Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СЭЛЭНГЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ МОД ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ СААТУУЛЛАА

 Сэлэнгэ аймгийн нутгаас хүнд даацын ачааны автомашинаар их хэмжээний мод тээвэрлэж явсан хүмүүсийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн ажилтнууд энэ сарын 21-ний өглөө саатуулан шалгажээ. “FUSO” маркийн 56-68 СЭҮ улсын дугаартай ачааны машинд 35 шоо метр гуалин ачиж явсан бөгөөд гарал үүслийн гэрчилгээгээ хуулийн дагуу бүрдүүлээгүй байсныг нь тогтоосон байна. Мод тээвэрлэж яваа жолооч Ө.Гантөр Хүдэр сумын нутгаас ачсан хэмээн шалгалтынханд мэдүүлсэн аж. Гэтэл гарал үүслийн гэрчилгээнийх нь код өөр газрынх байжээ. Энэ нь сэжигтэй байсан тул хууль хяналтын байгууллагынхан үргэлжлүүлэн шалгахад гарал үүслийн гэрчилгээ нь Сэлэнгэ аймагт мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэбадрах” компанид олгосон бичиг байж. Тус аймгийн Сүхбаатар сум буюу аймгийн төвийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэбилэгийн олгосон уг бичигт тус сумын ЗДТГ-ын дарга Энхтуяа энэ сарын 20-нд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг нь хуулийн дагуу Хүдэр сумаас гарал үүслийн гэрчилгээ авсан бол өөр хүмүүсийн гарын үсэг байх ёстой аж.

Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар гарал үүслийн гэрчилгээг дамлан худалдаж, мод ачиж яваа хүмүүст хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг хүмүүс байдаг гэнэ. Тэд нэг гэрчилгээг 500 мянган төгрөгөөр худалддаг юм байна. Дээрх модыг тээвэрлэж явсан хүмүүсийн бичиг баримт нь ийм замаар авсан гэрчилгээ байж болзошгүйг эх сурвалж хэлэв. Энэ хэргийн талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ажилтнаас лавлахад “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран мод тээвэрлэж буй хүмүүсийг шалгаад хуурамч гэх юм уу, хууль бусаар олж авсан гарал үүслийн гэрчилгээ ашиглаж явсан хүмүүсийг саатуулсан. Энэ хэргийг харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлээд байна” гэв. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрынхнаас энэ талаар лавлахад “Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн баримтыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзсэн. Өдгөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа.

Хууль бусаар мод бэлтгэж өгсөн хүмүүсийг ч тогтоосон” гэлээ. Хүдэр сумын иргэд “Цагдаагийнхан мод бэлтгэдэг таван хүнийг машинтай нь хамт саатуулан авч явсан. Аймгийн цагдаа, хуулийн байгууллагынханд модны ченжүүд нөлөөлчихгүй бол нэлээд том хууль бус үйлдлийг, байгаль орчин сүйтгэгчдийг шалгаж эхэллээ. Хууль бусаар мод бэлтгэдэг хоёр хөрөөчин, хоёр ачигч, “Портер” машинаар цагаалж, ачааны машинд хүргэдэг нэг хүнийг цагдаагийнхан баривчилсан. Дээрх хүмүүс Хүдэр сумын нутаг, улсын хилд ойрхон газраас мод бэлтгэдэг байсан” гэж мэдээлэв.



Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.