Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ӨНДРӨӨС УНАЖ ХҮНД ГЭМТЭЭД БАЙХАД ЗХЖШ-ЫН ДЭД ДАРГА МЭДЭЭГҮЙ БАЙНА

Зэвсэгт хүчний ангийн захирагч нар хугацаат цэргийн алба хаагчдыг ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллуулдаг. Ингэж олсон мөнгөөрөө анги байгууллагаа тохижуулдаг гэж ярьдаг. Үнэхээр Зэвсэгт хүчний ангид иймэрхүү аргаар олсон мөнгө нь ордог эсэхийг бид мэдэхгүй. Ийм гэрээгээр Дорноговь аймгийн төвд ажиллаж байсан нэгэн цэрэг өндрөөс унасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Б.Чинзориг Сайншандад “Төмөрт” компанийн барьж буй орон сууцны есөн давхар барилгын зургадугаар давхраас унаж, хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Уг барилгыг Дорноговь аймгийн ИТХ-ын нэгэн тэргүүлэгчийн захиалгаар барьж буй бөгөөд хятадууд гүйцэтгэгчээр, дээрх ангийн цэргүүд туслах ажилчнаар ажиллаж байсан гэнэ. Уг нь барилгын гүйцэтгэгч компанийнхан цэргүүдийг дээд давхруудад ажиллуулахгүй байх гэрээтэй. Энэ шаардлагаа цэргүүдийг захирч яваа офицерт нь сануулж байсан аж.

Харамсалтай нь, өнгөрсөн баасан гаригт байлдагч Б.Чинзориг зургадугаар давхарт ажиллаж буй хүнд туслахаар гарахдаа хамгаалах бүс хэрэглээгүйгээс унаж осолдсон байна. Түүнийг гэмтсэн даруйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, нийслэлд авчирч ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлжээ. Энэ мэдээллийн дагуу бид тус тасгийнхнаас лавлахад “Дорноговь аймгаас ирж хэвтсэн Б.Чинзориг гэдэг байлдагчийн биеийн байдал хүнд байгаа. Хөл, толгойдоо гэмтсэн. Хөл нь хоёр ч газраар хугарсан. Босож явдаг болтол нэлээд хугацаа шаардана. Магадгүй суугаа болохыг ч үгүйсгэхгүй. Хоёр ч удаа мэс засалд орсон. Ар гэрийнхэн болон цэргийн анги, ажиллуулж байсан компанийн ажилтнууд нь ээлжлэн сахиж байгаа. Анх ирснээ бодвол бие нь сайжирч байна” гэв. Б.Чинзориг өнгөрсөн намар буюу 2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Улаанбаатар хотоос Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хаахаар очсон байжээ. Гэр нь Яармагт байдаг аж. Түүнийг сахиж буй ар гэрийнхэнтэй нь уулзахад “Бид энэ талаар ямар нэг зүйл сонин хэвлэлд яримааргүй байна” гэв.

Ч.Чинзоригийг “Төмөрт” компанийн нэгэн ажилчин гэрийнхэнтэй нь хамт сахиж байсан юм. Түүнтэй уулзахад “Намайг энд ирсний дараа уг байлдагч өндрөөс унасан байна лээ. Би тэнд мужаанаар ажилладаг. Манай компанийн ажилтнууд ирж сахиж байгаад өнөөдөр буцаж, би түүнийг сахиж үлдэх даалгавар авсан. Ар гэрийнхэн болон цэргийн ангиас нь ирсэн нэг офицер шөнөдөө сахиж хонодог. Анх ирснээ бодвол бие нь сайжирч байна. Ар гэрийнхнийх нь сэтгэл санаа нь эхэндээ их хүнд байсан. Одоо харьцангуй гайгүй болсон. Компанийн удирдлага Б.Чинзоригийн эмчилгээний бүхий л зардлыг гаргаж, магадгүй цаашид хийх эмчилгээ, сурч боловсроход нь тус дэм үзүүлэхээ илэрхийлсэн. Хамгийн түрүүнд энэ хүнээ хөл дээр нь босгож авахаар тохиролцсон гэсэн. Манайхны надад ярьснаар тэрбээр зургадугаар давхарт ковшоор тоосго ч юм уу, элс ч юм уу гаргаж өгчихөөд амарч зогсохдоо хөл алдаж унасан гэсэн. Тухайн үед барилгын гадна талаар татсан төмөр хашлага, хаалтыг шилжүүлэх гээд хятадууд эрэг боолтыг нь суллаад орхисон юм шиг байна лээ. Түүнийг нь анзааралгүй налснаас хөл алдсан бололтой” гэж ярилаа.

Уг нь цэргийг ангийн байрлалаас гадуур ажиллуулах тохиолдолд ЗХЖШ, тэр дундаа тус штабын дэд даргаас зөвшөөрөл авдаг гэнэ. ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайгаас энэ талаар лавлахад “Тэргүүний жагсаалч анги, хамт олон шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдаан гээд би завгүй явна. Энэ талаар мэдэхгүй” гэсэн бол Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоо “Би энэ талаар хариулт өгөх боломжгүй” гэлээ.



Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.