Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАТ-ӨЛЗИЙ СУМЫНХАН АРИУН ДАГШИН НУТАГ РУУГАА ХӨРӨӨ, СҮХ БАРИН ДАЙРЧЭЭ

 Малын хулгайч айлын хоттой хэдээс цөлмөж, ашиг олдог бол модны хулгайч нар байгаль дэлхийгээ үгүйрэн хоосруулж, ангамал цөл болгоход хүргэж буй. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 10 хүрэхгүй хувийг эзэлдэг ойн санг сувдаг сэтгэлтнүүд устгаж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан “Сүүлийн жилүүдэд ойн нөөц нэмэгдэж байгаа” гэж ярьж буй ч ачир дээрээ эсрэгээрээ байгаа гэдэгтэй олон хүний санал нийлэх биз. Нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ой эзэлдэг гэж 20-30 жилийн өмнөх ерөнхий боловсролын сургуулийн бурах бичигт бичсэн байдгийг өнөөдөр тус яамныхан ярьсан хэвээр. Харин хууль хяналтын болон иргэний нийгмийн байгууллагынхан зургаан хувийг л эзлэх болсон гэж ярьдаг нь үнэнд арай ойр. Хулгайгаар мод бэлтгэгчидтэй эрчимтэй тэмцэхгүй бол ойн сан улам бүр багасах нь ойлгомжтой. Тиймдээ ч тус яамнаас мод экспортлохыг хориглох шийдвэр гаргасан нь сайн хэрэг ч дотоодын зах зээлд борлуулж буй мод, модон бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоохгүй бол ойгоо устгаад, арзайж, сэрзийсэн ёзоор, үлдэгдлийг нь харж, сайхан байгальтай байж билээ гээд дурсамж өгүүлж суух уу. Өнөөдөр монголчууд бид байгальдаа дайсагнах, ой модоо зоосны нүхээр харах сэтгэлгээнээс болж, олон гол, горхи ширгэж, онгон дагшин байгаль хөрсний доройтол, цөлжилт өд нэрвэгдэж байгааг зүгээр харсаар суух гэж үү. Хүн байгальтай хэдий зэрлэг харьцана, байгаль түүнээс нь илүүтэйгээр хариугаа авдаг гэдэг.

СУДАР НОМЫН ШҮНШИГ ШИНГЭСЭН ГАЗРЫГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРАВ

Өнөөдөр монголчууд хэдхэн бор төгрөгийн төлөө ой тайгаа юу ч үгүй болтол хөрөөдөж, дархан цаазтай, онгон дагшин байгаль руугаа халдаж байна. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт 30 га газрын ургаа модыг их хэмжээгээр огтолсон хэрэг гарсан талаар “Өнөөдөр” сонин мэдээлсэн. Тус аймгийн ИТХ хуулиас давсан шийдвэр гаргаж, зөвшөөрөл олгосон нь модны хулгайчдыг өөгшүүлсэн юм. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газарт Төвхөн хийд оршдог. Монголын Утай Гүмбүм гэх энэ хийдийн орчимд их хэмжээний нойтон мод огтолсон хэрэг гарав. Бид энэ хууль бус үйлдлийг газар дээрээс нь сурвалжиллаа.

Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарыг монголчууд шүтэн дээдэлдэг. Гэтэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын зарим иргэн судар номын шүншиг шингэсэн байгалийн сайхан газартаа цахилгаан хөрөө, хүчит техникийн дуу хадааж, нэлээд олон машин мод бэлтгэжээ. Уг нь тэр газарт олон зууны тэртээ анхдугаар Богд аглаг уулсын тэргүүнд бүтээлийн өргөөгөө байгуулж, уран хийцээрээ дэлхийд гайхагдаж буй бурхан шүтээнээ бүтээж, монголчууд бидний шүтэн дээдэлж буй алтан соёмбыг зохиосон түүхийн, экологийн ач холбогдолтой газар. Өндөр гэгээн Г.Занабазар 1648 онд 14 настайдаа ой модоор хүрээлэгдсэн Шивээт-Улаан хэмээх өндөр уулын орой дахь эгц хадан хана, байц дэвсэг бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонгон, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг дуган бариулж, Дубхан буюу бүтээх байр хэмээн нэрийдсэн гэдэг. Дубхан гэх үг сунжирсаар өдгөө Төвхөн болжээ. Өндөр гэгээн Занабазар тэнд сууж байхдаа 1686 онд соёмбо үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” зэрэг зохиолоо туурвиж байсан аж.

