Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАРУУНЫ ЗҮҮНТЭН

Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэснийх нь төлөө барууны орнууд ОХУ-ыг шийтгэхээ л урьтал болгож байгаа. Харин германчуудын олонх нь Оростой эвдрэлцэхгүйг хичээж байна. Улаан армийн цэрэг Рейхстагийн орой дээр Зөвлөлтийн далбаа хатгаж буй түүхэн гэрэл зургийг Германы Парламентын гишүүн Ян ван Акен ажлынхаа өрөөний ханан дээр өлгөжээ. Зураг дээрх Рейхстагийн цаана дайны хөлд сүйдсэн Берлин хот бүүдийж үзэгдэнэ. Зургийн дэргэд очоод Ян ван Акен оросуудыг чөлөөлөгчид хэмээгээд тэд л Берлин хотыг төдийгүй Герман орныг бүхэлд нь нацистуудаас аварсан гэлээ. Берлинийг чөлөөлөхөд Британи, Америк зэрэг бусад орны оролцоо байсныг тэрбээр онцолсон ч Улаан арми л гол үүрэг гүйцэтгэснийг Германы ард түмэн мартаагүй гэв. Энэ зураг ч гэсэн өөрийн түүхтэй.

Зөвлөлтийн далбааг Рейхстагийн орой дээр мандуулсан үйл явдал 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд болсон ч уг гэрэл зургийг тавдугаар сарын 1-нд буюу Гитлерийг амиа хорлосон өдөр авчээ. Барилгын орой дээр гарсан эхний цэрэг Берлиний иргэдээс хулгайлсан бугуйн цагнуудаа гартаа хэд хэдээр нь зүүсэн байснаас дахин гэрэл зураг авахын тулд болсон явдлыг дараа өдөр нь зориудаар давтсан гэдэг.

Хэдий нацистуудаас чөлөөлөгдсөн ч германчууд хагас зуун жил хуваагдмал байсан. Гэхдээ энэ зургаас тэрхүү гашуун түүхийг бус, Украинд өрнөж буй одоогийн үйл явдалд германчууд яагаад хоёрдмол санаатай, шийдэмгий бус байгаагийн цаад учрыг харж болно. Ян ван Акен Зүүн Германы хуучин Коммунист намаас төрсөн Die Linke буюу Зүүний намын гишүүн бөгөөд намынх нь гишүүдийн олонх нь оросуудад түүний адил талархаж явдаг гэв. Баруун Германд коммунизмыг эсэргүүцэх үзэл хүчтэй байсан ч зүүн хэсэгт нь оросуудыг дээрэнг үй хэмээхээс гадна аврагчид гэж ярьсаар иржээ. Герман орныг оросууд чөлөөлсөн түүхэн үйл явдлын ул мөр нутгийн хаа сайгүй таарна. Бүр Бундестагийн барилгын ханан дээр орос цэргүүдийн кириллээр бичиж үлдээсэн элдэв бичгийг өдий 70 шахам жилийн дараа ч арилгаагүй байна.

Германы Парламентын гишүүд өрөө, танхим руугаа орохдоо тэртээ 1945 оны тавдугаар сард орос цэргүүдийн сараачиж үлдээсэн бүхнийг өдөр бүр хардаг гэсэн үг. Рейхстагийн орой дээр гарсан цэргүүдийн нэг нь украин хүн байсныг ч тэр дундаас харж болно. Германы Канцлер Ангела Меркель Зүүн Германд өссөн үе тэнгийнхээ залуусын адил орос хэл сурч байжээ. Дрезден хотод ажиллаж байсан КГБ-ийн залуу офицер Владимир Путинтэй тэрбээр санамсаргүй тааралдаж байсан ч байж болох. Харин одоо хатагтай Меркель Украины асуудлаас болж Кремлийн тэргүүнтэй өмнөхөөсөө олон уулзах шаардлага гарч байна. Англи, Америкийн эрх баригчидтай харьцуулахад тэрбээр В.Путинд тун хүндэтгэлтэй ханддаг бөгөөд энэ нь зөвхөн түүний Зүүн Германд өсөж өндийсөнтэй холбоогүй юм. Оросын төр засгийн бодлогыг ёс юм шиг шүүмжилдэг барууны бусад улстай харьцуулахад Орост хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах нь Германы үе үеийн удирдагчдын гадаад харилцааны уламжлалт байр суурь байсаар ирсэн. Тус улсыг барууны орнуудаас хамгийн зүүний үзэлтэй гэдэг нь ч үүнтэй холбоотой юм. Канцлер асан, өдгөө 95 настай Хельмут Шмидт ардчиллын төлөөх үзэл бодлоо гуйвшгүй гэдэг ч ардчилалгүй хэмээн Оросыг шүүмжлэгчдэд таагүй ханддаг нэгэн.

АНУ болон Европын холбооноос Оросын эсрэг баталсан хоригуудыг тэрбээр “утгагүй” хэмээгээд Орос орон Германд хэрэгтэйг одоогийн Канцлерт сануулсан гэнэ. Канцлерийн алба хашиж байсан Германы өөр нэгэн хүндтэй улстөрч болох Герхард Шрёдер ч гэсэн ийм бодолтой. Түүний удирдах зөвлөлд нь ажилладаг “Nord Stream” консорциум Оросын төрийн өмчит “Газпром” компанийн харьяа тул тэрбээр оросуудтай бизнес хийх нь хэчнээн чухал болохыг хэн хүнээс илүү мэднэ. В.Путинтэй анд нөхдийн харилцаатай гэгддэг “Siemens” компанийн захирлаас эхлээд спортын хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог “Adidas”, ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчийн нэг “Thyssen Krupp” компанийн удирдлагууд ч оросуудтай хамтын ажиллагаагаа үргэлжл үүлэхийг юу юунаас илүүд үзэж байна. Бундестагаас холгүй Зөвлөлтийн дайчдад зориулсан хүндэтгэлийн цогцолбор бий. Цогцолборын орой дээрх аварга том хөшөө болох Улаан армийн байлдагч эр дор зогсоо хэн бүхэн рүү ширүүн харцаар ширтэнэ. Харцнаас нь дальдирчихг үйг хичээн түүний өөдөөс харвал “Бид та нарыг аварсан, та нарын төлөө амиа өргөсөн. Бүү март” хэмээн сануулах нь хэнд ч “сонсогдоно”. Энд удаан зогсвол Оросыг гэсэн германчуудын “хайр”, басхүү болгоомжлолыг ойлгож болмоор. Мөн Ангела Меркель В.Путинд тэгтлээ хатуурхахгүй гэсэн бодол, Украины асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн тэр л энхийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадна гэсэн найдлага төрөх вий.


Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.