Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗҮЙ ЗОХИСТ ХАРИЛЦАА ЗҮЙРЛЭШГҮЙ ИХ ТУСТАЙ

 Хүмүүстэй зүй зохистой, зөв боловсон харилцаж сурна гэдэг эрдэм боловсролд шимтэн шамдахтай эн дүйцэхүйц, зайлшгүй суралцах эрдэм ухаан юм. Хүн хүнтэй зөвшин зохицож, хэн хэнтэй хэлэлцэн ярилцаж, эн тэнцүү харилцах чадвар эзэмшвэл насан туршид харанхуйд явахад гэрэл мэт, даарсан үед нөмөр мэт, төөрсөн цагт газарчин мэт хэрэг тус болно. Нэр, овгоор нь хэний хэн бэ гэдгийг мэдэх боломжтой, хэлж ярьж, хэлэлцэж ярилцаж байгаагаар нь чухам хэн бэ гэдгийг “таван үгэнд танигдана” гэдэг шиг таних боломжтой. Цэцнийг үг хэлээсэй гэж өндөлзөнө, тэнэгийг үг бүү дуугараасай гэж хавталзана. Хар санаж, хор нуугаагүй цагаан сэтгэлийн цайлган харилцаа уулзсан болгонд таатай, учирсан болгонд тааламжтай. Дээр дор, баян ядуу, хөгшин залуу гэж ялгаж алагчлалг үй, хэзээд нэгэн зангаар эелдэг дөлг өөн харьцдаг хүн олны хайрыг татаж, хүндлэл хүлээнэ. Ахмадыг хүндэлж, нялхсыг асарч, бусадтай нөхөрсөг найрсаг харьцах нь зөв хүний зохист үйлдэл. Зүй зохист харилцаа ноёрхсон газарт хүмүүсийн санаа сэтгэл тайван амгалан, тавтай найрамдуу, найрсаг нөхөрсөг уур амьсгал түгж, хийж бүтээх урам зориг бадарна. Бүх хүнтэй эелдэг харьц. Өөрөө эелдэг бус байж өрөөл бусдаас эелдэг харьцааг хүсэмжлэх нь үүлгүй тэнгэрээс хур хүлээхтэй адил утга учиргүй хэрэг. Хүнд ямар үгийг ямар аялгаар хэлнэ, тийм л хариуг тэр л аялгаар сонсоно. Ухаалаг асуулт тавьж байж ухаалаг хариулт авна. Тэнэг асуулт тавьчихаад тэнэг хариулт хэллээ гэж ундууцах нь мунхгийн цаадах мунхаг явдал. Зай завгүй хүнийг өөд уруугүй шалж, есөн жорын зүйл асууж, хэрэгтэй хэрэгг үй олон долоон юм ам хуурайгүй чалчигч харилцагчаа залхаан хөндийрүүлнэ. Ам нь завгүй хүний гар нь хөдлөх дургүй байдаг. Хурц хэл ухааны шинж, урт хэл мунхгийн шинж. Халиуран найгасан тариан талбайн захаар хогийн ургамал дүүрэн байхын адил сунжирсан урт яриан дотор утгагүй зүйл дүүрэн байдаг. “Үг олдохоороо ямагт таагүй” (М.Сервантес). Их мэд, бага ярь. Бага яриагаа оновчтой сайн ярь.

Харилцаж байгаа бүх хүмүүстээ хүндэтгэлтэй ханд. Хэн байх нь хамааг үй, хүнийх нь хувьд хүндэлж харьцах хэрэгтэй. Эх, эцгээ дээд зэргээр хайрлан хүндлэх нь элбэрэлт үрсийн ариун үүрэг. “Хүндэтгэл гэдэг бол эцэг, эхээ, мөн үр хүүхдээ хамгаалж буй харуулын цэрэг юм. Тэрээр эцэг, эхээ сэтгэлийн зовлонгоос, үр хүүхдээ дотроо гэмшихээс авардаг” (О.Бальзак). Эцэг эхийнхээ ачийг хариулж чадаагүй тухай хүмүүс харамсан халаглан ярьцгаадаг. “Ээж минь одоо байдагсан бол би хэзээ ч уурлуулахгүй” гэж нэгэн нэр хүндтэй эрхэм нулимсаа арчин, хожимдсон гэмшлээ цайруулж байхыг сонслоо. Аав, ээжийгээ уурлуулахгүй байна гэдэг том хүндлэл, их ачлал мөн билээ. Эцэг, эхээ хайрлан хүндлэх нь бүх буянтай бөгөөд ариун гэгээн үйлсийн эх ундарга мөн. Эх, эцгээ хүндлэх сэтгэлээр бусдыг хүндлэн харилцаж сурвал амьдралдаа маш ихийг хожно. Юу тарина, түүнийгээ хураана гэдгийн адил хүмүүстэй хүндэтгэлтэй харьцаж байж өөрөө бусдын хүндлэлийг хүлээх нь зүйн хэрэг. Өөрөө хүндлүүлэх юмтай байж бусдаар хүндлүүлнэ гэдгийг ойлго.

