Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЦАГААН ОЛИМПИЙГ ЧИМСЭН ХОСУУД

 “Сочи-2014” олимпод нэг гэр бүлийн хосууд хэд хэдэн төрөлд хүч сорьжээ. Мөн эр нөхрөө цэнхэр дэлгэцээр болон үзэгчийн суудлаас дэмжиж байгаа хос ч бий. Энэ талаар уншигчдадаа сонирхуулья.

АЛЕНА ЗАВАРЗИНА, ВИК УАЙЛД (ОХУ)

Цагаан олимпоос В.Уайлд хошой алт, А.Заварзина хүрэл медаль хүртсэн билээ. Орос бүсгүйтэй гэрлэж, улмаар тус улсын иргэншилтэй болсон америк эр шинэ эх орондоо баатарлаг гавьяа байгуулж чадсан юм. Уайлд өдгөө орос хэл шамдан сурч байгаа гэнэ. Гэвч эхнэртэйгээ амарчлан англиар ярьдаг зуршилтай. Өдгөө 24 настай Алена 2010 онд хүнд гэмтэл авсан боловч 2011 оны ДАШТ-ээс алтан медаль зүүснээр их амжилтын гараагаа эхэлжээ.

Өнгөрсөн намар түүнийг хүнд гэмтэл авахад нь Сочигийн олимпийн шигшээд багтахгүй байж магадгүй гэсэн мэдэгдэл Оросын сноубордын холбооны ерөнхийлөгч нь хийж байлаа. Вашингтон мужийн Уайт-Сэлмон хотын уугуул Уайлд 2011 оны гуравдугаар сарын 5-нд Москва хотноо болсон Дэлхийн цомын цуврал тэмцээний үеэр ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Заварзина энэ тухай “Тэр өдөр миний амьдралд аз жаргал бэлэглэсэн. Бид анх найзын харьцаатай байлаа. Дэлхийн цомд Вик маань дасгалжуулагчгүй оролцсон. Би түүний бэлтгэл сургуулилтад туслан өглөө долоогоос орой хүртэл хамт явж, ууланд бэлтгэл хийдэг байлаа” хэмээн өгүүлжээ. Харин Уайлд “Заварзина надад маш таалагдсан. Дотноссоныхоо дараа би түүнд Мексикт амьдардаг аавындаа хамт очих санал тавихад тэр минь дуртайяа зөвшөөрсөн. Дээрх аялал ер бусын сайхан болж, удалгүй бид гэрлэхээр шийдсэн юм” гэж ярьсан байна. Залуу хос 2011 оны зун Новосибирскт хуримлажээ.

Ийнхүү Оросын харьяалалд орсон Уайлд “АНУ-д байхдаа би маш их нервтдэг байсан. Харин энд ирээд байдал эрс өөрчлөгдлөө. Надад оросууд боломж олгож, сайхан амьдрал хайрласан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

БИАТЛОНЧ ХОС ТИМ БУРК (АНУ), АНДРЕА ХЕНКЕЛЬ (ГЕРМАН)

“Бразилчууд хоккейн ДАШТ-д түрүүлж үзээгүй. Оросууд хөлбөмб өгийн ДАШТ-д манлайлсан удаа үгүй. Америкчууд биатлоны Дэлхийн цомд манлайлагчийн “шар цамц” өмсөж байгаагүй. Гэхдээ дээрх тохиолдлууд биелэх боломжтой” хэмээн Тим Бурк нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. 27 настай тэрбээр 32-той Андреа Хенкельтэй аль хэдийнэ дурлалын роман туурвиж амжив. Амжилтын хувьд нэлээд зөрүүтэй. Хенкель олимпийн хошой аварга, мөнгө, хүрэл медалийн эзэн. Харамсалтай нь Сочигийн олимпоос тэдний хэн нь ч медаль авч чадаагүй билээ. Бурк спортоос гадна аялал жуулчлал, дугуй, сонирхож агаарт гарахыг эрхэмлэдэг бол Андреа хоол хийх дуртай.

