Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэгтэй улстөрчид Жендерийн хуулийг дэмжив

     УИХ-ын эрэгтэй гишүүдийн чих зөөлөрчээ. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг тэд олон жил дарсны эцэст баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг дэмжүүлэхэд Д.Очирбат, Л.Гантөмөр тэргүүтэй гишүүд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэнд эмэгтэй улстөрчид ихэд талархаж байв. Харин Д.Батбаяр, Х.Баделхан нарын гишүүн эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд томилох асуудалд жаахан хойрго хандаж, бүр барьцах хандлагатай байсан ч санал өгөхдөө “yes” товчлуурыг дарсан байв.

Д.Батбаяр: -Бөхчүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд болох уу. Бэлгийн дарамт гэж яг юуг хэлэх вэ. Хүсээгүй тохиолдолд бэлгийн сэдлээ үг хэл, биеэр буюу аливаа өөр хэлбэрээр илэрхийлсэн гэдэгт юуг ойлгох вэ. Тоглоомоор сексийн тухай элдэв үг хэлчихвэл шүүхдэх юм биш биз?

Д.Очирбат: -Эсрэг хүйсийн ажилтнаа бэлгийн сэдэлтэй үг хэлээр доромжлох, залуусын хэлдэгээр сексдэх үү гэх зэргээр хандрахыг хүсээгүй тохиолдолд бэлгийн сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлсэн гэж үзнэ.

Х.Баделхан: -Эрүүл мэнд, шүүх, боловсролын салбарт ажиллагсад, их, дээд сургуульд суралцагсдын дийлэнх эмэгтэйчүүд. Тийм учраас эдгээр салбарт эрчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх асуудлыг эргэж харъя. Төслийг хэлэлцэхдээ үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Л.Гантөмөр: -Жендерийн хууль бол ардчиллын нэг баталгаа. Би бөх, батлан хамгаалах, цагдаа, хүчний байгууллагыг төлөөлдөг. Манай салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хэрэггүй гэсэн агуулгаар хандвал энэ хууль унана. Та нар агентлагийн дарга нарыг оруулж ирээд хараарай. Дандаа эрчүүд хэрнээ ажил явдаггүй шүү дээ. Төслийг их сайн боловсруулсан байна. Бид улам сайжруулах гээд “алаад” хаячихдаг шүү. Төслийг хэвээр явуулъя. Тэгэхгүй бол эрчүүдийн сонирхол орчихно. Цэрэг, цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүд ажиллаж чадахгүй гэж хэн хэлээд байгаа юм гэв.

Санал хураалтад оролцсон 50 гишүүний 44 нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Н.Батбаяр, Ц.Нямдорж, З.Энхболд, Даш.Зоригт, Д.Ганхуяг нар эзгүй байснаас тэдний өгсөн санал “no” хэмээн гарсан. УИХ-ын дарга эмэгтэй улстөрчдөд хандан хэлэхдээ, төслөө сайн хамгаалж, нийгэмд зөвөөр ойлгуулахыг захив.


Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.