Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын ээлжит хуралдаан

•    Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачлан боловсруулсан “Галт зэвсгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
•    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4 дүгээр сарын 9-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид болсон Боаогийн чуулга уулзалтад оролцон Монгол, Хятадын хоёр талын уулзалт хийж, засаг захиргааны тусгай бүс Гонконгод ажилласан дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
•     Засгийн газрын 2010 оны эхний 4 сарын хуралдааны дүнгийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Засгийн газар эхний 4 сард 25 удаа хуралдан 305 асуудал хэлэлцсэн /үүнээс хэлэлцсэн 213, танилцсан 92/ байна. 11 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар, 1 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 37 асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, 5 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 19 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 17 асуудлыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хойшлуулахаар, 36 асуудлаар Ерөнхий сайдын захирамж, 104 асуудлаар Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн байна. 
•    Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд, Баян-Өлгий аймгийн баяр наадмыг  2010 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрөв. Энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймагт Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хэнтий аймагт Зүүн бүсийн хурдан морины уралдаан, Баян-Өлгий аймагт аймаг байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа учир Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлтээ орон нутгийн удирдлагууд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна.
•    “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэв.
•    Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх обьектуудын тоонд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төв байрыг нэмэхээр шийдвэрлэв.
•    “Чад болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэгт олгов. Санамж бичиг байгуулснаар энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаа цэргийн бие бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, үйлчилгээ, ар талын хангалт, нөхөн төлбөр зэрэг төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлыг талууд баталгаажуулдаг. Санамж бичиг нь манай улсын цэргийн баг үүрэг гүйцэтгэж эхэлсэн өдрөөс буюу 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эрх зүйн талаас нь баталгаажуулж гарын үсэг зурах шаардлагатай байгаа юм.
•    “Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”, ХЗДХ-ийн сайдын дүгнэлтийг тус тус үндэслэн зарим сайд, аймгийн Засаг дарга, агентлагийн даргын хавсралтад заасан хууль тогтоомжид нийцээгүй тушаал, захирамжийг хүчингүй болгов. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон боловч улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулах арга хэмжээ авахыг сайд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо. ХЗДХ-ийн яам 2010 оны 1 дүгээр улиралд 10 шийдвэрт дүгнэлт хүргүүлснээс 4-ийг нь хууль, тогтоомжид нийцүүлэн өөрчилж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн бол хууль, тогтоомжтой зөрчилдөж байгаа 6 шийдвэрт хүргүүлсэн дүгнэлтийн хариуг баталсан байгууллага, албан тушаалтан ирүүлээгүй байна.
•    Төсвийн ерөнхийлөн захирагчидтай аймгийн Засаг даргын байгуулж байгаа гэрээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын тухай Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавын мэдээллийг сонсов.
•    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан Афганистан дахь Аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын цэргийн хүчний ажиллагааны Хойд бүс нутгийн командлалд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцсон дүнтэй танилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.