Энэ газарт цахилгаан хөрөөний дуу хадааж, хүнд даацын машинаар модыг нь цагаалах зүрх хаа холоос очсон хүмүүст байхгүй нь ойлгомжтой. Харин тэр хавьд нутаглаж буй сувдаг сэтгэлтнүүдийн үйлдэл гэхэд болно.

Бат-Өлзий сумаас зүүн хойш 27 км газарт Төвхөн хийдийн урд дор орших Сүвээ, Санж гэх хоёр газарт хууль бусаар их хэмжээний мод бэлтгэжээ. Бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус суманд очиж, мод бэлтгэсэн газарт хүрэв. Бат-Өлзий суманд ахиу цас унасан болоод ч тэр үү, шавар шалбааг ихтэй, уулын цас хайлж, хөвд норсон болохоор машинтай бүү хэл, морьтой ч явахад хэцүү байлаа. Бид машинаар, шавар шалбаагтай газраар явган явсаар их хэмжээгээр мод бэлтгэсэн газарт ирлээ. Тэнд “Газ-66”, “Зил-130” маркийн автомашины дугуйн мөр, метр орчим өндөртэй ёрдойсон олон ёзоор харагдав. Мод бэлтгэсэн хоёр уул руу нь нэг амаар орох бөгөөд тэр амны эхэнд хоёр айл өвөлжжээ. “Тэдгээр айлаар ороод нэмэргүй, ямар ч юм хэлж өгөхгүй” гэж Сумын цагдаагийн хэсгийнхэн хэлсэн болохоор буулгүй өнгөрч ууланд хүрсэн юм. Дээрх хоёр амны нэгэнд нь 190-ээд, нөгөөд нь 200 гаруй мод огтолж, заримыг нь ачиж явсан, нэлээд хэсгийг нь ачихад бэлтгэн мөчирлөсөн байв. Дээрх хоёр газарт хөрөөдөж, үлдсэн ёзооруудыг тоолоход 402 байсан юм.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН БАЙЦААГЧ МОДНЫ ХУЛГАЙЧИДТАЙ ХУЙВАЛДАВ УУ

Тэнд их хэмжээний модыг 1-2-хон хоногийн дотор хөрөөдөөгүй нь ойлгомжтой. 2-4 метрээр тайрснаас нь үзвэл түлшинд хэрэглэх мод биш гэдэг нь ойлгомжтой байлаа. Хамгийн багаар тооцоход 10-аад машин мод бэлтгэхэд нэлээд хугацаа шаардана. Цахилгаан хөрөөний мотор, машины дуу чимээ аглаг уулсын дунд цуурайтан тод сонсогдох нь мэдээж. Гэтэл Сүвээ, Санжийн хажуугийн аманд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас томилогдсон байгаль орчны хяналтын улсын байцаагч цалин аваад сууж байсан гэвэл итгэхэд бэрх. Уулсын дунд цуурай хадаах моторын дуу чихнийх нь хаагуур, өнгөрсөн байх вэ.

Их хэмжээний буюу 400 гаруй мод байгалийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийн гараар орж, ёзоор болтол нь хядсан асуудлыг хууль хяналтын байгууллагынхан зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Тиймээс Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсэг, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар болон Хархорин дахь Сум дундын Прокурорын газраас байдалтай газар дээр нь танилцаж, улмаар Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас их хэмжээний мод огтолж, экологид 60 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан энэ хэрэгт Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагчийг буруутгаж буй гэсэн. Харин хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгт Сүвээ, Санжийн аманд өвөлжиж байсан хоёр айлынхныг сэжиглэж буй юм билээ. Тиймээс биднийг “Тэдгээр айлаар ороод хэрэггүй, ямар ч нэг зүйл хэлэхгүй, эсвэл биед чинь халдаж магадгүй” хэмээн хориглосон юм байж.