Хүндэтгэл хиймэл сүржин, албадлагын зохиомол бус чин сэтгэлийн байх учиртай. Хүндэтгэл, бялдуучлал хоёр гал, ус мэт харш. Ёс ёмбогор гэдэг ч хэт ёсорхог байдал хүндэтгэлийн ханшийг бууруулна. Чин сэтгэлийн хүндэтгэл бол хайр шингэсэн ариун тунгалаг мэдрэмж юм. Хүндэтгэлийн үгээр бодол санаагаа илэрхийлж сурах нь харилцааны маш том соёл. Хүндэтгэлийн хэллэг хэлний үзүүрээс бус, сэтгэлийн гүнээс хэлэгддэг билээ. Өнгөн дээрээ бол бал бурам мэт хүндэтгэлийн үгийг хөврүүлэх мөртлөө өрцөн дотроо хар санаж, хор нуусан хоёр нүүртэнтэй сүжрэх хэрэггүй. Сэтгэлд хуримтлагдсан хайр, нандин бүхнээ хүндэтгэлийн үгээр онож хэлж, үйлдлээр баталж нотолж бай. Жинхэнэ хүндэтгэл зүрх сэтгэлээс ундарна. Өөрийгөө илэрхийлэх чадвар хүм үүс хоорондын харилцаанд онцгой чухал үүрэгтэй. Өөрийгөө илэрхийлэх чадвараар дутмаг хүмүүс байх ёстой түвшнээсээ ямагт дор оршиж, урагш ахиж, өөдөө өгсөх замдаа тээг тавин, өөрийгөө арагш чангаана. Урагш ахихгүй байгаа хүн арагшаа ухарч байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрийгөө зөв илэрхийлэх дадал эзэмшсэн сайн харилцагч хэлэх гэсэн үг, ярих гэсэн зүйлээ шууд хэлж, зөв ойлгуулна. Тэд ямар ч үед өөртөө итгэлтэй, юу хүсэж, юунд хүрэхээ тооцож бодсон байдаг. Сайн харилцан ярилцагч хэлж ярих нь тов тодорхой, сонсож байгаа хүндээ нэн ойлгомжтой өгүүлнэ. Хэлэх үг нь илэн далангүй, хэнтэй ч ойр дотно харилцааг үүсгэнэ. Яриа хөөрөө нь энгийн бөгөөд ухаалаг. Ярилцаж байгаа хүндээ бүх анхаарлаа төвлөрүүлж, үгийг нь анхааралтай сонсож, ярианд татагдан, уусан шингэх байдалд хөтлөн аваачиж, эрх тэгш, ойр дотно ярилцах уур амьсгалыг бүрдүүлнэ. Хүмүүсийн харилцаа эрх тэгш байдлыг шаарддаг. Нэг талын, ганцаараа ярьсан нуршуу яриа уйтгартай. Харилцан ярьж, бие биенээ тэвчээртэй сонсож, үг хэлээ ололцож, бүгдээр сэтгэл ханамжтай үлдэх уулзалт яриа сонирхолтой бөг өөд үр ашигтай.

Итгэлцэлгүйгээр тэгш шударга, бөх бат харилцаа үүсэхгүй. Итгэл нь харилцаа хийгээд нөхөрлөлийг ойртуулан гагнаж, ойлголцуулан батжуулах сэтгэлийн гүнд орших аугаа их хүч юм. Итгэлгүй хүнтэй үг бүү зөвлө, итгэлт нөхрөөс үгээ бүү нуу. Итгэлийг хортойгоор ашиглаж болохгүй. Итгэлийг хортойгоор ашиглах нь зөөлөн хэлбэл дээд зэргээр зэвүүцэм жудаггүй үйлдэл, хатуухан хэлбэл гэмт хэрэг. Хүмүүстэй ярилцахдаа сонсож байгаа харилцагчийнхаа дур сонирхол, байр байдлыг мэдрэх мэдрэмжтэй байхыг хичээ. Дургүй ламд дарж байж сахил хүртээв гэдэг шиг сонсох дургүй байгаа хүнд амнаас алтаар урсан гарах үгс ч нэг чихээр нь ороод нөгөөгөөр нь гарч, хайран цаг, хүч хөдөлмөрийг чинь үрэн таран хийнэ. Хэнтэй, хэзээ, яаж, юу ярихаа урьдчилан тооцож бэлдсэн ухаалаг бөгөөд үнэнд ойр, шулуун шударга үг хүмүүсийн ой тойнд хүрч, зүрх сэтгэлийг эзэмдэнэ. Харилцагчийнхаа сонирхол, хамгийн сайн мэддэг зүйлийг нь хөндөж яриа хөөрөөгөө өрнүүлж эхэлбэл нөхөрсөг харилцаа үүсч, сайн ойлголцох үүд нээгдэнэ. Харилцан ярилцах явцад улам бүр ухаан нэмж, ухаарал өгч, зөвийг хэлж, үнэнийг дуугарч байгаа хүмүүстэй улам бүр ойртохыг эрмэлзэх хэрэгтэй. Зүй зохист харилцаа зүйрлэшгүй их ач тустай.

