Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ШИЛЭН ДАНС”-ЫГ ШИНЖИХҮЙ

 Илүүхэн үнэтэй хувцас өмссөн нэгэнтэй зөрөөд өнгөрөхийн хооронд “Юу л бол доо, цаана нь юу байгаа бол” гэж хардсан, үл итгэсэн харц хаа сайгүй болж. Ер нь л эргэлзээ тээнэгэлзэл, хардлага сэрдлэг энд тэндгүй. Эхнэр нөхөр, эцэг эхийн ахуйн хүрээнээс авахуулаад иргэд нь Их хурал, Засгийн газартаа үл итгэх байдал даамжирсаар.

Эхнэр, нөхрийн асуудлыг хэлж мэддэггүй юм гэхэд төр, түмэн олны хоорондын итгэлцэл алсарч, тасрах учиргүй. Тэртээгээс “Төрийн минь сүлд өршөө” гэж ханцуйдаа залбирч ирсэн монголчууд үүнийг хүсээгүй нь лавтай. Тэгэхээр төрд асуудал байна гэсэн үг. Төрийн үйл ажиллагаа хардлага дагуулахаар байгаа хэрэг. Нээлттэй юм шиг хэрнээ хаалттай, хол, хачин тодорхойг үй, ойлгомжгүй зүйлс л эргэлзээ, хардлага төрүүлдэг.

Асуудлын араас хөөцөлдөж, ажлаа хийж яваа сэтгүүлчдийн хувьд төрийн байгууллагаас тоо баримт, мэдээ сэлт цуглуулах нь тийм ч амар даваа байдаггүй хойно энгийн иргэдэд ямар байх нь ойлгомжтой. Чухам ямар босго тавьж шалгаруулдаг юм бүү мэд, ямар ч байсан Монгол Улс төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр олон улсад хангалттай байр эзэлж чаддаггүй. Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхлэн гаргадаг төсвийн ил тод байдлын 2012 оны судалгаагаар нийт 100 оноо авахаас манай улс 51 оноотойгоор 100 орноос 38 дугаар байранд орсон байсан.

ҮНДСЭН ХУУЛЬ, ЗАРЛИГ, ТОГТООЛ…

Тиймээс л төрийн бүхий л үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх шаардлага тулгарч буй. Үнэндээ энэ нь шинэ тутам гарч ирсэн асуудал ч бас биш юм. Ардчилсан Үндсэн хуулиас өгсүүлээд холбогдох хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын тогтоол гэхчлэн эрх зүйн байж болох бүхий л баримт бичгүүдэд төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авахаар тунхагласан байдаг. Шилний цаанаас аливааг алган дээр тавьсан юм шиг ил тод харж болдогтой адилтган үүнийгээ тэд “шилэн” гэж тодорхойлсоор ирсэн. Хэдийгээр шууд “шилэн” гэж тодорхойлоогүй ч одоогоос бараг жилийн өмнөөс шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгосноор иргэдийн гомдол эрс буурсан нь яах аргагүй ахиц билээ. Мөн Худалдан авах ажиллагааны газраас “Шилэн тендер”, “Цахим дэлгүүр” зэрэг үйл ажиллагаагаа нэвтрүүлээд буй. Одоогоос яг найман сарын өмнө “шилэн данс” тогтолцоонд шилжих тухай Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан.

Зарлиг ёсоор 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн орлого, зарлага, тайлангийн бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар болсон. Өөрөөр хэлбэл, төсвөөс санхүүждэг аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоог ил болгохыг ийн зарлигдсан юм. Хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн цахим хуудас болон бусад эх сурвалжаар олон нийтэд дэлгэж, ил болгосноор төрийн машинд эргэлдэж байдаг их хэмжээний мөнгийг сүүдэр адил дагадаг үр ашиггүй зардал, шахааны бизнесээс зайлсхийх гэсэн зөв оролдлого байсан юм. Харамсалтай нь өнөөдөр тийм данс алга. “Төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжийн орлого, зарлагын гүйлгээ “шилэн дансны” тогтолцоонд шилжсэн үү. Тухайн байгууллагын дансны бүх гүйлгээ олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болсон уу. Заасан хугацаанд зарлиг бүрэн дүүрэн хэрэгжиж эхэлсэн үү, биелэлт нь ямар байна вэ” гэсэн асуултад тодорхой хариулт өгөх хүн үгүй.