ЭМИЛЬ ХЕГЛЕ СВЕНДСЕН, САМАНТА СКУГРАНД

Нэрт биатлонч Свендсен телевизийн хөтлөгч Скуграндтай дотнын харьцаатай. Норвегийн TV2 сувгийн сэтгүүлч тэрбээр Сочигийн олимпод оролцсон найз залуугийнхаа амжилтад сэтгэл хангалуун байгаа гэнэ. Эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, Свендсен, Фуркад нар алтан медаль булаацалдсан билээ. Барианд зэрэг шахам орсон хоёр тамирчнаас Эмиль арай тэргүүлсэн тул алтан медаль авсан юм. Найз залууг нь өндөр амжилт гаргасанд баярласан TV2 телевизийн удирдлага Самантаг нэг өдрийн чөлөөгөөр шагнажээ.

ЭНТОНИ ЛОБЕЛЛО, АРИАННА ФОНТАНА (ИТАЛИ)

Уг нь Лобелло АНУ-ын иргэн. Гэвч Фонтанатай дотно болсноор Италийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болжээ. Сочигийн олимпоос хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнийхээ дараа Фонтана удахгүй болох хуримын зараа түгээсэн байна. Залуу хос ирэх тавдугаар сарын 31-нд Комо мөрний эрэгт хуримлах аж.

23 настай шорттрекч бүсгүй тамирчны замналаа үргэлжлүүлэх эсэхээ хараахан шийдээгүй гэнэ. Тэд “Турин-2006”-гийн үеэр танилцахад Энтони АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпод оролцож байв. Харин итали бүсгүйд дурласнаасаа хойш өөр орны тугийн дор жагсах болсон нь энэ.

ГАРИ ДИ СИЛЬВЕСТРИ, АНЖЕЛИКА МОРРОНЕ ДИ СИЛЬВЕСТРИ (ДОМИНИКАН)

Цагаан олимпийн түүхэнд анх удаа Доминикан улс тамирчдаа “Сочи- 2014”-т оролцуулсан юм. Хоёр жилийн өмнө тус улс ОУОХ-нд өвлийн олимпод оролцох албан хүсэлтээ илэрхийлсэн учраас цаначин гэр бүлд цагаан хуудас олгохыг зөвшөөрснөөр 46 настай Гари 48-тай Анжеликагийн хамт цасан замд өрсөлдсөн билээ. Тэд 15 наснаасаа цанаар гулгаж сурчээ. FISийн тэмцээнүүдэд өнгөрсөн жилээс оролцож эхэлсэн бөгөөд Сочид Гари 15, Анжелика 10 км-т уралдсан. Доминикан эр тэргүүлэгчээс 20 минутын дараа барианд орсон аж. Дашрамд дурдахад Гари Нью-Йорк хотод төрж, 10 жил санхүүгийн шинжээчээр ажилласан бол эхнэр нь Италийн уугуул нэгэн. Ди Сильвестрийн гэр бүл Канадад амьдардаг юм байна.

ШАРЛЬ АМЛЕН, МАРИАНН СЕН ЖЕЛЕ (КАНАД)

Тэд Сочигийн олимпод үүргээ нэр төртэй биелүүлсэн. Тодруулбал Амлен шорт-трекээр алт, Сен-Желе мөнгөн медаль зүүсэн билээ. Нөхрөө аваргалсных нь дараа халуун дотноор үнсэлцсэн тэдний агшин гэрэл зурагт мөнхрөн үлджээ.

АЛЕКСАНДР ОВЕЧКИН, МАРИЯ КИРИЛЕНКО (ОХУ)

Хоккейч Овечкин, теннисчин Кириленко нарын хайр дурлал бүхний өмнө ил болсоор удаж байна. ОХУ-ын хоккейчид нутагтаа болсон олимпод дорвитой амжилт гаргаж чадаагүй. Тэмцээнээ өндөрлүүлсний дараа Овечкин найз бүсгүйнхээ хамт бусад төрлийн уралдааныг ийн шимтэн үзжээ. ОХУ-ын үзэсгэлэнт олон бүсгүйтэй холбогдож явсан хоккейч эр теннисний залуу одтой жил гаруйн өмнөөс дотносож эхэлсэн аж. Харин тэд чухам хэзээ гэрлэх нь тодорхойгүй байна. Швейцарийн хоккейч Янник Вебер, Флоренс Шиллинг, ОХУ-ын уран гулгагч Максим Траньков, Татьяна Волосожар, биатлонч Оле Эйнар Бьорндален, Дарья Домрачева нар Сочид ямар амжилт гаргасныг уншигчид маань мэдэж байгаа нь дамжиггүй.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.