Сүвээ, Санжийн ам. 2014.03.22

Сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Янжиндулам “Их хэмжээний мод бэлтгэсэн газрын хажуугийн аманд Т гэдэг байцаагч байдаг юм. Төвхөний орчимд их хэмжээний мод хууль бусаар бэлтгэсэн гэсэн мэдээллийн дагуу биднийг очиж шалгахад хоёр ч машины мөр байсан. Цагдаагийн байгууллагаас тэр аманд өвөлжиж буй хоёр айлын хүмүүсийг сэжиглэж байгаа. Сэжиглэх хэд хэдэн үндэслэлтэй юм билээ. Тухайлбал, айлын гадаа машин зогсож байсан гэдэг. Мод бэлтгэсэн газарт тэр айлуудын гадаа байсан машины мөр үлдсэн. Сүвээ, Санжийн ам руу тэр хоёр айлын хажуугаар гарахаас өөр зам байхгүй зэрэг баримтад тулгуурлан сэжиглэж буй юм” гэв.

Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, дэд хурандаа Э.Чулуунтай уулзахад “Хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалт эхэлсэн тул мэдээлэл өгөх боломжгүй. Тус суманд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нэртэй 2-3 хүн Орхоны хөндийн хамгаалалтын захиргаанаас байрладаг. Тэд конторын ажилтай хүн шиг нуруугаа үүрээд сумын захиргаагаар эргэлдэж байхынхаа оронд хариуцсан бүс нутагтаа, уулынхаа аманд хяналтаа тавиад сууж байх хэрэгтэй байна. Байгаль нь сүйдэж байхад байгаль орчны байцаагч нь ч тэр, тухайн бүс нутагт өвөлжиж, хаваржиж буй малчид нь ч тэр нүдэн балай чихэн дүлий суусан нь хачирхалтай” гэлээ.

Сүүлдээ мод бэлтгэсэн амыг тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй хэмээн зарим албан тушаалтан хэлж буй гэсэн. “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт орчихоод байхад Төвхөн хийдийн орчим яахаараа тусгай хамгаалалтад байдаггүй юм бэ” хэмээн уурсах иргэд ч байв.

Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан тусгай хамгаалалттай газар нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн бол нэг мод унагасан ч хорих ялаар шийтгүүлэх хууль өнөөдөр үйлчилдэг. Тухайлбал, Богд хан уулаас нэг мод огтолсон хүн 1-2 жилийн хорих ялаар шийтгүүлж, нарсанд сууж байгаа. Тэгэхээр Орхоны хөндийн байгалийн цогцолборт газраас 400 гаруй мод огтолсон этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага өндөр байх гэнэ. Хууль хяналтын байгууллагынхны хэлснээр Төвхөн хийд орчмын нутгийн ам болох Сүвээ, Санжаас хууль бусаар их хэмжээний мод огтолсноос байгаль экологид учирсан хохирол 60 гаруй сая төгрөгийг гэм буруутай этгээдүүдээр гурав нугалан төлүүлэх, унаа, хэрэгслийг нь улсын орлого болгох аж. Мод бэлтгэсэн этгээдүүдийн гэм буруу нь тогтоогдвол олсон орлогоосоо хэд дахин илүү төлбөрт унах юм байна.

