Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам

С.Бямбацогт: Хойшоо биш урагшаа харж эдийн засгийн хүндрэлийг даван туулна

УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах уриалга гаргаж, иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч байна. Мөн МАН-ын бүлгийн дарга, гишүүд нийслэлийн валют арилжааны төв, хүнс барааны захуудад ажиллаж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Үүний зэрэгцээ МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын санаачилгаар "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг "Бүтээлч Монгол-Бодлоготой хөгжье" уриан дор зохион байгууллаа.           

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд "Хойшоо биш урагшаа харж, үгүйсгэж биш бүтээж, эрхээ эдэлж биш үүргээ биелүүлж улсаа хөгжүүлэн бэрхшээлийг давна. Бид нэг Монгол" хэмээн онцлов.           

Хэлэлцүүлэгт МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, улс орны эдийн засагт нүүрлээд буй сорилт бэрхшээл, тулгамдаж буй асуудлууд, хүндрэлээс хохирол багатай гарах гарцын талаар байр сууриа илэрхийллээ.   

  М.Энхболд: Хамтын хүчээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэе

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд үг хэлэхдээ "Эрх баригчдад нэгдсэн бодлого, төлөвлөгөө алга. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засаг хямраагүй, зах зээл бүхнийг зохицуулна гээд яриад сууж байгаа нь хариуцлагагүй, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байгааг харуулж байна. Зөвхөн нэг жилийн дотор бизнесийн орчин хэрхэн хумигдсан талаар хэдэн жишээ хэлье. Тухайлбал, 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж тус тус буурчээ. Эдийн засаг хэрхэн хүндэрснийг товч дүгнэхэд байдал ийм л болж доройтоод байна" гэлээ.  Түүний мэдээлснээр ОУВС Монголын эдийн засагт хийсэн дүгнэлт, зөвлөмжөө өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Уг тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 онд хоёр оронтой тоонд хүрэхгүй 9.5 хувьтай байхаар тооцоолсон байна. Мөн ОУВС, Дэлхийн банкны хамтарсан “Өрийн зохистой байдлын анализ /DSA/” судалгаагаар өрийн дарамтад орох эрсдэлтэй, банкны салбар эмзэг байгааг анхааруулсныг тэрээр энэ үеэр мэдээллээ. 2013 онд Засгийн газар улсын нэгдсэн төсвийн 6,177 их наяд төгрөг, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөг, "Чингис" бондын 1,5 тэрбум ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл 280 сая ам.доллар, дотоодын зээл 890 тэрбум төгрөг гээд нийт 13 их наяд гаруй төгрөгийг зарцуулсан нь ДНБ-ий 63 хувийг эзэлж байхад эдийн засгийн өсөлт дөнгөж 11,7 хувьтай гарсан нь  чамлалттай байгааг ч мөн онцлов.  Өнөөдрийн байдлаар улсын гадаад өр 5 тэрбум 611 сая ам.доллар /10 их наяд 15 тэрбум/ дээр Засгийн газрын дотоод өр 1 их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Энэ их өр, зээлийн хүүг зөвхөн 10 хувь гэж бодоход 1 тэрбум 921 сая ам.доллар буюу өнгөрсөн оны 12 сарын дундаж ханшаар тооцоход 3 их наяд 265 тэрбум төгрөг болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр өнгөрсөн оны эдийн засгийн 11,7 хувийн өсөлт зөвхөн гадаад өрийн хүүний үйлчилгээг төлөхөд 6,9 хувиар дутаж байна. Ийм байхад эдийн засаг хөгжиж байна, эдийн засаг хөгжлөө гэж ярих нь бодит байдалд нийцэхгүй байна гэв.  МАН-ын дарга М.Энхболд "МАН сөрөг хүчин гээд эрх баригчдыг зөвхөн шүүмжлэх биш, эрх баригчдын алдааг засч залруулж, хамтын хүчээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байна. Энэхүү хэлэлцүүлгээр хямралыг хэрхэн яаж хохирол багатай даван туулах, эдийн засгийг сэргээх чиглэлд ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ямар алхмуудыг хийх талаар Та бүхний санал санаачилга, зөвлөгөө чухал хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Үг сонсох, тэр дундаа мэргэжлийн хүний үгийг сонсоно гэдэг нь бодлого боловсруулагчдад маш чухал гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна" гэлээ.           Мөн хэлэлцүүлэгт оролцож буй эрдэмтэн судлаачид, эдийн засагчид Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд ямар онош тавьж, шинжилгээ хийснээ танилцуулав. 

