Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОФФШОР БҮСЭД ДАНСТАЙ ГЭХ ХОЁР МОНГОЛ

Монголчууд газрын хэвлийн баялгаараа дэлхийн анхаарлыг татаж, зарим сүйхээтэй нэгэн нь аль эрт үүнийг тооцоолон, компани, аж ахуйн нэгж байгуулан үр ашгийг нь хүртэхээр улайрч байгаа. Улстөрчид, томоохон компанийн эзэд, агентлагийн дарга, даамлууд гадаадад, тэр дундаа санхүүгийн таатай орчин бүрдүүлдэг оронд ямар нэг аргаар олсон мөнгө, хөрөнгөө хадгалуулах болсон гэдэг. Тэднээс олонд ил болсон нь УИХ-ын гишүүн С.Баярцогт. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумынхан УИХ-ын дэд дарга С.Баярцогтын нууц данс Британийн Виржиний арлуудын оффшор бүсэд бүртгэлтэйг нийтэд дэлгэснээр монголчуудын дунд харь хэлний энэ үг нэлээд анхаарал татах болсон. Үгчилж сийрүүлбэл эрэг хөвөөнөөс хол, задгай тэнгист байгаа гэсэн утгыг илэрхийлэх энэ үг аль нэг улсад харьяалалгүй, татварын таатай орчин бүрдсэн бүсийг тодотгох болсон. Европынхон ихэнхдээ Британийн Виржиний арлуудад данс, компаниа байгуулдаг бол Азийнхан Хонконгийг илүүд үздэг юм гэсэн.

Оффшор компани гэх ойлголтыг олон улсын санхүүгийн болон хууль хяналтын байгууллагынхан “Эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй атлаа компани байгуулж бизнес эрхлэх” гэж тодорхойлох юм билээ. Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш төдийгүй ямар ч улсын иргэн, иргэний үнэмлэх, гадаад паспортаа барьж очоод компани байгуулах, данс нээлгэх эрх нээлттэй, амархан байдаг аж. Зардал чирэгдэл багатай, олон улсад татварын нэн таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдог орчныг Кайманы арал, Люксембург, Кипр, Хонконг, Британийн Виржиний арал зэрэг бүс нутаг бүрдүүлсэн байдаг юм билээ. Ийнхүү хялбар аргаар компани байгуулж болдог, татвар бага төлдөг зэрэг нь хөгжсөөр хүний өмнөөс компани байгуулж, төлөөл өн хариуцдаг үйлчилгээ бий болсон байна. Энэ нь улстөрчид, томоохон бизнесменүүд, түүнчлэн зэвсэг, хар тамхины болон хүний наймаачдад орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад боломж нээж өгсөн гэж судлаачид хэлж байгаа юм.

Оффор бүс дэх компани, дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй гэж нэг хэсэг хэл амны бай болж, УИХ-ын дэд даргын сэнтийгээсээ салсан С.Баярцогтын хувьд улстөрчдийн төлөөлөл гэж үзэж болох. Түүний Виржиний арал дахь компанийн нэр нь “Legend Plus Capital Limited”. Анх байгуулахдаа 50 мянган ам.долларын дүрмийн сантай, мөн тооны хувьцаатай гэж бүртгүүлсэн гэдэг. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын offshoreleaks.icij.org цахим хуудаст Монгол Улсын хоёр иргэн оффшор бүсэд данстай хэмээн “цоллуулжээ”. Уг нь дөрөв байсан бөгөөд Байгаль орчны сайд асан У.Барсболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар нэрээ авахуулсан бололтой. Өдгөө тэнд манай улсад хаягтай хоёр монгол хүний нэр дурайж байна.

Тодруулбал, Сангийн сайд асан Я.Очирсүх, “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан нар оффшор бүсэд данстай гэжээ. Тус цахим хуудаст Сангийн сайд асан Я.Очирсүхийн Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дахь гэрийн хаягийг нь бичсэн бөгөөд түүнийг “Висдом интернэйшнл холдингс” компанийн хувь нийлүүлэгч гэсэн байх юм. Мөн захирлын албан тушаал хашиж байсныг нь ч дурдсан байна. Уг компани нь 2005 оны есдүгээр сарын 27-нд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Түүнтэй хамт “Висдом интернэйшнл холдингс”-ийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын гурван иргэн бүртгүүлсэн байгаа юм. Энэ талаар сайд асан Я.Очирс үх цахим сүлжээгээр “Төр, түмнээсээ хулгайлсан, идсэн уусан зүйл байхгүй. Төрийн албан тушаалаа өгснөөс хойш таван жилийн дараа ийм данс нээгдсэн байна. Бүр гэрийн минь хаягийг бичжээ. Тус компанийн талаар мэдэхгүй, мэддэг бол мөнгөө олж авах юмсан” гэдгээ илэрхийлэв. Нөгөө нь Борхүүгийн Дэлгэрсайхан буюу олон түмэнд “Дорнын говь” компанийн захирал гэдгээр танигдах болсон эрхэм. Тэрбээр Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртг үүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд байх юм. Уг хаягт “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байгаа юм.

Уг хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байна. Уг компанийг нь 2008 онд байгуулсан Сингапурт бүртгэлтэй аж. “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхантай утсаар холбогдож оффшор компанийнх нь талаар тодруулахыг хүссэн боловч “Захирал алга” гэсэн хариу сонслоо. Юутай ч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын offshoreleaks.icij.org цахим хуудаст нэр нь одоо болтол байгаа манай улсын хоёр эрхмийн тухай мэдээлэл байна. Магадгүй энэ хаягт нэр дурдагдах оффшор данстай монгол эрхмүүдийн тоо нэмэгдэж ч болзошгүй.


 Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.