Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАЙЛДААНЫ БУУ, СУМААР ЗЭВСЭГЛЭСЭН АНЧИД АМЬТДЫГ ХЯДАЖ БАЙНА

Монголчууд эрт дээр үеэс ан агнуур эрхлэн аж төрж ирсэн. Ан авын талаар хаадын зарлиг, цааз, төрийн бодлогод тусгаж байсан бөгөөд төрд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст агнасан ангийнхаа олзыг хувьдаа авах эрх олгож байжээ. Монголчууд амьтдыг үржлийнх нь үед, өсөж бойжих цагаар болон хаврын хайруу зутруу үед агнадаггүй, тэр ч бүү хэл хайрлан хамгаалж, зун цагт олноороо анд мордохгүй, гурав эсвэл таваараа хоршин гөрөөлдөг байсан аж. Гэвч өдгөө энэ ёс заншил хэдийнэ алга болсон.

Амьтныг хамгаалахаасаа илүү арьс, үсээр нь гангарах гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзэл дээр дөрөөлж, амар хялбар аргаар ашиг хонжоо олох гэсэн шунаг сэтгэлтнүүд ченжүүдэд эд эрхтэнийг нь өндөр үнээр худалдахын тулд жилийн дөрвөн улирал харгалзахгүй амьтдыг хайр найрг үй хядаж байна. Үүнээс болж зарим амьтны тоо толгой эрс цөөрч байгааг хэн хүнгүй мэднэ. Тухайлбал, чоно, хярс, хөвчийн хүрэн баавгай, буга, тарвага, бүргэд, тас гэх мэт араатан, жигүүртэн цөөрсөн. Зарим нь агнасан амьтнаа машиныхаа хамар, тээшин дээр ачаад цусыг нь гоожуулсан чигээрээ хотын төвөөр сийхгүй явж байна. Тэр ч бүү хэл харахаас ч нүд хальтрам зургийг цахим хуудсанд тавих болсон.

Гэтэл гаднынхан ан хийснийхээ дараа тухайн газар нутгийнхаа байгаль орчны байгууллага, Амьтан хамгаалах санд мөнгө хандивладаг. Үүнийг нь амьтдын хүнс тэжээл, амьдрах орчныг нь нөхөн сэргээхэд зарцуулдаг аж. Анчдыг хорхойсож байгаа, нүдний хорхой нь арилааг үй, олзворын, аргачлалын анчин хэмээн ангилдаг байна. Хорхойсож буй анчин нь ан хийх гэдгийг олон буудах гэж ойлгодог бөгөөд түүнд агнах гэж буй амьтнаа алдах, шархдуулах нь чухал биш аж. Нүдний хорхой нь арилаагүй анчдад хэдэн амьтан агнасан гэдэг нь чухал байдаг бөгөөд тэд хэмжээ хязгаарг үй агнахыг хүсэгчид. Олзворын анчдад агнах амьтных нь бие, эвэр, соёо том байх нь чухал аж. Аргачлалын анчдад ан агнуур нь хүндэтгэлтэй зан үйл байдаг байна. Тухайлбал, амьтны зан төрх, амьдрах орчныг сайн судалж, зөвхөн тухайн амьтанд зориулсан зэвсгээр агнадаг аж. Харин манайд хорхойсож байгаа болон нүдний хорхой нь арилаагүй, шуналд нүд аньж сураагүй анчин олон болсныг ахмад анчид харуусан ярьдаг.

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ДУТМАГ НЬ ХУЛГАЙН АНЧДЫГ ДАВРУУЛДАГ

