Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөнгөн үйлдвэрийг дэмжих зээлийн хүү нэг хувиар өсөж магадгүй гэв

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн баялаг бүтээгчидтэй хийсэн өчигдрийн уулзалтад бизнес эрхлэгч 150 орчим хүн оролцож, санал хүсэлт, тулгарч буй асуудлаа хэлж хамтдаа шийдэл хайлаа. “Санхүүгийн өршөөлийн тухай хууль гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг өмнөх уулзалтын үеэр тавьсан. Энэ санал ажил хэрэг болж байгаа эсэхийг тодруулсан асуултад Ерөнхий сайд “Саналын дагуу эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Хууль зүй, Эдийн засгийн хөгжил, Сангийн сайд нар Ажлын хэсэгт ажиллаж байна” гэлээ. Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрийн төслийн шалгаруулалт ямар шатанд яваа талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Үлдсэн 888 төсөлд зээл хүссэн нийт хэмжээ 4.5 их наяд төгрөг. Засгийн газар, арилжааны банкууд тус бүр нэг их наяд төгрөг гаргах бололцоотой гэж төлөвлөж байна. Ижил төстэй төсөл олон бий. Ийм төслийн хувьд салбарын яамд нь бодлогоо гаргана” гэсэн хариулт өгсөн юм. Газрын тосны тухай хуулийн төслийн тухайд тэрбээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд багтсаныг дуулгалаа. Мөн ноос ноолуур, хөнгөн үйлдвэрийг дэмжихэд “Чингис” бондоос 270 тэрбум төгрөгийн зээл олгохоор өнгөрсөн оны наймдугаар сард шийдвэрлэсэн ч зээлээ авч чадаагүй аж ахуйн нэгж олон байна. Тиймээс энэ зээлийг бусад банкаар олгохоор яриа хийгдэж байгаа. Энэ тохиолдолд зээлийн хүүгийн хэмжээ нэг хувиар өснө гэж Н.Батбаяр сайд хэллээ. Энэ нөхцөлийг зөвшөөрөхөө хөнгөн үйлдвэрийн салбарынхан илэрхийллээ. “Татварын хоёр дахь шатны шинэчлэлийн хүрээнд татварыг нэг ч төгрөгөөр нэмэхгүй, шинээр ямар ч татвар бий болгохгүй. Гагцхүү хуулийн хүрээнд татвараа тэгш шударгаар төлдөг болгохын төлөө ажиллаж байгаа. Жижиг дунд үйлдвэрт төлсөн татварынх нь хэмжээгээр дараа жил нь хөрөнгө оруулалт хийх бололцоог эрэлхийлж ажиллаж байгаа” гэж Сангийн сайд Ч.Улаан мэдэгдсэн.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.