Ч.Хашчулуун: Бондоос хэт хараат байж болохгүй            

Эдийн засгийн ухааны доктор/Ph.D/ Ч.Хашчулуун "Бодлогын хувьд эдийн засаг ТЭЦ-5, төмөр зам, Тавантолгой зэрэг нийтдээ 4-5 тэрбум ам.доллар буюу Оюутолгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болгох боломжтой байсан боловч гол хөрөнгө оруулалтын төслүүдийн ажил 2013 онд маш удаан, ахицгүй байгаагаас болж 2014 онд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэх төлөвгүй байна. Энэ нь нийт эдийн засагт маш муугаар тусч байна" гэж илтгэлдээ онцоллоо. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө батлуулж, хөрөнгө оруулалтын урсгалаа тогтмол, улс төрөөс хараат бус байдлаар байнга нэмэгдүүлж байхыг тэрээр санал болгов.   Мөн бонд бол мөнгө босгох олон хэрэгслийн нэг л арга зам нь учир бондоос хэт их хараат байж болохгүйг сануулав. Улсын хөгжлийг авч явах цөөн тооны томоохон төслүүдийг маш эрч хүчтэй хөдөлгөх, өндөр хурдтай хэрэгжүүлэх шаардлагатайг ч онцоллоо. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөх бус чанартай, хүртээмжтэй, бүтээмж өндөртэй хэдхэн төслийг хөдөлгөх нь өнөөгийн эн тэргүүний зорилт болохыг илтгэлдээ дурдав. Тухайлбал, эрчим хүчний салбарт ТЭЦ-5, уул уурхайд Оюутолгой, Тавантолгой төсөл, ган, зэс хайлах, нефть, нүүрс боловсруулах зэрэг мега төслийг хөдөлгөхөд л хөрөнгө оруулалтын урсгал эрчимжиж, бүтээн байгуулалт идэвхжиж, макро эдийн засгийн өсөлт яваандаа нэмэгдсээр Төв банкнаас  мөнгө хий хоосон хэвлэх, бондыг үрэн таран хийх ямар ч шаардлагагүй болно гэж хэллээ.

С.Одхүү: Ардчиллыг ойлгох, хэрэгжүүлэх ухаан, зөв соёл төрд ч, нийгэмд ч дутагдаж байна            

Хэлэлцүүлэгт "Отгонтэнгэр" их сургуулийн багш, доктор /Ph.D/, профессор С.Одхүү "Ухаалаг, зөв төртэй болох зарим санаа, үндэслэл" сэдэвт илтгэлийг тавив. Уг илтгэлээрээ өнөөгийн төр засгийн үр нөлөө ямар байгаа, төрийн байгуулалт зөв эсэх, төрд ямар ухаан дутаж байгаа, төрийн хууль, улс төр, ёс суртахуун хоорондоо хэр зохицож байгааг харуулахыг зорьжээ. Тэрээр манай төрд бодит байдлаа цогцоор нь, үнэнээр нь оношлох ухаан дутаж байна гэж тодорхойлов. Мөн эрдэмтэн судлаачдын хийсэн бүтээснийг төрийн бодлого болгон хувиргаж боловсруулдаг "бодлогын уураг тархи" алга гэж дүгнэлээ. Үндсэн хуулийн үзэл санааг зөв ойлгож, зөв хэрэглэх, төрийн ажил, улс төрийн ажил хоёрыг ялгах ухаан, соёл дутаж байна гэж тайлбарлав. Ардчиллыг ойлгох, хэрэгжүүлэх ухаан, зөв соёл төрд ч, нийгэмд ч дутагдаж байгааг онцоллоо.              

Парламентаас Засгийн газарт тавих хяналт, Засгийн газрын төлөө парламентын хүлээх хариуцлагын механизмыг зөв тогтоох шаардлага ч гарч байгааг өгүүлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд "давхар дээл"-тэй байж болох эсэхийг ч гаднын орнуудтай харьцуулан судалсан байна. Парламентын засаглалтай 80 гаруй улсын 34 нь Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүдээс бүрддэг, 24 улсад хавсарч үл болох албан тушаал гэж хатуу хориглодог аж. Мөн 24 улсад дундаж байр суурийг барьдаг гэнэ. Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүн давхар байж болох сонголт хийсэн орнуудад парламентын гишүүдийн тоо харьцангуй олон, 200-гаас доошгүй гишүүнтэй байдаг аж. Гэхдээ эдгээр орон ихэвчлэн хоёр танхим бүхий парламенттай байна. Ийм тохиолдолд эрх мэдлийн хуваарилалт алдагдах, гүйцэтгэх засаглалдаа тавих парламентын хяналт сулрах асуудал манай улстай адил төвшинд тавигдахгүй гэж профессор С.Одхүү илтгэлдээ дурдлаа.  

