Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАВРЫН УЛС ТӨР ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэлнэ. Улс төр буцална. Уг чуулганаар шийдэх ёстой олон чухал асуудал бий. Анх удаа хэлэлцэх асуудлын дарааллаа батлалгүйгээр чуулган эхэлж байгаа. Өмнөх УИХ-ын хавар, намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч ямар “тэсэлсэн” үг хэлэх бол гэж хүлээдэг байв. Харин шинэ УИХ-ын хувьд ийм хүлээлт сөрөг хүчнийхэн рүү чиглэжээ. Өнгөрсөн намрын чуулганы нээлтийн үеэр тэд өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн өссөнийг харуулсан статистик, тоон мэдээлэл бүхий цаас барьж суусан юм. Энэ удаа хаврын чуулган нээсэнд “зориулж” тэд пүрэв гаригт жагсаал зохион байгуулахаар болсон байна. Дээрээс нь Засгийн газрыг огцруулах ээлжит оролдлогоо хийхээр төлөвлөжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯА ЮУНААС ХАМААРАХ ВЭ

Хүссэн, хүсээгүй цаг авдаг, анхаарал татдаг нэг асуудал нь Засгийн газрыг огцруулах, эсэх байх болно. Н.Алтанхуягийн танхимд хамаатай, хувь заяаг нь өргөх, унагахыг шийдэхэд нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн асуудлыг энэ чуулганаар шийдэх ёстой. Сөрөг хүчнийхэн эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн уруудсан тухай тоо, баримтаа үндэслээд огцруулах асуудлыг дахин өргөн барих үед Н.Алтанхуяг өөрийгөө хамгаалах хийсэн ажилтай, хэлэх үгтэй суух учиртай. Үүний тулд шинэчлэлийн Засгийн газарт цагаан PR хэрэгтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “заасан замаар” явбал тэр эерэг оноогоо цуглуулж чадна биз. Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд хамаарах Шилэн дансны тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Хэдийгээр нэлээд хойгуур бичигдсэн ч энэ хуулийг баталж чадвал Засгийн газар нээлттэй, ил тод ажиллах гэж оролддогоо батлах юм. Мөн Засгийн газрын тухай хуулийн төсөл бий. АН-ынхан завсарлага аваад гацааж орхисон уг төслийг Төрийн тэргүүн санаачлахдаа хэрэгжүүлэх хугацааг 2016 оноос байхаар төлөвлөсөн.

Сөрөг хүчнийхэн уг хуулийг заавал энэ Засгийн газарт хамааруулахаар зүтгэж, шаардлагаа баталгаажуулахын тулд ирэх пүрэв гаригт жагсаал хийх юм билээ. Олонх тэднийг дэмжээгүй. Гагцхүү давхар дээлээ дан болгох агуулга бүхий уг хуулийн төслийг батлуулж чадвал шинэчлэлийн Засгийн газар том оноо авна. Дээрээс нь Төрийн тэргүүн Засгийн газрын бүтцийг өөрчилж, есөн яамтай болгох хуулийн төсөл санаачилсан байна лээ. Мэдээж хэрэгжүүлэх хугацаа нь Засгийн газрын тухай хуулийн төсөлд тусгасантай ижил. “Яамдын тоог олон болгож, төрийн бүтцийг данхайлгасан” гэсэн шүүмжлэлд өртдөг Засгийн газрын үед уг хуулийг гараас гаргавал мөн л эерэг үзүүлэлт. Энэ мэтээр оноо цуглуулах, бас төрийн тогтолцоог цэгцлэхэд чухал үүрэгтэй хуулиудаа олонх хэл үггүй батлуулж чадвал Засгийн газрыг унагах МАН-ын төлөвлөгөө төдийлөн газар авахгүй. Ийм хамгаалалтаа тэд хийж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулна.

СОНГУУЛЬ, НАМ, ҮНДСЭН ХУУЛЬ

Энэ чуулганаар шийднэ, ядаж хэлэлцэж эхэлнэ хэмээн найдлага тавьж буй гурван чухал хууль бол Сонгуулийн нэгдсэн, Улс төрийн намуудын, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байх юм. Сонгуулийн синдром эхлэхээс өмнө буюу энэ ондоо багтаан Сонгуулийн нэгдсэн хуулиа батлах ёстой. Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа төслийг хаврын чуулганаар өргөн барихаа мэдэгдсэн. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг ч энэ чуулганд танилцуулна. Л.Цог гиш үүний ахалсан Үндсэн хуулийн Ажлын хэсэг ч шуугиан дэгдээхүйц заалтууд бүхий төсөл оруулж ирж, улстөрчдийн цөсийг хөөргөх байх. УИХ-д нэр дэвших насны босгыг 40 хүргэж өндөрсгөх, Ерөнхийлөгчийн засаглалтай байх хүртэлх эрс өөрчлөлтийг энэ Ажлын хэсэг дээр ярьж буй юм билээ. “Удаан ажиллаж байгаа” хэмээн УИХ-ын даргаасаа шүүмжлэл хүртсэн Үндсэн хуулийн Ажлын хэсэг төслөө өргөн барьж, УИХ түүнийг нь хэлэлцээд баталчих юм бол түүхэн амжилт болно. Гэхдээ үе үеийн УИХ-аас ийм зориг гарч завдаагүй яваа юм.

УИХ-д суудалгүй намууд Сонгуулийн нэгдсэн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг татан буулгаж, шинээр байгуулах хүсэлт тавьчихаад хүлээж буй. Тэд Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогтыг “Ийм чухал асуудал боловсруулах Ажлын хэсгийг ахлах ёс зүйгүй хүн” хэмээн тодорхойлж, өөрчл өхийг шаардаж буй юм билээ. Оффшор бүсэд нээлгэсэн дансныхаа талаар “мартаж”, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүйн улмаас тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцорсон. Гэхдээ энэ хангалтгүй гэж УИХ-д суудалгүй намууд үзэж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэх үүнд тэднийг оруулахгүй бол МАН хэмээх “ах” нь УИХ дотроос эсэргүүцлийн акц хийж, жижиг намуудаа дэмжих гэнэ. Тэгэхээр төслөө өргөн барих хэмжээнд нэгдсэн зөвшилцөлд хүрч дуусааг үй байгаа эдгээр асуудалд тавих саад захаас аваад бий болох нь.

Эдгээрээс гадна чуулган дамнан хүлээгдэж буй Газрын тухай багц хуулийн төслөөс авахуулаад олон чухал асуудлыг хэлэлцэн батлах ёстой. Хаврын чуулганаар эдийн засгийн хүндрэлээ даван туулах бодлогыг баталж, түүгээрээ дамжуулан шинэчлэлийн Засгийн газар бүтэн үлдэх үү гэдгийг шийднэ. Хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд хаврын улс төр эхэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.