Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.АЛТАНХУЯГ: ХАВРЫН ЧУУЛГАНД БАГЦЫН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАЙЛАНГАА ТАВИНА

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа Засгийн газрын тэргүүн танилцууллаа. Баян-Өлгий аймагт битүү зах нээгдсэнээр баруун гурван аймаг ийм захтай болж буй аж. Эдгээрийг байгуулахад Ерөнхий сайдын багцад хуваарилсан 50 тэрбум төгрөгөөс есөн тэрбумыг зарцуулсан гэнэ. Тэрбээр “Уг мөнгөнөөс 30 тэрбум төгрөгийг нь 11 аймагт оношлогооны төв байгуулахад зориулсан. Үлдсэн мөнгөөр нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам зэргийг барихад зориулах юм. Мөн ойрын хоёр долоо хоногт “Залуучууд хөгжлийн төв” нээнэ. Хаврын чуулган эхлэхээр багцын 50 тэрбум төгрөгөө юунд зарцуулсан тухай тайланг тавих болно” гэлээ.

Энэ удаагийн уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцсон юм. Шинэчлэлийн Засгийн газар бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих, авлигыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг тэр дурдаад, “ЗЦГ-т шинэчлэл хийснээр цагдаа нар бэлэн мөнгөөр торгууль тавихаа больсон. Үүний адил шинэчлэлийг татвар, гааль, МХЕГ зэрэгт хийнэ. Энэ шинэчлэл, өөрчлөлтийг хэвлэл мэдээллийнхэн анхааралдаа авч, дэмжиж өгөөч” гэсэн юм. Үүний дараа сэтгүүлчид асуулт тавилаа.

-Орон нутгийн хөгжлийн сангийн дийлэнх хөрөнгөөр, ИТХ-ын дарга Засаг дарга нь машин авч унасан хэрэг Дорнод аймагт гарсан байна. Ийм тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ, энэ сангийн хөрөнгийн зарцуулалтад хэн хяналт тавих юм бол?

-Уг нь тухайн орон нутагт хэрэгцээтэй, шаардлагатай юу байгааг иргэдээсээ асууж байгаад уг сангийн хөрөнгийг зориулах учиртай. Засаг дарга нар нь машин авч унасан нь тогтоогдвол хариуцлага тооцно. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад Засгийн газар хяналт тавихгүй л дээ.

-Ховд аймгийн Засаг дарга байсан хүн орон нутгийн төсвөөсөө 2.2 тэрбум төгрөгийг сонгуульд нэр дэвшихдээ зарцуулсан байна. Тэр хүн нь ажлаа хүлээлгээд өгчихсөн гээд хариуцлага тооцохгүй яваад байж болж байна уу?

-Хууль зөрчсөн бол Засаг дарга байхаа больсноос үл хамаараад хариуцлага хүлээлгэх ёстой.

-ОХУ шатахууны үнээ нэмнэ гэсэн мэдээлэл байна. Манай улс нийт шатахууны 40 хувийг “Роснефть” компаниас авч байгаа учраас үнэ ханшид нөлөөлөх үү?

-Бид “Роснефть” компанийн удирдлагатай уулзсан. Тэд манай улсад урт хугацааны турш шатахуун нийлүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн. Үнийн тухай яриагүй. Ер нь шатахууны үнийн өсөлт сүүлийн жилүүдийнхтэй харьцуулбал тогтвортой байгаа нь олон эх үүсвэртэй болсонтой холбоотой.

-УИХ-ын ээлжит бус чуулган хойшилсон нь Засгийн газраас тодотгол өргөн барих ажил түр завсарласантай холбоотой гэж бичиж байна.

-УИХ дахь бүлгүүдээс “Ээлжит бус чуулган хийх шаардлагагүй” гэсэн санал гаргасан учраас хойшилсон юм шиг байна лээ. Засгийн газраас болоогүй шүү дээ. Царцаасан 243 төсөл, арга хэмжээнд аудит хийсэн. Энэ дүгнэлтээ тэд Засгийн газарт биш, түрүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулсан. Аудитын дүгнэлтээр Засгийн газар асуудал шийдэхгүй.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.