Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨДӨРТ НЭГ САЯ ХҮН ЦАХИМ ХАЛДЛАГАД ӨРТДӨГ

Хүн төрөлхтөн даяаршиж, техник технологи улам боловсронгуй болж байна. Үүнийг дагаад цахим ертөнцийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй билээ. Хүмүүс хэрэгцээтэй, хүссэн мэдээллээ цахим хуудаснаас богино хугацаанд авахаас гадна залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчин нь интернэт болоод байгаа. Фейсбүүк, твиттэрээр аялж, элдэв дээдийн тоглоомд донтож, цаг үргэлж компьютерийн дэлгэц ширтэн, товчлуур товшин суух хүмүүс олширсон.

Энэ мэтчилэн цахим ертөнцийн түм буман мэдээ, мэдээлэл, зугаа цэнгэлээс хоцрохгүй яваа гэгдэгсэд өөрсдийгөө цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байна хэмээдэг. Дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байгаа нь саашаалтай ч сайны хажуугаар саар гэдэгчлэн ийм хүмүүсийн сул талыг ашиглаж гэмт үйлдэл хийдэг бүхэл бүтэн арми, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд бий болсон. Цахим гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж буйг газар газрын хууль сахиулагчид ам уралдан ярьдаг.

ХБНГУ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт цахим гэмт хэргийн хохирогч болсон олон арван хүн зөвлөгөө, тусламж хүсэж ханддаг гэнэ. Тодруулбал, Нордхайн- Вестфаллен мужийн ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өнгөрсөн жил 305 байгууллагаас гомдол иржээ. Энэ нь 2012 оныхтой харьцуулахад зургаа дахин их тоо юм байна. Тэдгээрээс хакерийн халдлагад өртсөн, комьпютерийн мэдээллээ бусдад алдсан, үйлдвэрлэлийн тагнуулын золиос болсон, онлайн захиалга өгөөд луйвардуулсан тохиолдол зонхилжээ. Энэ бүх үйлдлийг таслан зогсоохоор дээрх хэлтсийнхэн гурав дахин илүү хүчээр ажиллаж, эрчимтэй тэмцэж байгаа ч төдийлэн үр дүн гарахгүй байсаар. Цахим гэмт хэргийн тоо өсөж буйг тус мужийн Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Уве Яков хурцаар шүүмжилж, “Өмнө нь дэлхий ертөнц бодит байсан. Энэ үед бүх зүйл энгийн, хялбар байв. Харин ихэнх юмс цахим ертөнц өд шилжснээр хүн төрөлхтний сэтгэх үйд маш их өөрчлөлт орсон. Ийм янзаараа удвал удахгүй бидний дэлхий хийсвэр, зохиомол болно. Бодит зүйл байхгүй болох вий” хэмээжээ.

Дээр дурдсан тоо зөвхөн нэг улсын нэг мужид гарсан цахим гэмт хэргийн дүн. Гэтэл дэлхий нийтэд өдөрт нэг сая хүн дээрх гэмт хэргийн золиос болдгийг Европын холбооноос өнгөрсөн онд хийсэн судалгаанд дурджээ. Уг судалгаанд дэлхийн 60 гаруй орон хамрагдсан бөгөөд эдгээр улс 290 сая еврогийн хохирол амсчээ. Хакерууд хууль бусаар олон арван банкинд нэг зэрэг халдаж, мөнгөн гуйвуулга хийх, хүний мэдээллийн санг хулгайлах, хүүхдийг садар самуунд уруу татсан төлбөртэй бичлэг интернэтэд байрлуулах зэргээр мөнгө олдог аж. Ийнхүү хэн хүний хийж чадахгүй зүйлийг хийдэг хакеруудыг зогсоох нэгэн одоохондоо байхгүй болохоор аливаа хүн өөрийнхөө мэдээллийг чандлан нууцалж, компьютерийн тодорхой хэмжээний мэдлэгтэй болох хэрэгтэй гэж цахим гэмт хэрэгтэй тэмцдэг хууль хяналтын байгууллагын ажилтнууд сануулж байна.


Г.АРИУНЦАЦРАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.