“НЭГ САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШИХ ТӨСӨВ, МӨНГӨ ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТТАЙ БҮХ ШИЙДВЭР НЭЭЛТТЭЙ БОЛНО”

Төрийн үйл ажиллагаа, түүний төсвийг шилний цаанаас тольдох адил тунгалаг, ил тод болгохыг тунхагласан хурал чуулган хангалттай олныг зохион байгуулж, эрх зүйн олон арван баримт бичиг гаргасан ч ил тод, нээлттэй байдал бодитойгоор бүрдэхгүй байгаагийн шалтгаан юу вэ. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын индэр дээрээс “Би зарлиг гаргасан. Одоо хуультай болгоё. Энэ хууль төрийн бүх байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжид хамаарна. Нэг сая төгрөгөөс дээших төсөв, мөнгө хөрөнгийн зарцуулалттай бүх шийдвэр нээлттэй болно. Хугацаа заагаад өгчихнө. 24 цагийн дотор шийдвэрээ цахим хуудас, эсвэл самбартаа тавих ёстой. Тавиагүй бол тэр нь албан тушаалаас өөрчлөх үндэслэл болно гээд заачихъя” хэмээн мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, “шилэн данс” гэж ямар байх, үүнийг иргэд, олон нийт, татвар төлөгчид хаанаас, хэрхэн олж үзэхийг илүү тодорхой болгож, хуульчлах нь. Шилэн дансны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. “Шилэн данс”-ыг төсвийн орлого, зарлага, өдөр тутмын мөнгөн гүйлгээ, гүйцэтгэл, бонд, өр, зээл, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгслүүд, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой бусад шийдвэр, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй, иргэдэд ойлгомжтой байх мэдээллийн тогтолцоо гэж төсөлд тодорхойлжээ. Үүнд тусгаснаар хууль, тогтоомжийн дагуу улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагаас бусад төсвийн захирагч, Засгийн газар, яам, агентлаг, хороод, бүх шатны хурлын байгууллага, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төсөвт байгууллагууд, аж ахуйн тооцоотой болон улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэгч байгууллага, улс болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь дээрх үүргийг хүлээх юм.

Мөн улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хөрөнгө оруулалт, Засгийн газрын тусгай болон орон нутгийн сангийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сан, худалдан авах үйл ажиллагаа, Засгийн газрын бонд, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгслүүд, гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэх аливаа шийдвэр, төр болон хувийн хэвшлийн түншлэл, концесс ч хамаатай юм байна. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн нэг сая төгрөгөөс дээших тохиолдолд “шилэн данс”-ны мэдээллийг сум, дүүргийн төсөв болон төсвийн шууд захирагч нар гаргах аж. Харин төсвийн ерөнхийлөн захирагч болон төвлөрүүлэн захирагчийн гаргах “шилэн данс”-ны мэдээлэл тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ. “Шилэн данс”-ны мэдээллийг гаргахдаа илүү нарийвчлан хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, объект нэг бүрээр, төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарлах гэхчлэнгээр олон нийтэд хүргэх ёстой гэж төсөлд тусгажээ.