МОДНЫ ХУЛГАЙЧДЫН ГОЛ УНАА МОТОЦИКЛЬ

Өвөрхангай аймгийн хойд талын буюу хангайн бүсийн таван сум ой модоор баялаг. Түүнийгээ дагаад гэрийн модны бизнес эрчимтэй хөгжсөн газар. Зөвхөн бидний очсон Бат-Өлзий сум гэхэд 269.9 га нутаг дэвсгэртэй бөгөөд түүний 102.3 га нь ойн сан бүхий газар аж. Тус суманд мэргэжлийн гурван байгууллага зургаан хөрөө рам ажиллуулдаг бол зөвшөөрөлгүй 15 хөрөө рам ажиллаж байсныг Сум дундын Прокурорын газар, Ойн анги, Байгаль орчны хяналтын албаныхан зогсоогоод байгаа гэнэ. Хархорин дахь Сум дундын Прокурорын газраас биднийг тус суманд очоод байх үед прокурорууд ирж, иргэдтэй уулзсан бөгөөд нутгийнхан “Бид модноосоо өөр амь зуулга олох эх үүсвэр байхгүй, модоо огтлохгүй гээд яах юм бэ” хэмээн уурсан прокуроруудыг хөөх нь холгүй байсан.

Тус сумын иргэд 10-аад сая төгрөгийн зээл авч, түүгээрээ БНХАУ-д үйлдвэрлэсэн туузан хөрөө худалдан авч суурилуулан хуулийн дагуу болон хууль бусаар огтолсон модоо зүсэж, борлуулах, цаашлаад гэрийн мод хийж худалддаг юм байна. Хэдэн жилийн өмнө Заамарт зарим барааг шуудайтай шороогоор сольж байсан гэдэг. Түүнтэй адил Бат-Өлзий суманд модоор бараа солих тохиолдол байдаг гэнэ. Тухайлбал, сумын Соёлын төвийн үүдэн дэх зарлалын самбарт “Ланд круйзер-80 автомашин зарна. Төлбөрт нь банз, мод оролцуулна” гэсэн зарлал байлаа.

Бат-Өлзий сумын зарим хүнд ойгоос мод бэлтгэх, бараа бүтээгдэх үүн хийж, худалдах нь ашигтай байдаг бололтой. Тиймдээ ч шөнө, оройн цагаар хулгайгаар сумынхаа ойр орчмын уул руу хөрөө, сүхээ барин дайрдаг гэсэн. Түүнийгээ бөөнөөр нь оруулж ирвэл цагдаа, байгаль орчны байцаагч нарт баригдаж, цагдаагийн хэсгийн үүдэнд “чулуу няслан” суух болдог тул хүний хөл татарсан хойно 1-2 ширхгээр нь сумын төвдөө авчирч, зүсдэг бололтой. Хотоос тус сумыг зорьсон микроавтобус шөнө 01.00-02.00 цагийн үед очдог юм байна. Биднийг сумын төв рүү орох гэж явахад мотоцикльтой эр ардаа хоёр метрийн урттай нэг бүдүүн мод ачиж явсан бөгөөд машинтай хүмүүс дөхөөд ирэхэд гэрлээ унтраан замаас гарч нэлээд хол очоод зогсож харагдсан. Энэ мэтээр оруулж ирсэн модоо боловсруулан борлуулж, овоо хэдэн төгрөг олдог бололтой.

Тус сумынхны амьжиргаа ч гайгүй гэгддэг юм билээ. Байгалийн баялаг руугаа дайрч, өндөр үнээр борлуулж буй болохоор арга ч үгүй биз. Зөвхөн Бат-Өлзий суманд 60 гаруй дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний 40 орчим нь архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй. Долоон мянган хүн амтай тус суманд архины дэлгүүр чамгүй ашигтай байдаг нь эндээс харагдана. Нэг суманд ийм олон архины дэлгүүрт тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага юу бодож байсан юм бол. Мод руугаа дайрч, банз, гэрийн мод хийж худалдан борлуулчихаад олсон хэдэн төгрөгөөрөө архины 40 дэлгүүрээрээ үйлчлүүлдэгээс ахуйн хүрээний архидалт, танхай, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг олон гардаг талаар сумын Цагдаагийн хэсгийнхэн хэлж байсан.

Байгалиа сүйтгээд баяжсан хүн байдаггүй гэдэг. Бат-Өлзий сумынхан тусгай хамгаалалттай газар нутаг руугаа дайралгүй, байгалийн аялал жуулчлал хөгжүүлж, гадаад, дотоодынхныг татвал илүү амттай хооллож болохсон.



0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.