Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УРСГАЛ ЗАСВАРЫГ УУЛ УУРХАЙ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДУУДААС ЭХЭЛЬЕ

 Хаврын улс төр эхэлчихжээ. Яагаад ч заавал хаврыг сонгодог юм бүү мэд. Засийн газрын үйл ажиллагаа Монголоо доройтуулах, уул уурхайгаас босгосон жаахан мөнгөө үрэн таран хийх, газрын баялгаараа дэлхийд танигдсан нэр хүндийг унагах чиг рүү яваад эхэлсэн нь энэ хаврын ч юм биш шүү дээ. Тартагт нь тулгасан хойно ингэж хашгиралдахын оронд өнгөрсөн намар, өвлөөс л юу болоод байна аа гэдгээ бодох ёстой байсан юм. Гэтэл давхар дээлээ тайлна, тайлахгүй гэх мэт явуургүй хэрүүлээр хоёр нам мөчөөрхөлцөөд эхэллээ. МАН дүрдээ итгэчихсэн, АН нь юмыг яаж мэдэхэв гэсэн байртай сандарч байна. Сөрөг хүчин нь зөвхөн Засгийн газрыг л унагачихвал бүх хэрэг бүтэх мэт ханцуй шамлан улайрч, эрх баригч хүчин нь энийгээ л хамгаалаад үлдчихвэл цааш юу болох нь огт хамаагүй мэт аяглах нь үнэндээ өрөвдмөөр. Өнөөдрийн өчүүхэн уушгины төлөө дайтаж буй энэ хоёр нам юу хийх ёстой вэ.

МАН-Д ИЛГЭЭХ МЕССЕЖ

Энэ намынхан Засгийн газартай, түүний зарим сайдуудтай барилдсаар бараг хоёр жилийг үдэх гэж байна. Дээлтэй хүүхэд нэгийн даваанд гарч тоо гүйцээдэг шиг нунж дорой, туниа муутай улс төр чинь огт явахгүй байгааг анзаарах цаг болсон биш үү. Засгийг давдаггүй юмаа гэхэд ноцолдоод байвал тамирыг нь барна гэж тэд тооцоолсон бололтой. Үнэндээ бол засгийн эрх баригчид бяртай байгаа. Бүх түвшинд хяналтаа тогтоож, өөрийгөө зөвтгөх хэрэгсэл бүхнийг асаагаад жагсаачихсан, хуулиас гадуур дур зоргоор тонгочиж буй тэдэнд МАН-ын шоглоом хүүхдийн тоглоом аятай л санагдаж байгаа. МАН-ынхан энэ удаа Ерөнхийлөгчийн санаачилсан давхар дээлийг дан болгох тухай хуулийн төслийг барьж авчээ. Ухаандаа Ерөнхийлөгчтэй хамтарч байгаа юм биз дээ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар гүйцэтгэх буруу гэдгийг захын чавганц ч мэдэхтэйгээ. “Хамтруулж хаших нь зөв” гэж ямар ч тэнэг хэлэхгүй. Давхар дээлийг тайлах хуулийн төслөөр далимдуулж Засгийн газрыг унагана гэвэл горьдсоны гарз. “Тэгье, тэгье. Давхар дээлийг тайлах нь зөв” гэж АН-ынхан уриалгахан зөвшөөрөөд төсөлд тусгасны дагуу 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн кнопыг дарчихад л асуудал хялбархан шийдэгдчихнэ. Тэгээд МАН-ын мангарыг шоолж инээнэ. Ингээд л гүйцээ юмны араас юун ч сүрхий чаргууцалддаг юм, ямар ч инээдтэй жүжиг тоглодог юм, өмнөөс нь ичмээр. Үүнийхээ оронд Засгийн газрын бараг л алхам тутамдаа хийж буй алдаатай бодлогыг барьж авах нь илүү өлзийтэй баймаар.

