн “Яаран дүгнэлт хийх хэрэггүй. Гэрээг  яагаад батлаагүй шалтгааныг олон нийт удахгүй  мэднэ” гэжээ. Зарим ажиглагчийн таамаглаж  байгаагаар ирэх амралтын өдрүүдээр СанктПетербург хотод болох Олон улсын эдийн  засгийн форумын үеэр уг гэрээнд гарын үсэг  зурж магадгүй юм.

  Хэдийгээр төлөвлөж байсан гол гэрээгээ  баталж чадаагүй ч В.Путин, Си Зинпин нар  техник технологи, дэд бүтэц, батлан хамгаалахын зэрэг олон салбарт хамтран ажиллах  тухай нийт 49 гэрээнд гарын үсэг зураад байна.  Тэднээс заримыг нь онцлоход жилд 21 сая тонн  бараа таваар тээвэрлэх, 400 сая ам.долларын  өртөг бүхий, хоёр улсыг холбосон төмөр замын  гүүр барих, Оросоос Хятадад байлдааны онгоц  тээвэрлэгч худалдах, ам.долларын нөлөөг  бууруулахын тулд хоорондын худалдаагаа  үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх зэрэг гэрээ  байгуулжээ. Мөн өнгөрсөн онд 90 тэр бум  ам.долларт багтаж байсан хоёр улсын худалдааны эргэлтийг 2015 он гэхэд 100 тэрбум, 2020  он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэх гэнэ. 

Тус хоёр улс харилцаагаа бэхжүүлж буй нь  АНУ болоод барууны орнуудын геополитикийн сул талыг тодотгоно. Украины хям ралаас үүдэн Оросыг ганцаардуулж, Кремлийн  тэр гүүнд да рамт шахалт үзүүлэх гэсэн тэдний төлөвлөгөө В.Путиний айлчлал амжилттай  болохтой хамт ийнхүү нурлаа. Энэ нь  В.Путиний төдийгүй Хятадын ч гэсэн ялалт.  Учир нь худалдааны хориг, цахим тандалт зэрэг  асуудлаас болж Хятад улс америк, европчуудтай  зөрчилдөөд байгаа. АНУ-ын Хууль зүйн яам  Хятадын Ардын чөлөөлөх армийн таван албан  хаагчийг Америкийн төр, засгийн мэдлийн  компьютерт халдаж, нууц баримт сэлт хулгайлсан хэмээн хавтаст хэрэг үүсгэснээ өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн юм. Тиймээс  Украины хямралыг түр мартаж Шанхайд очсон  В.Путинийг Си Зинпин инээмсэглэн угтсан нь  зүйн хэрэг байв. Тэгээд ч “Дайсны дайсан бол  миний найз” гэдэг дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.