Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амрахгүй ажиллана гэсэн чинь яасан бэ, Н.АЛТАНХУЯГ САЙД АА

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

– …Би үнэнийг л хэлнэ. Сайд болно гэдэг тоглоом биш. Ялангуяа энэ Засгийн газарт сайд болж байгаа хүн албан тушаал авна гэхээс илүүтэй ажил хийх гэж ирж байгаа юм шүү. Хамгийн тэргүүнд тавьж байгаа шаардлага гэвэл өдөрт 12-оос доош цаг ажиллахгүй. Ээлжийн амралт байхгүй. “Хагас сайн өдөр” гэж байхгүй. Гадаад улсад явах шаардлага гарвал жилд хоёроос илүү явахгүй. Ажил хийхийн тулд ийм асуудал ярьж байгаа гэдгийг ойлго. Тэр ч бүү хэл Засгийн газрын гишүүд тангараг өргөнө.

                                                            (2012 оны есдүгээр сарын 6. “Өдрийн сонин”)

Шадар сайд Д.Тэрбишдагва:

-…Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн чухал ажил нь үүрэг, хариуцлагыг сайжруулна. Аливаа улс орон хөгжихөд хамгийн их хариуцлага үүрч байгаа хүмүүс нь өөрсдөө манлайлах ёстой. Ойрын жишээ татахад, Сингапур, Япон, Солонгос зэрэг улс орны удирдагчид өдөрт тогтмол 12 цагаас дээш, шаардлагатай тохиолдолд 16-17 цаг ажилладаг. Тиймээс шинэчлэлийн Засгийн газрын сайд нар ажлын өдөр 12-оос дээш цаг ажиллаж байна. Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийдэг боллоо. Манлайллыг бид өөрсдөөсөө эхэлнэ.

                                                              (2012 оны есдүгээр сарын 26. “Зууны мэдээ”)

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:

-…Сайд гэдгийг эрх мэдэл, албан тушаал гэхээс илүү үүрэг хариуцлага гэж ойлгох ёстой. Нэгэнт төрийн өмнө хариуцлага хүлээж, албан тушаалд очиж байгаа бол ажлаа хийх л ёстой. Миний хувьд 1989 оноос хойш бараг амраагүй. Улс төрийн ажил цаг завгүй байдаг. Өдөрт 12 цаг ажиллах нь ердийн учраас гайхаж, бэргэх зүйл биш

                                                            (2012 оны есдүгээр сарын 4. “Зууны мэдээ”)

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:

-…Одоогоор гарын үсэг зурсан амлалтдаа үнэнч байна. Сүүлийн хэдэн долоо хоног амралтгүй ажиллалаа. Өдрийн 12 цагаар хязгаарлахгүйгээр ажиллаж байна.

                                                            (2012 оны наймдугаар сарын 28. www.assa.mn)

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хэлж, ярьж байсан зарим зүйлийг сануулахын тулд дээрхийг эш татав. Гэхдээ “Монгол” гэдэг өрх гэрийн өдөр тутмын ажил, амьдралтай зууралдаж байдаг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хэлсэн улс орны хөгжил дэвшилтэй холбоотой макро асуудлын хэрэгжилт, биелэлтийг нэхэн сануулах гэсэнгүй. Засгийн газрын тэргүүний хувьд сайд нартаа ямар шаардлага тавьж, танхимаараа хэрхэн ажиллах тухайгаа хэлж байсан түүний амлалт, хэлсэн үгийг эргэж сануулъя. Төрийн сайд хүний амнаас унасан үг, амлалт уг нь хууль байх учиртай. Ер нь бол шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд нарт харьцангуй өндөр шаардлага тавьсан. Тиймээс ч сайд нар нь Засгийн газраас гарсан тушаал, шийдвэрийг олон нийтэд нээлттэй байлгах, авлигын эсрэг тууштай тэмцэх, яамны орон тоог нэмэгдүүлэхгүй, салбар бүрт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх, өдөрт 12-оос дээш цагаар, амралтын өдөргүй, ням гариг бүр байгууллага, орон нутагт ажиллах, бямба гаригт Засгийн газрын хуралдаанд оролцох, гадаад албан томилолтоор жилд хоёроос илүү явахгүй, цаг баримтлах зарчмыг хатуу мөрдөх, аливаа томилгоо хийхдээ Ерөнхий сайдаас чиглэл авах гэхчилэн тодорхой шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, мөрдлөг болгохоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан юм билээ.