“Улс орны эдийн засгийг хямрааж, тартагт нь тулгасан шалтгааны 60 хувь нь Засгийн газрын алдаатай бодлогоос болсон” гэж бүр АН-ын гишүүд нь хүртэл хэлээд байна шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэгч үр дүнгүй бодлого, бүтэшгүй нь олон Засгийн газрын үйл ажиллагаагаар батлагдсан үйлдвэрлэлийг зээлээр дэмжих “Их наядын” хөтөлбөр, орон сууцны үнийг тэнгэрт тултал хөөргөдсөн 8.0 хувийн зээл, экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 үйлдвэр амилуулах үлгэр, хоёр тэрбум доллар зээлж ирээд хоромхон зуур цацаад үгүй хийчихсэн урхагт үйлдэл гээд уг нь барьж аваад ноцчихвол нэг их хүч гаргалгүй өвдөг шороодуулчих өдий төдий барьц байна. Гэвч МАН үүнийг хийж чадахгүй нь нэгэнт тодорхой болчихсон тул хамгийн амархан хэрнээ, ирээдүйн үр өгөөж нь илүү байж мэдэх ганц мессеж шидье.

ТЭДНИЙГ ЗҮГЭЭР Л ЗӨНД НЬ ОРХИЧИХ. “Энэ хэвээрээ яваад байвал унахдаа улам л гүн нүхэнд ойчно” гэж танай Ц.Нямдорж онож хэлсэн байна лээ.

АН-Д ХАЯГЛАХ ШИВНЭЭ

Эмхэлж байгуулсан Засгийн газрын чинь бодлого үнэхээр явахаа байжээ гэдгийг нухацтайхан ярилцах цаг болжээ. Бүх зүйл болж бүтэж байгаа мэт, өмнөхүүдийн үлдээсэн буруу муухайг арчиж цэвэрлэхэд хамгаа зориулж байгаа мэт дүр эсгэх нь одоо явахгүй. Улс орны эдийн засаг шалан дээр унаж, ард олны амьжиргаа өвдгөөрөө мөлхчихөөд байгааг нуух аргагүй боллоо. Мах, гурил, талхны борлуулалт хүртэл 50 хувиар буурчихсан, төгрөгийн ханш навсайгаад уначихсан, үйлдвэрлэл үйлчилгээний үр ашиг байхгүй болж, бизнесийн байгууллагууд үүдээ барьж, ажилчдаа халж цомхтгож, эсвэл хугацаагүй чөлөө өгөөд гэр лүү нь явуулж байгааг эрхбиш харж суугаа байлгүй. Болохгүй бүхнийг дэлхийн эдийн засгийн хямрал, өмнөх Засгийн газар хоёр луу чихээд хэрэггүй. Үнэндээ бол дэлхийн эдийн засаг тэгтлээ хямарчихаагүй, манай гол нэрийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш л багассан төдий шүү дээ. Хамтарч засаг барьж байснаа мартаад түрүүчийн Засгийн газар луу муу муухайгаа чихээд байгаа чинь өөрийгөө өшиглөсөнтэй л адил сонсогдож байна.

Тэгэхээр Засгийн газарт, түүний бодлого, үйл ажиллагаанд засвар хийхг үй бол болохгүй. Бүгдийг нь солиод үзэх үү, хэсэгчлэн засвар хийх үү гэдэг бол та бүхний мэдэх хэрэг. Хэрэв ингэхгүй бол 2000 оны сонгууль давтагдаж мэдэх нөхцөл үүсчихлээ. Ард олон АН-д саналд өгөхдөө асар их итгэлээ хамтатган дайсан. Тэр итгэл нэгэнт алдраад эхэлчихлээ. Их итгэж байсан зүйлдээ итгэл нэгэнт алдарвал ард түмэн эргэж ч хардаггүйн жишээ бол 2000 оны сонгуулиар Ардчилсан хүчнийг арччихаа шахсан хэрэг явдал гарцаагүй мөн.

Засаг тэргүүлж байгаа АН-ын дарга Н.Алтанхуягийн сандлаас зуурсан гарыг салгах амаргүй бололтой. Хүнийх нь хувьд ойлгож байна аа. Тэр огцорвол Намын даргын албан тушаалаасаа сална. УИХын сул гишүүн болж үлдэх ч хэтдээ улстөрчийн замнал нь дуусаж магадгүй. Нөгөө талаар АН доторх ашиг сонирхлын бүхий л фракц, бүлэглэлийг нийлүүлээд нэхэж орхисон тор нь түүнийг одоохондоо арай ч унагачихгүй. Нөгөө талаар Н.Алтанхуягийг огцрууллаа гэхэд оронд нь ирээд олигтойхон ажиллачих хүн АН-д алга.

