Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Тэмүүжин, О.Баасанхүү нар ингэж хэллээ

 УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Хууль зүйн  сайд Х.Тэмүүжинг огцруулах нь зүйтэй гэж  санал нэгджээ. Тэгвэл эл асуудлыг УИХ-д оруулж  ирсэн О.Баасанхүү гишүүн хэвлэлийн бага хурал  зарлав. Харин сэтгүүлчид Хууль зүйн сайд  Х.Тэмүүжинг УИХ-ын даргад Гэмт хэргийн  болон Зөрчлийн тухай хуулийн төслүүд өргөн  барих үеэр нь “барьж авч” хэдэн үг унагалаа.

О.БААСАНХҮҮ: УУЧЛАЛТ ГУЙВАЛ  ЗААВАЛ ОГЦРУУЛНА ГЭХГҮЙ

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай  хуулийн дагуу сайдыг огцруулах асуудлыг  Байнгын хорооноос нэгдсэн хуралдаанд долоо  хоногийн дотор оруулж ирэх ёстой тул маргааш  (өнөөдөр) хэлэлцэнэ. Намайг төслөө татаж  авсан гэсэн “бор шувуу” нисэж байна. Би төслөө  татаж аваагүй. Одоогоор тэгэх шалтгаан гарч  ирээгүй байна. Гэхдээ төсөлд дурдсан дөрвөн  үндэслэлийг зассан тохиолдолд татах боломж  бий. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин залуу хүний  хувьд ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч,  цагдаагийн бие бүрэлдэхүүнээс уучлалт  гуйвал заавал огцруулна гэхгүй. Хүүхдээ  бусдад үрчлүүлж, мөн өнгөрөгч гуравдугаар  сарын 24-нд твиттер хуудсаараа цагдаагийн  бие бүрэлдэхүүнийг доромжилсон ёс зүйн  алдаа гаргасных нь төлөө Х.Тэмүүжин сайдыг  огцруулна гэсэн. Ямартай ч миний тавьсан  үндэслэлүүдэд дурдсан эмнэлгийн барилгын  асуудал нааштай шийдэгдэж байх шиг байна.  Харин бусад асуудлаар, тухайлбал, хар тамхины  хэрэгт холбоотой эсэхийг нь би мэдэхгүй.  Цаашид огцруулах үндэслэл нэмэгдвэл төслөө  эргүүлэн татаад, нэмж оруулах боломжтой.  Эсвэл төсөлд дурдсан үндэслэлүүдийг хүлээн  зөвшөөрвөл огцруулна гэхгүй. Өөрөөр хэлбэл,  би төслөө татаж аваагүй. Татаж авахад болохгүй  ч зүйл алга.

Х.ТЭМҮҮЖИН: ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ  ДАРАА ҮНЭН ТӨРХ ИЛ БОЛНО

-Аливаа шинэчлэл бол хялбар хийх ажил  биш. Тэр дундаа хууль, хүчний гэж яригддаг,  хаалттай, тусгай, хүчтэй арга хэрэгсэлтэй энэ  байгууллагад шинэчлэл хийхэд том сорилт,  эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. Тиймээс  би санаа зовохгүй байна. Энэ бол байдаг л  үзэгдэл. Зүүн Европын орнуудад олноор гарч  байсан үзэгдэл Монголд ч тохиолдож байна.  Энэ сорилтыг бид давж гарах ёстой. Ингэж  байж л шинэчлэлийн үйл явц амжилттай,  тасралтгүй үргэлжилнэ. Харин О.Баасанхүү  гишүүний дурдсан хувь хүнтэй холбоотой  үндэс лэлийн талаар би албан ёсоор тайлбар  хийнэ. Одоогоор заримыг нь хуулийн  байгууллага шалгаж байгаа. Мөн заримыг нь  шууд ил болгох бололцоогүй байгаа учраас  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  Тодорхой хугацааны дараа үнэн төрх ил болно.  Нөгөөтэйгүүр хов жив, эсвэл таамаг мэт  зүйлээр хэн нэгнийг буруутган гүтгэх боломж  Монголд багасаж байгаа. Өөрөөр хэлбэл,  сэтгүүлчид захиалгат сэтгүүл зүйгээс ангид  байж мэргэжлийн ёс зүйд захирагдах өндөр  хариуцлага ирж байгааг ойлгоно биз. Өнгөрсөн  14 хоногийн хугацаанд залуус намайг дэмжсэн.  Мөн олон сэтгүүлч ямар ч захиалгагүйгээр,  зөвхөн итгэл үнэмшлээрээ намайг дэмжсэн.  Үг хэлэх эрх чөлөө нээлттэй байх нь ямар нэг  дарангуйлал, хүчирхийллээс илүү үнэ цэнэтэй  байдгийн учрыг энэ хугацаанд харуулсан учраас  миний итгэл үнэмшил хатуу, бат бөх байгаа.  Намайг юу гэж хэлэх, хардах нь энэ нийгмийн  асуудал. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөний төлөө  хатуу зогсох нь Хууль зүйн сайдын хийх ажил.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.