Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

САЙД НАР ДАВХАР ДЭЭЛЭНДЭЭ ТҮҮРТЭЖ БУЙГ ЧУУЛГАНЫ ИРЦ ХАРУУЛАВ

 УИХ-ын намрын чуулганд Засгийн газрын гишүүдийн ирц тэднийг давхар дээлтэй байлгах уу, дан дээлтэй явуулах уу гэдэг асуултын хариуг тодорхой болгочих шиг боллоо. Сайд нар үүрэгт ажилдаа тун хойрго хандсаныг УИХ-ын Тамгын газраас танилцуулсан гишүүдийн ирцийн мэдээллээс харж болно. Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн сайд намрын чуулганы хуралдаанд 50 хүрэхгүй хувийн ирцтэй оролцжээ. Сайд нар болоод УИХ-ын гишүүдээс хурал хамгийн их “тасалдаг” нөхрөөр ҮХАА-н сайд Х.Баттулга тодорсон. Тэрбээр 37 удаагийн хурлаас ердөө есөд нь ирж бараагаа харуулсан байх юм. Гадаад яваад гуравт нь эзгүй байсан, нэг удаа чөлөө авсныг эс тооцвол 20 гаруй удаа тасалсан гэж тэмдэглэжээ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 14 удаа хуралд сууж, сүүлээсээ аман хүзүүдсэн байна. 13-т нь гадаадад ажлаар явсан гэсэн тайлбар өлгөөстэй. 15 удаа чуулганы танхимд хүрэлцэн ирсэн Гадаад харилцааны сайд Л.Болд түүний өмнө оржээ.

Сайд 15-д нь хилийн чанадад байсан бол гурван удаа өвчний учир чөлөө авсан ажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ жагсаалтад сүүлээсээ дөрөвт орсон байна. Түүнийг нэг ч удаа таслаагүй гэж тэмдэглэсэн бөгөөд чөлөө авсан өдөр нь хуралд оролцсон өдрөөсөө олон байх юм. Тэрбээр 37 хурлын 16-д нь сууж, гуравт нь гадаадад албан айлчлал хийгээд эзгүй байжээ. Бусад сайдын хувьд 37 удаа хуралдахад найман хүн 23-29-д нь ирсэн бол ердөө дөрвөн хүн 30-аас дээш удаа чуулганы хуралдаанд оролцжээ. Тэднийг Барилга, хот байгуулалтын сайд тэргүүлж, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, С.Оюун нар удаалсан байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу сайд нарын давхар дээлийг дан болгох төслийг холбогдох Байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болно, ингэхдээ ерөнхий чиг үүргийн сайд нь УИХ-ын гишүүн байхаар олонхийн санал аваад буй. Мөн хуулийн төслийг хэрэгжүүлэх хугацааг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр санал гаргасныг Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд байгаа билээ. Энэ асуудалд АН-ын бүлгээс завсарлага аваад байгаа. Давхар дээлтэй буюу Засгийн газрын гишүүдийг ажилдаа хойрго ханддаг, чуулганы танхимд ихэнхдээ л суудал нь хоосон байдаг талаар сөрөг хүчнийхэн шүүмжилдэг.

Сайдын ажлаа ч олигтой хийсэн юмгүй, эрхэм гишүүний албаа ч нэг иймэрхүү янзтай оромддог бол давхар дээлийн хэрэг үнэндээ алга. Дунд нь ажил хийдүүлж, сайдын ажлаа ч 50 хувийн гүйцэтгэлтэй, их хурлын гишүүний үүргээ ч дөнгөж данган 50 хувь биелүүлж буй бол 100 хувь сэтгэл зүтгэлээ дайчлах хүнд зайгаа тавиад өгчихсөн нь дээр шүү дээ.



 М.ТЭРГЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.