Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Эрдэнэбат: Бид нэгэндээ ял тулгах гэж засгийн эрх бариагүй

УИХ дахь АН-ын бүлгийн  хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын талаар ахлагч  Д.Эрдэнэбат нь өчигдөр мэдээлэл хийлээ.  Тэд “Чингис” бондтой холбоотой асуудлаар  Ерөнхий сайдын мэдээллийг сонсчээ.  Бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж  байгаа тухай мэдээллүүд гарч буй учраас  Эдийн засгийн болон  Төсвийн байнгын  хорооноос хамтарсан Ажлын хэсэг гаргаж,  шалгуулахаар болсон байна. Энэ мөнгийг  халамжид зориулах ёсгүй гэдэгт АН-ынхан  санал нэгджээ. Мөн Ашигт малтмалын  тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  геологи хайгуулын ажлыг цэгцэлж,  хөрөнгө оруулалтыг нь дэмжих ёстой гэж  үзсэн байна. Түүнчлэн Төмөр  замын шинэ  шугам барих тухай УИХ-ын тогтоолын  талаар  хэлэлцсэн аж. “Гаднын нутаг  дэвсгэр дээгүүр эрдэс баялгаа ямар чиглэлд,  ямар үнээр, хэдий хэмжээгээр  тээвэрлэх  тухай Зам, тээврийн болон Эдийн засгийн  хөгжлийн яамнаас   хийж буй хэлэлцээр  удаан байна. Бид энэ асуудлыг ойрын үед  Бүлэгт танилцуулахыг шаардсан” гэлээ.  Х.Тэмүүжин сайдын тухайд гэм буруутай  нь тогтоогдоогүй байхад хариуцлага ярих  ёсгүй гэсэн байр сууриа хадгалж буй гэнэ.  Түүнээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.

 -Х.Баттулга  сайдын хүсэлтийг  хэлэлцсэн үү. АН-ын бүлэг энэ талаар  ямар байр суурьтай байна вэ?

 -Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт  гарч буй ололт, шинэчлэл олон. Гэхдээ  Х.Баттулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх  өргөдлөө өгсөн учраас эхлээд Засгийн газар  нухацтай авч үзэх шаардлагатай.

 -Засгийн  газрын тухай хуулийн  төслийг баталсангүй. Үүнийг сөрөг  хүч  нийхэн “Ухаалаг төр лүү чиглэсэн   санаачилгаас ухар лаа” гэж тайлбарлаж  байна. Бас АН-ын фракцууд дотроо  зөрчилтэй болсныг ч мэдээлж байна л  даа.

 -Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбараар нь энэ төслийг бид дэмжиж байсан.  Харамсалтай нь  эцсийн хэлэлцүүлэг  болоход анхны хувилбар 180 хэм  өөрчлөгдсөн.  Ерөнхийлөгчийн  төсөлд   “Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн  байж болно” гэсэн бол  “Үндсэн чиг  үүргийн  яамдын сайдууд байж болно” гэж  өөрчлөгдсөн. Мөн 2016 оноос мөрдөнө  гэсэн заалтыг 2014 он болгосон. Тиймээс  эцсийн хэлэлцүүлгийн үед АН-ын бүлэг  Ерөнхийлөгчийн анх өргөн барьсан төслийг  дэмжинэ гэсэн байр сууриа хамгаалсан.  Бид аливаа зүйлийг мушгиж болохгүй.  Үүгээр далимдуулж Засгийн газрыг унагах  хөндлөнгийн өдөөлтөд орохгүй гэдгээ ч  илэрхийлсэн. АН нэг асуудлыг хэзээ ч 100  хувийн дэмжлэгтэйгээр шийдэж байгаагүй.  Тиймээс манай Бүлгийн зарим гишүүн  үзэл  бодлоороо санал өгснийг буруутгахгүй.  Гэхдээ Бүлгийн гаргасан эцсийн байр суурь  цаашид шийдвэр болж явах ёстой гэдгийг  бүгдээрээ ойлгох нь зүйтэй.

 -Р.Бурмаа гишүүнийг намын бодлогын эсрэг санал өгсөн гээд хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос нь  гаргасан. Тэгвэл төслийг батлах санал  хураалтад жагсаалтаар сонгогдсон  З.Энхболд дарга  бас эсрэг санал өглөө.  Түүнийг намаас хөөх үү?

-Намын асуудлыг Бүлэг рүү оруулж ярих  ёсгүй. Хяналтын ерөнхий хороо дүгнэлт  гаргасан болохоос намаас хөөх шийдвэрийг  эцэслээгүй. Эцсийн шийдвэрийг намын удирдах байгууллага буюу Үндэсний зөвлөлдөх  хороо гаргана. Бид нэгэндээ ял тулгах  гэж засгийн эрх бариагүй. Үнэхээр намын  үндсэн суурь зарчмаа хүндэтгэх улс төрийн  ноён нуруу байх  ёстой. Цаашид манай Бүлгийн гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь  тэдний асуудал болж үлдэнэ. Гэхдээ асуудал  үргэлж АН-ын  шийдвэрээс гажихгүй байх.  Бидэнд ойлголцох зүйл байгаа нь нууц биш.  Үүнийг бидний дунд эвлэж болохооргүй  хагарал үүссэн гэж ойлговол өрөөсгөл. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.