Хууль хяналтын байгууллагынхны толгойны өвчин нь хулгайн анчид, ан болоод буй. Манай улсад хууль бус ан агнуурын зөрчлийн дөнгөж 10 хувийг илрүүлдэг байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд 76 толгой монгол бөхөн, дөрвөн толгой борцгор хотон, 14 толгой халиун буга, зургаан толгой хүрэн баавгай, хоёр хар сүүлтийг хууль бусаар агнасныг илрүүлжээ. Мөн 50800 тарвага, 702 үнэг, 1000 хярс, 190 буга, 108 монгол бөхөн, 36 хүрэн баавгай, 240 саарал чонын эд эрхтнийг хууль бусаар худалдахыг завдсаныг илрүүлж, арга хэмжээ авсан байна. Хууль, эрх зүйн орчин дутмагаас хулгайн анчдад ногдуулдаг ял шийтгэл сул байгааг байгаль хамгаалагчид шүүмжилдэг. Хууль хяналтын байгууллагынхан хүртэл хулгайн анчдын толгойг илэх шахам явуулдаг. Энэ нь тэднийг өөгшүүлдэг. Тиймээс хууль, эрх зүйн орчныг сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр БОНХЯ-наас зохион байгуулсан “Хууль бус ан агнуурыг бууруулж, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дурдсан. Амьтны эд эрхтэн борлуулдаг ченж үүд ялаас мултарсан баримт цөөнгүйг байгааг энэ үеэр дурдсан. Тухайлбал, Д.Удвал, Д.Дашзэвэг, Ц.Цэндхүү, Н.Дондог, Д.Ганбат, Э.Пүрэвжаргал С.Бямбадорж зэрэг ченж хөдөөгийн анчидтай сүлжээ болон ажиллаж, ховордсон амьтдын эд эрхтнийг авдаг нь тогтоогджээ. Гэвч дээрх хүмүүс ялгүй мултарсан байна. Эл хэрэг хууль хяналтын байгууллагын аль шатанд хэрэгсэхгүй болсон нь тодорхойгүй байгаа гэнэ.

АНГИЙН БУУ МЕХАНИК АЖИЛЛАГААТАЙ, СУМ НЬ ТУГАЛГАН ХОШУУТАЙ БАЙДАГ

Зэрлэг амьтан агнасан хэргийн 90 гаруй хувьд нь галт зэвсэг ашигласан байдаг аж. Дэлхий нийтийн жишгээр ангийн буу нь механик ажиллагаатай, сум нь зүрхэвчгүй тугалган хошуутай байх ёстой аж. Гэвч манай улсын олонх анчин байлдааны зориулалттай буу, сум ашигладаг аж. 2013 оны байдлаар иргэн, хуулийн этгээдийн өмчид 46982 галт зэвсэг бүртгэжээ. Тэдгээрийн 94 хувийг ан агнах зориулалтаар ашигладаг байна. Энэ нь ан амьтныг устаж үгүй болгох гол зэвсэг болдог.

Амьтан хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн “Дэлхийн бусад оронд ангийн зориулалтаар ашигладаг механик ажиллагаатай бууны сумны нисэлтийн хурд бага байдаг. Тиймээс тухайн байндаа хүрээд задардаг. Ан хийж байгаа хүн буугаа өөрөө цэнэглэдэг тул өмнүүр нь таван амьтан өнгөрлөө гэхэд нэгийг нь л буудаж чаддаг. Харин байлдааны зориулалттай буу нь автомат учраас гохыг нь дарахад урдуураа өнгөрч буй бүх амьтныг хөнөөх аюултай. Тиймээс Галт зэвсгийн хуульд өөрчлөлт оруулж, байлдааны зориулалттай бууг ангийн буунаас хасах шаардлагатай. Тиймээс байгаль орчны төрийн бус байгууллагууд хууль бус ан агнуурыг бууруулах эрх зүйн орчныг сайжруулахаар нэгдэж, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад зайлшгүй оруулах шаардлагатай саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн сайдад хүргүүлсэн” гэв.

Сүүлийн үед хилээр байлдааны бууг олноор нь оруулж ирэх болжээ. Ихэвчлэн ОХУ-аас авчирдаг бөгөөд АК-47, АК пулемёт, СВД зэрэг бууг ялимгүй өөрчлөөд хагас автомат буу болгон хилээр нэвтрүүлдэг байна. Мөн байлдааны зориулалт бүхий ган хошуутай сумыг анчид ихээр хэрэглэх болжээ.


Д.БАТСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.