Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Алтанхуяг: Бодлогоор худал мэдээлэл цацсан уу гэдгийг шалгана

 Хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангахыг Засгийн газар дэмжиж, урамшуулал, татаас олгосоор ирсэн. Гэтэл энэ долоо хоногт дотоодод тариалсан хүнсний ногоо хортой гэсэн мэдээлэл цацагдаж, иргэдийг багагүй цочирдуулсан билээ. МХЕГ-аас шалгалт хийгээд дээрх мэдээлэл худал гэдгийг мэдэгдсэн. Өчигдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүн үүнд “Мэргэжлийн байгууллага шалгаад тэр мэдээлэл худал байсныг тогтоосон. Ер нь Монголд ургасан бүх ногоог хэн шинжилсэн юм. Монголчууд эх орондоо хүнсний ногоогоо тариалаад, хэрэгцээгээ хангаад эхлэхээр санаатайгаар ийм мэдээлэл тарааж байна. Энэ мэдээллийг бодлогоор тараасан уу гэдгийг шалгана. Импортоор ногоо оруулж ирж, шахдаг бизнесийг зогсоож, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр ингэв үү. Хүүхдүүд чанартай дүрэмт хувцас өмсөг гээд дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн. Гэтэл дүрэмт хувцас тойрсон элдэв мэдээлэл цацагдсан шиг л зүйл болж байна” гэсэн тайлбар өглөө.

Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд түлхүү анхаарч ажилласныг танилцуулсан юм. 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхэр болсон. Мөн ирэх сарын 4-нд “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан 4000 хүний төлөөлөл олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Түүнчлэн энэ онд аймаг тус бүрт 1000 орон сууц барихаар Засгийн газраас төлөвлөсөн. Судалгаа хийгээд үзтэл зарим аймагт хувийн хэвшлийнхний барьж буй орон сууц эрэлтээ хангаж байжээ. Тиймээс төрөөс нэмж орон сууц барих шаардлага бий эсэхийг үргэлжлүүлэн судлах юм байна. Юутай ч эхний ээлжинд Дархан-Уул, Орхон, Ховд, Төв, Увс зэрэг зургаан аймагт 1000 орон сууц барих нь зөв гэж үзсэн аж.

Ийм мэдээлэл өгсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Буянт-Ухаа хороололд орон сууц авах иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар хийнэ гэсэн байна. Ийм үйлчилгээ үзүүлэх хэмжээний ТҮЦ машин хангалттай бий юм уу?

-Манай иргэд ТҮЦ машиныг хэрэглээд сурсан. Иргэний ихэнх бичиг баримтыг цахимжуулсан учраас ийм аргаар бүртгэвэл хэн хэндээ амар, ажил хөнгөвчилнө гэж үзсэн.

-Энэ хөтөлбөрт орон нутгийн иргэд хамрагдах боломжтой юу?

-Зөвхөн нийслэлийн иргэдэд л зориулсан орон сууц шүү дээ. Орон нутгийн иргэдийг хамруулах боломжгүй. Тэднийг харин хөдөө орон нутагтаа тохьтой амьдраг гээд 1000 орон сууц аймаг бүрт барихаар төлөвлөж байна. Цаашдаа орон нутагт орон сууцны зээлийн хүүг долоо болгож бууруулах талаар Засгийн газар төлөвлөж байгаа. Энэ нь нийслэлийг зорихоос илүү орон нутагтаа сайхан амьдрах хөшүүрэг болно.

-Монголд уран олборлож байна гэсэн мэдээлэл тасрахгүй байгаад ямар тайлбар өгөх вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт урантай холбоотой хоёр өгүүлбэр орсон. Гэхдээ одоогоор уран олборлох нэг ч зөвшөөрөл өгөөгүй. Саяхан бид бүхэн хавдрыг эрт үед нь цөмийн аргаар оношилгоо аппарат нэвтрүүллээ. Олон улсад ураныг зөвшөөрөгдөх хэмжээнд нь энэ маягаар л ашигладаг.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.