Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Элбэгдоржийн тогтоож буй “шударга” жишиг

     М.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий прокурорын сэнтийгээс зайлуулах операци амжилттай хэрэгжлээ. Энэ хүний сайн, мууг мэдэхгүй л дээ. Гэхдээ л бүтэн жилийн турш, тодруулбал Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон цагаас М.Алтанхуяг хэмээх эрхмээс үтэр хагацахыг тэчъяадан мөрөөдөж, үүнийг хүссэн хэсэг бүлэг хүний үйл ажиллагаа тун эрчимтэй өрнөж ирсэн нь олны анхаарлыг татах бол сон. Магадгүй Москва гаас ирээд Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дараа маш олон хүн нойргүй хоносон байх. Эс бөгөөс санасандаа хүрч, хүссэнээ гүйцэлдүүлсний баяртаа бялуураад унтахаа умартсан байж ч болох. За энэ ч яахав, М.Алтанхуяг гэдэг нөхрийг үүрэгт ажлаас нь салгаа л биз. Гэхдээ л энэ операцийн зорилго, нийгэмд уршигтай жишиг тогтоож байгааг нь тооцвол хачирхалтай явдал боллоо. Нөгөө талаар Ц.Элбэгдорж энэ эрхмийг ингэтлээ улайран байж, байн байн “дарамталсаар” өөрөөр нь өргөдөл өгүүлэхэд хүргэсэн процесс сэжигтэй байна. Чухамхүү шударга байхаа тэнхээ мэдэн хашгирсаар гарч ирсэн Ерөн хийлөгч маань шүүх засаглалын тогтолцоог тохинуулан засаж, цэвэр цэнгэг салхи оруулна гэснээрээ нийгэмд ямар их талархал хүлээв дээ. Гэтэл хэлэх, хийхийн хооронд хэр том зааг, ялгаа байдгийг Ерөнхийлөгчийн эхлүүлсэн салхи харууллаа.

     Өнөөдөр М.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй явдал Ерөнхийлөгчийн өнөөх “шударга” тодотголтой имиж ямар хэврэг, хуурамч, өнгөн төдий байсныг илтгэлээ гэж бодогдож байна. М.Алтанхуягийг “тонилгох” асар сонирхолтой хэсэг УИХ-д байдгийг ард түмэн мэддэг. Тэдний зарим нь энэ санаагаа ил тодоор зарладаг. М.Алтанхуягийг хувь хүнийх нь хувьд сайн мэдэхгүй ч тун шийдэмгий, шударгадуу талдаа, доошоо харж дээрэлхэн, дээшээ гүйж долдогонодоггүй нэгэн гэдгийг хуулийн хүрээнийхэн ярьдгийг харин сонссон.


Магадгүй дараа дараачийн сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч болгон Монгол Улсын биш, өөрийн төлөөллийн прокурорыг томилдог, мнөхийг нь огцруулдаг жишиг эхэллээ тавьж буйг үгүйсгэх аргагүй болж байна.


     Ерөнхийлөгч болмогцоо Ц.Элбэгдорж түүнийг дуудаж “Ажлаа өөрийнхөө хүсэлтээр өг. Тэртэй тэргүй би таныг солих болно. Элдэв дуулиан шуугиан тарихгүйгээр хал балгүй хоёр яс салъя” гэсэн утгатай үгийг хэлсэн нь үнэн юм. Түүнээс хойш энэ санаагаа гүйцэлдүүлэх таатай нөхцөлийн төлөө хэдэн ч удаа “бор шувуу” нисгэв. Яг үнэндээ авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар тогтоогдсон УИХ-ын хэд хэдэн гишүүн, хуучин Засгийн газрын танхимын гишүүн бас бус хүмүүсийг хуулийн дагуу шалгахыг М.Алтанхуяг тууштай, шийдэмгий шаардаж байсан нь түүнийг суудлаас нь буулгах операцийн шалтгаан болсон. Ц.Элбэгдорж харин яагаад шударга байж чадсангүй вэ гэдэг сонирхолтой. Өдгөө төрт ёсны шударга хууль хамгийн завхарч байгаа субъект нь шүүх гэдэг. Энд л бүх “но” бузар булай хуралдан, өмхий самхай үнэр гарах боллоо гэдэг. Чухам энд л хэрэг хэрэг биш болдог, хулгайч, луйварчин, авлигачид нь хуулийн хамгаалалт дор орчих дог сонин атлаа зэвүүн “атмосфер” үүссэн гэдгийг хуульчид өөрсдөө ярьцгаадаг шүү дээ. Ерөнхийлөгч яагаад энд салхи сэвэлзүүлсэнгүй вэ? сэвэлзүүлэхгүй байна вэ? гэдэг асуулт тэгэхээр зүй ёсоор тавигдана, тийм үү.

     Монгол Улсын Ерөнхий прокурорыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог нь улс төрөөс хараат бус байлгах ганцхан сэдэлтэй. М.Алтанхуяг гэдэг нөхөр 1999 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед анх томилогдон Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн үед, өөрөөр хэлбэл гурван Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж ажилласан байдаг нь хувь хүнийх нь чансаа хэр юм бэ гэдгийг ямар нэг хэмжээгээр илтгэх үзүүлэлт мөн болов уу гэж бодож байна. Тэрбээр хоёр дахь удаагаа улиран Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж, бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад ердөө ганцхан жил хүрэхгүй л хугацаа үлдсэн байсан шүү дээ. Үүнээс өрсөж солих ямар яаралтай шалтгаан Ц.Элбэгдоржид байсан хэрэг вэ.

     Хамгийн харамсалтай нь хамгийн тогтвортой цэгц шударгуу, хэнээс ч, тэр тусмаа улс төрөөс хараат бус байх ёстой хууль, шүүхийн тогтолцооны зарчим утгаа алдлаа. Одоо бол Монгол Улсын Ерөнхий прокурор хэн ч болсон дөрвөн жил буюу сонгуулиас сонгуулийн хооронд л ажлаа хийдэг, хийх хийхдээ өөрийг нь томилсон “эзний”, “нам”-ын дохио зангааг харсан утсан хүүхэлдэй болох жишиг хүссэн хүсээгүй тогтож байна. Энэ нь өөрөө асар хортой юм. Уг нь сонгууль болж л байдаг. Ерөнхийлөгч солигдож л байдаг. Энэ бүхэн улсын Ерөнхий прокурор хэмээх маш чухал субъектэд ямар ч нөлөөгүй байж ирсэн зүй тогтолтой байлаа шүү дээ. Одоо бол нэг тийм албан тушаал хөөсөн, хэн нэгний түр зуур суудаг суудал болон хувирах эхлэлийг Ерөнхийлөгч маань гардаад хийчихлээ. Хуулийг завхруулахгүй байлгах эцсийн тулгуурыг мань Элбэгээ өөрөө хөрөөдчихөж байгаа юм биш үү. Магадгүй дараа дараачийн сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч болгон Монгол Улсын биш, өөрийн төлөөллийн прокурорыг томилдог, өмнөхийг нь огцруулдаг жишиг эхэллээ тавьж буйг үгүйсгэх аргагүй болж байна.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зангараг энд харагдсангүй. Та бүү бачимдан хилэгнээрэй. Яг л нэг намын хэмжээнд сэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлыг хийгээд байгаа тань харамсалтай.

     Шударга байх эрмэлзэл тань харин шударга бус байх жишгийг Монголд тогтоосноор эхэлж байгаа юм биш үү.


Ц.ДАВААДОРЖ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.