Аливаа маргаан сөргөлдөөн, тэмцэл зөрчил, үзэн ядалт, гэр бүлд үүсч байгаа том жижиг асуудлууд зүй зохисгүй харилцаанаас үүдэлтэй. Зүй зохисгүй харицаатай хүн үнэхээр зүдэргээтэй, алба, амины аль ч асуудлыг ярилцаж шийдэхэд зовлонтой. Зүй зохисгүй харилцаа хүмүүст яршиг төвөг удахын зэрэгцээ өөртөө зовлон дуудаж, бэрхшээл үүсгэн, сэтгэл санааны дарамт учруулдаг бөөн хар гай учир аль болох зүй зохист харилцаанд суралц. Юу юуны туханд хүрэлгүй гал дээр тос асгах мэт дүрэлзэх ууртай ширүүн, хэдэр ядар хүний аяыг аялж, эвийг олж ярилцаж харилцах хэцүү. Дээшээ долигонож, доошоо чичлэх харшмал дээрэлхүү, харьцаа муутай бялдуучид хавьтсан ойртсон бүгд дургүй. Юу хэлэх гээд байгаа нь тодорхой бус, хэлж ярьж байгаа нь ойлгомжгүй, хэлэх гэснээ шууд бус, тойруу утгаар илэрхийлдэг учир битүүлэг харилцагчтай ажил хэрэг ярьж, асуудал шийдэх бэрх. Нөгөө хүнээ сонсохгүй эс бөгөөс яриаг нь тас дайран тасалж, зөвх өн өөрөө эцэс төгсгөлгүй ярьж, санаа бодлоо тулгах нь зохисгүй, тун бүд үүлэг үйлдэл. Юу хэлж, юу ярьж байгаагаа байнга хянаж, дүгнэж цэгнэж бай. Харааны гажгийг эмчээр засуулна, ярианы гажгийг өөрөө засна. Сайн ярьж, ухаалаг харилцаж сурахаас дутуугүй тэвчээртэй сонсож сурахаар чармай. “Сонсож сурах нь сайн ярилцагч болох цорын ганц арга юм” (К.Морли). Хэрэгтэй цагт хэлээ хазаж, амаа хамхиж сурвал амны алдаанаас сэргийлэх найдвартай хамгаалалттай болно. Энэ үгийг тэр үед хэлэх минь яалаа даа гэж нэг удаа харамсдаг бол дуугүй байх минь яав даа гэж олон дахин харамсдаг. “Хэлэлгүй тэвчсэн үг чиний боол, харин чамаас цоргилон гарсан үг чиний ноён болдог” (Хафиз).

Шийдвэрлэвэл зохих алба, амины ээдрээ түвэгтэй асуудлаас халгаж зүрхшээн хойш тавих биш, ямааны мах халуун дээрээ гэдэг шиг шууд барьж аван, ярилцан хэлэлцэж, ойлголтоо ойртуулан нэгтгэж, шийдэх хэрэгтэй. Битүү хатуу зүйлийг буруу зөрүү ойлголцож, түүнийгээ ил гарган хэлж яриагүйгээс дотроо буглан бачууруулсаар сүү шиг сэтгэл ээдэж, тос мэт сэтгэл царцаж болохыг мэд.

Хэн хүнтэй харилцаж ярилцахдаа хянуур няхуур, хүлээцтэй хашир байх нь сайны шинж. Гэхдээ цаанаа л нэг нуугдмал, хаяагаа манасан, далдуур санаа, дотуур тамиртай, хол хөндий, хүйтэн царайлаад байвал ойртон нөхөрлөх нь бүү хэл ярилцаж харилцах нөхөд дөлөн холдоно гэдгийг ухаар. Хэлэх гэсэн юмаа үгээр илэрхийлж чаддаггүй, бүрэг ичимхий, аймхай зожиг, өөртөө итгэлгүй, бусдын үг яриаг үл тоосон, үл анзаарсан, үл тоомсорлосон ихэрх үү бардам, зөрүүд адайр зэрэг хүнлэг харилцаанд харшлах зүй зохисг үй ааш авиртай бол одооноос эхлэн засч залруулахаар өөртөө хатуу шаардлага тавиарай. Өөрийгөө албадан шахах замаар үүнийг бүгд хийж чадна, чадсаны эцэст зүй зохистой харилцааны зөв сайн бүхэн цогцлон бүрдэж, насан туршид гэрэл гэгээ сацруулан амьдралын замыг гийг үүлж, ач тусаа өгсөөр байх болно. Өөрийг өө ялахын тулд хамаг хүчээ дайчлаарай. Өөртөө үргэлж тусалдаг хүнд тэнгэр бурхан ямагт тусална.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.