Ч.Анхбаяр: "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг хэсэгчлэн зогсоох шаардлагатай            

Эдийн засагч Ч.Анхбаярын хувьд 2013 оны макро эрсдэлийн хүрээнд гурван эрсдэлийг онцолж байна. Нэгдүгээрт, нүүрсний экспортын зогсонги байдал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 55 хувийн бууралт, төгрөгийн нийлүүлэлтээр дэмжигдсэн импортын хурдацтай өсөлтийн үр дагавраар гадаад худалдааны алдагдал нэмэгдэж ирлээ. Хоёрдугаарт, улсын өр ДНБ-ий 49.5 хувьд, нийт гадаад өр ДНБ-ий 146 хувьд хүрснээр  валютын нөөц хомсдож буй үед гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэх боллоо. Гуравдугаарт, валютын ханш 20 хувиар өссөнөөс шалтгаалан инфляцийн дарамт нэмэгдэж, мөнгөний тэлэх бодлогыг эрсдэлд оруулж байна гэж тэрээр илтгэлдээ дурдав.           

 Монголбанк, Засгийн газартай хамтарсан үнэ тогтворжуулах, "Чингис" бонд, Хөгжлийн банкны хөтөлбөрүүд нь нэг талаас импортыг тэтгэсэн, нөгөө талаас бизнесийн орчинг муутгасан гэж эдийн засагч дүгнэжээ. Валютын ханшийн огцом өсөлтийн үр дагавраар валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүд 573 тэрбум төгрөгийн ханш тэгшитгэлийн алдагдал хүлээсэн. Түүнчлэн валютын чанаргүй зээл 87 тэрбум төгрөгөөр 222 тэрбум төгрөг болж 2.6 дахин нэмэгдсэн. Иймээс 2013 онд үүссэн макро эрсдэлийн нөхцөл байдал энэ онд ч хадгалагдах магадлал өндөртэйг сануулав.           

Иймээс өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцууд нь томоохон төслүүдийн гацааг гаргаж, эргэлтэд оруулах, импортын хэрэглээг дэмжсэн зээлийн хэт өсөлтийн хурдыг сааруулах, эдийн засгийн өсөлтийг бодит түвшинд нь хүртэл бууруулах, долларын ханшийн гадагшлах урсгалыг багасгах, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэсэгчлэн зогсоох, экспортын орлогыг дорвитой дэмжих, нүүрс, төмрийн хүдрийн өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

МАН-ын бүлгээс Хөгжлийн бодлогын дэд хороо байгуулах санал гаргалаа

Хэлэлцүүлгийг хааж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Эдийн засгийн хүндрэл хямралын шинж рүүгээ орчихлоо гэсэн дүгнэлтийг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаатай олон улсын санхүүгийн байгууллагууд, шинжээчид хийж байна. Бодит байдлыг МАН-ын бүлгээс удаа дараа сануулж, хүндрэлээс гарах арга замыг хамтдаа эрэлхийлье гэхэд сөрөг хүчин шүүмжиллээ гэсэн байдлаар сайд нар хандаж, амьдрал сайхан байгаа мэтээр сурталчилж байна. МАН-ын эдийн засаг, Ардчилсан намын эдийн засаг гэж байхгүй. Бид улсынхаа төлөө л хамтдаа урагшаа гарц хайж, асуудлын ард гарах ёстой" гэв. Тиймээс МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, шийдэл, төлөвлөгөө боловсруулж УИХ, Засгийн газрын төвшинд ярих, өргөн барих шаардлага үүссэнийг тэмдэглэв. Мөн бодлогогүй эрх баригчдыг бодлоготой болгохын тулд УИХ-ын дэргэд Хөгжлийн бодлогын дэд хороо байгуулах санал гаргав. Ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, ахуй амьдрал, бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрч байгаа, төр засагт нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг МАН-ын бүлгээр дамжуулан эрх баригчдад уламжлахыг хүсэв. Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд ч үүнтэй санал нэгдэж, эдийн засгийн хүндрэлээс цаг алдалгүй гарахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.