Тэгэхээр өөр арга хайх хэрэгтэй болох нь. Тэр бол хэсэгчилсэн засвар. Болохгүй бүтэхгүй нь, ажил хийж чадахгүй нь нэгэнт тодорхой болоод байгаа хэдэн нөхрөөр сор залах нь хэсэгхэн ч бол амсхийх, юу хийчихсэнээ ухаарч, алдаагаа засах алхмыг тодруулж магадгүй. Хөрөнгө оруулагчдын өөдөөс салаавч үзүүлдэг Уул уурхайн сайдыг яагаад заавал байлгах ёстой гэж. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 50 шахам хувиар буурсныг “дэлхийн эдийн засгийн хямрал”-тай холбож арай тайлбарлахгүй байлгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан нь үнээн. Гэхдээ энэ үйл явцыг эртнээс харах, хөрөнгө оруулагчдыг хөөж явуулснаар ямар эрсдэл учрах, Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлыг аль талаас нь ярьж, яаж эвтэйхэн үр дүнд хүрэхээ тооцоолох үүрэг Д.Ганхуяг сайдынх. Тийм зүйл хий гэж л түүнийг илгээсэн байж таарна. Гэтэл тэр хийх ёстойгоо хийсэнгүй. Хариуцсан яамных нь ажлын гол үзүүлэлтүүд дандаа хасах тэмдэгтэй. Хэвлэлээр өөрийгөө өрөвдүүлэх, өмгөөлүүлэх гэж үзээд ч барсангүй. Дэд сайд Эрдэнэбулган хэмээх сайддаа аль хэзээнээс хачин их хайртай нөхрийнх нь хэлснээр бол унтахгүйгээр ажиллаж байгаа гэсэн. Нойр хоолгүй зүтгээд байгаа хэрнээ барахгүй байгаа бол мэдлэг боловсрол, ур чадвар нь дутаж байна аа л гэсэн үг биз дээ.

Н.Батбаяр гэж шоо нь цайчихсан, суудал нь өнцөгдчихсөн нөхрөө одоо татаж авсан нь зөв. Тэр өр тавьснаас өөр юу ч гялайлгасангүй. Бондын хөрөнгийг өврөөсөө гаргаж байгаа мэт аашлаад байсных нь гор гарч эхэллээ. Зөрүүд, зүтгүүр, хэрүүлчээрээ зартай энэ нөхөр саяхан Улаанбаатарын замын засварт мөнгө өгөхгүй, аймгийн төвийн доторх замд өгнө гэж муйхарлаад Бат-Үүлд заамдуулсан гэсэн. Архангайн төвийн машинаас нийслэлийнх арай олон байлгүй дээ. Утаа, тоос, автомашины түгжрэл Улаанбаатарт гамшгийн хэмжээнд хүрчихээд байгааг мэдэрдэгг үй, сонгогдсон тойргоо л гэсэн жижиг бодолтой сайд Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн бодлогыг бариад сууж байгаа нь толгойдоо томдсон малгай болчихжээ.

Эхний ээлжинд ЗУРХАЙ НЬ ЗУРАГДЧИХСАН ЭНЭ ХОЁР НӨХРӨӨСӨӨ САЛАХ ХЭРЭГТЭЙ гэсэн шивнээ илгээе. Араас нь Засгийн газартаа гуйж авчирсны төлөөсийг төлж нэгэнт дууссан тул Ч.Улаан, Н.Удвал хоёрыг эвсэлтэй нь ярьж байгаад явуулчихсан нь дээр. Ажил хийнэ гэж тэдэнд найдсаны оронд сувай үнээнээс сүү ивлэхийг хүлээж суусан нь дээр. Энэ мэтээр урсгал засварыг хөгжилд, хүнд зориулсан бодлого боловсруулах учиртай яамддаа даруйхан, зоригтойхон шиг хийж, оронд нь арай дөнгүүр толгой олж тавихгүй бол самуураад дууслаа. Ийм засвар Алтанхуягийн болоод АН-ын хувьд “Хонь бүрэн, чоно цатгалан” байх гарц мөн биз ээ.


 С.БОЛД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.