Засгийн газар бямба гаригт хуралдахаа байгаад сар илүү болж байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын ээлжит чуулган завсарласнаас хойш баасан гаригт хуралдах болсон. Энэ нь тодорхой хугацаанд буюу УИХ-ын хаврын чуулган эхлэх хүртэл үргэлжилнэ гэж байгаа ч Н.Алтанхуяг сайд анх ингэж хэлээгүй шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын хоёроос бусад нь УИХ-ын гишүүний үүргийг давхар хүлээдэг тул хууль тогтоох байгууллагын ирц, үйл ажиллагаанд нөлөөлөхгүйн тулд бямба гаригт хуралддаг байсан гэж амрах шалтгаа тайлбарлаж байгаа нь утгагүй. Тэгээд ч тэдний хууль тогтоох үйл ажиллагаанд оролцсон ирц, идэвх туйлын хангалтгүй байсан. Ямар сайндаа л сайдын “давхар дээлэндээ” түүртэж байна гэж дүгнэж байхав. Бямбаас баасан руу хуралдаанаа татаж байгаа хүмүүс хагас сайнд амрахгүй, ажиллана гэдэг юу л бол. Бас бүтэн сайнд харьяа байгууллага, орон нутагт ажилладаг эсэхийг би лав мэдэхгүй, бараг үгүй л болов уу. УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хуультай. Тэгэхээр тэр хүртэл сайдууд бүтэн хоёр сар бямба гаригт хуралдахгүй болж таарах нь. Энэ парламентын бүрэн эрх дуусах хүртэл хавар, намрын ээлжит таван удаагийн чуулган болно. Энэ нь наад зах нь хоёр сарын хугацаатай дөрвөн удаа завсарлана гэсэн үг. Тэр болгонд бямба гаригийн хуралдааныг баасанд хийсээр байх хэрэг үү.

Гадаад албан томилолтоор жилд хоёроос илүү явахгүй гэсэн нь бүр ч хэрэгжилт муутай байгаа. Танхимын бүх сайд руу утас цохиход өчигдрийн байдлаар гурав нь “Message roaming” үйлчилгээг идэвхжүүлжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг БНХАУ, Гадаад харилцааны сайд Л.Болд Австрали, Сангийн сайд Ч.Улаан БНСУ-д айлчилж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд УИХын дарга З.Энхболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар багтсан. Мөн хэд хэдэн сайд өөр бусад улс оронд ажилласан билээ.

Өөлөхийн тулд өөлсөнгүй. Бодвол тэд гадаадад ажлаа хийж л яваа байлгүй. Бямбад хуралдахгүй байгаа ч бүхий л бие, сэтгэлээ энэ улсын төлөө чилээж буй гэдэгт найдаж байна. Урьд нь аль ч Засгийн газрын тэргүүн ингэж хэлж байгаагүй л байхгүй юу. Бас дээр нь Н.Алтанхуяг сайд цахилгаанаар ажилладаг аятай ажилсаг, бүх зүйлд “хүртээмжтэй” нэгэн. Гагцхүү Засгийн газрын тэрг үүний амнаас “унасан” амлалт болохоор хариу нэхээд байгаа юм. Тэр тусмаа гарын үсэг зурж баталгаажуулсан учраас биелүүлэхийг шаардмаар байна. Ингээд зогсохгүй сайд нараараа тангараг өргүүлнэ гэж байсны учир санан санан шалмаар байна. Төрийн өндөр албан тушаалтнууд бусдад таалагдахын тулд санаанд орсноо чалчих учиргүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн аманд орсноо асгах ёсгүй. Над шиг найздаа, эсвэл хамтран зүтгэгч, хань ижилдээ гэмгүй боловч “томрох” боломж тэдэнд үгүй.Амрахгүй ажиллана гэсэн чинь яасан бэ, Н.Алтанхуяг сайд аа.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.