ЗАРЛИГИЙГ ХУУЛЬ БОЛГОН ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ ЗААЛТУУД

Олон арван баримт бичиг үйлдвэрлэсэн ч бодитой үр дүн бий болоогүйн шалтгааныг тодорхой бус байдал хэмээн “оношилж” хуулийн төсөл зэхээд буй. Тэгвэл тэдгээр тодорхой заалтууд хаана байна вэ. Төсөлд шилэн дансны мэдээллийн агуулга, түүнийг хүргэх хугацаа, давтамж, хэлбэр, мэдээлэх үүргийг зааглан оруулжээ. Тухайлбал, шилэн дансны мэдээлэл хүргэх хугацааг 24 цагаас 10 хоног байхаар харилцан адилгүй тусгасан байна. Улс, орон нутгийн төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчдын багц, салбарын төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн батлагдсан төсөв болон тодотгосон төсвийг эрх бүхий этгээдээс баталснаас хойш ажлын 10 хоногийн дотор мэдээлэх бол худалдан авах ажиллагааны зар, шалгаруулалт, үр дүнг шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор “шилэн” болгож толилуулах гэнэ. Жишээ нь, 09.00 цагаас 16.00 цаг хүртэл мөнгөн гүйлгээ хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12.00 цаг гэхэд гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд нээлттэй болох ёстой юм байна. Ингэхдээ тусгайлсан шилэн дансны болон нийтийн зар мэдээний самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглахаар оруулсан байна.

Байгууллагын цахим хуудас нь заавал “шилэн данс” гэсэн цэстэй байхаас гадна тусгайлсан “шилэн дансны” самбар байрлуулахыг ч шаарджээ. Түүнчлэн Засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсл үүд, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс,төсөв, өмч, хөрөнг ө, мөнгө зарцуулах, өр, авлага, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахаас өмнө УИХ-аас тогтоосон агуулга, хэлбэрээр шилэн дансны мэдэгдэл гаргана. Тус хуулийн төслийг боловсруулах багийн гиш үүн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор А.Энхбат үүнийг тайлбарлахдаа, “Өдөр тутмын гүйлгээ, шилжүүлгэн дээр нэг, хоёр, гуравдугаар гарын үсэг зурж байгаа нөхдүүд энэхүү мэдүүлгийг бөглөх ёстой. Энэ нь тухайн төлбөрийн даалгаврыг гүйцэтгэж байгаа дарга, ерөнхий нягтлан нь төлбөр гүйцэтгэхээсээ өмнө ашиг сонирхлын аливаа зөрчилд автаагүй гэдгээ нотолж буй хэрэг. Төлбөрийн даалгавар гүйцэтгэх үүргийг аль нэг сайд, эсвэл агентлагийн дарга зүгээр л амаараа өгчихдөг. Тэгэхээр цаашдаа ямар нэгэн аман даалгавар байхгүй болно. Ингэснээр хариуцлагыг эзэнтэй болгож, тухайн төлбөр гүйцэтгэх үйл ажиллагаа, ялангуяа худалдан авах үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд ямар нэг байдлаар хууль зөрчсөн байвал хариуцлагыг шууд тооцох механизм нь бүрдэж байгаа юм” гэж байсан юм.

Харин хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тухайд холбогдох албан тушаалтанд сануулж, анхааруулахаас эхлээд ажлаас халах хүртэл арга хэмжээ авах нь. Нөгөө талаас төрийн төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг шилэн дансаар дамжуулан иргэдэд нээлттэй, ил тод хүргэсний үр дүнд эргээд иргэдийн хяналт үүсэх нь дамжиггүй. Үүнтэй холбоотойгоор “иргэдийн аудит” гэсэн нэр томъёо гарч ирж буй. Энэ нь төрийн байгууллагууд иргэдэд хүргэх ёстой мэдээллээ өдөр тутам, цаг хугацаанд нь хүргэж байгаа эсэхэд хяналт тавьж буй хэрэг. Энэхүү хуулийн төслийг танилцуулах үеэр Ерөнхийл өгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр шилэн аяга бариад “Төсвийн байгууллагын үйл ажиллагаа яг үүн шиг тунгалаг байх ёстой” гэж байлаа. Тийм ээ, шилний цаанаас аливаа зүйл ил тод, тунгалаг томруун харагдахаас гадна сүүдэр чирдэггүй билээ.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.