Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ЭНХБАЯР: Бачуурч байхаар төсвийн зарцуулалтаа ил болгочих хэрэгтэй

 “Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд 293 сая 22 мянган төгрөг буюу нийт 500 гаруй сая төгрөг зарцуулсан нь хууль бус байж болзошгүй. Энэ асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг оны өмнө иргэн Б.Энхбаяр, Д.Сайнжаргал нар АТГ-т өгсөн. Тэгвэл өнгөрсөн сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэднийг өөрийн нэр хүндэд халдсан гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад ханджээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяраас тодрууллаа.

-Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх үндэслэлээр Танд Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Ийм хүсэлтийг Ерөнхий сайд өөрөө гаргасан юм уу?

-ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд хандаж Ерөнхий сайд 2013 оны арванхо ёрдугаар сарын 19-нд биднийг өөрийнх нь нэр төр, алдар хүндэд халдаж, гутаасан тул эрүүгийн хэрэг үүсгэж, шалгана уу гэсэн өргөдөл гаргасан байна. Гол асуудал нь оны өмнө бидний хийлгэсэн хэвлэлийн бага хуралтай холбоотой юм байна. Энэ үеэр бид “2013 оны улсын төсвийг батлахад Ерөнхий сайдын багц хөрөнгөд 50 тэрбум төгрөг туссан. Үүний 500 гаруй сая төгрөг нь хууль бусаар зарцуулагдсан байж болзошгүй” гэдгийг мэдээлсэн. Энэ нь Ерөнхий сайдыг гүтгэсэн явдал болсон гэнэ. Энэ гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс нэгдүгээр сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна лээ. Үүнийгээ хоёрдугаар сарын 5-нд буюу 19 хоногийн дараа танилцууллаа.

-Яагаад ийм олон хоногийн дараа танилцуулж байгаа юм бол?

-Цагдаагийнхан ийм хожуу мэдэгдэж байгаагаа “Та хоёрын ажил алба, хаяг тодорхойгүй байсантай холбоотой. Бараг УБЕГаас нэр, хаягийг чинь олсон” гэж тайлбарласан. Монгол Улсаас гарч яваагүй, тодорхой албан тушаал хашиж байгаа хүнийг олохг үй байна гэдэг байж боломг үй хэрэг л дээ. Тэгээд ч Ерөнхий сайдын багц хөрөнгийн 50 тэрбум төгр өгийн зарцуулалт хууль бус байж болзошгүй тухай АТГ болон УИХ, Хууль зүйн яаманд хандаж гаргасан бидний өргөдөлд нэр ус, утасны дугаар, гэрийн хаяг бий.

-Ерөнхий сайдын мэдлийн 50 тэрбум төгрөгийн зарцуулалт үнэхээр эргэлзээтэй юм уу. Эсвэл оргүй зүйл учраас Ерөнхий сайд гомдол мэд үүлээд байна уу?

-Би хуульч хүн. Хууль зөрчсөн бол надад өөрийгөө хаацайлаад, матрын нулимс унагах сонирхол, шаардлага ч байхгүй. Хуулийн байгууллага энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэх ёстой. УИХ 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг хуваарилахдаа ямар нэгэн задаргаа, нарийн хуваарьгүй олгосон байдаг. Сүүлд УИХ-аас нэгдүгээр улиралд багтаан Төсвийн байнгын хороо энэ задаргааг батлах ёстой гэсэн тогтоол гаргасан. Засгийн газар тухайн үед энэ тогтоолыг зөрчин задаргааг нэгдүгээр улиралд биш дөр өвдүгээр сарын дундуур Байнгын хороонд оруулж ирсэн. Ингээд Үндсэн хууль, Төсвийн тухай хууль болон бусад хуулийг зөрчс өн асуудал яригдаж, эцэст нь 50 тэрбум төгрөгийг үндсэн долоон арга хэмжээнд зарцуулахаар тогтсон л доо.

Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөг Төсвийн байнгын хорооны тогтоолоор батлагдсан арга хэмжээнд зарцуулагдаагүй. Мөн Тендерийн хуульд заасан 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бараа, 80 сая төгрөгөөс дээш өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахад заавал тендер зарлах ёстой гэх заалтыг зөрчсөн байх магадлалтай учраас шалгаж нягтлах ёстой. Тэгээд ч УИХ-ын 2013 оны улсын төсвийн хууль тогтоомжид “Бумбардай” цуврал ном, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн заалт, хөрөнгө огт тусгагдаагүй. Гэтэл ямар нэгэн тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулж, цуврал ном болон дээрх хөтөлбөрийг санх үүж үүлсэн байна. Үүнийг шалгаж өгнө үү гэж зохих байгууллагуудад хандсан. Энэ явдлын дараа Ерөнхий сайд оюуны өмчтэй зүйлд тендер зарладагг үй, би ер нь тендер мендер гэж мэдэхгүй гэж хүртэл хэвлэлээр хэлж л байсан. АТГ ч гэсэн яг энэ үндэслэлээр бидний гомдлыг шалгахгүй гэсэн.

-Төсвийн хөрөнгөөр оюуны өмч, зохиогчийн эрхийн гэрчилгээтэй ном, киног худалдан авахад Тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй гэсэн заалт аль нэг хуульд бий юү?

-АТГ тухайн асуудалд мэргэжлийн аудитор, шинжээч оролцуулж, дүн шинжилгээ хийлгээгүй. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн эсэх, оюуны өмчийн гэрчилгээтэй бараа, бүтээгдэхүүнийг төрийн мөнгөөр худалдан авахад тендер зарлахгүй гэсэн заалт ямар хуульд байдгийг ч дурдаагүй. Ердөө л оюуны өмчтэй зүйлд тендер зарлахгүй учраас хэрэг үүсгэж, шалгах боломжг үй гэсэн хариу өгсөн. Ийм хариу авсан Ерөнхий сайд өнөөдөр “Энэ хоёр нөхөр намайг гүтгэлээ” гэж цагдаад хандаж байна л даа. Ерөнхий сайд “АТГ надад хэрэг үүсгэж, шалгахаас татгалзсан учраас Д.Сайнжаргал, Б.Энхбаяр нар намайг гүтгэсэн” гэж үзсэн шиг байна. Асуудлыг судалсан хүний хувьд бид олон юм олж харсан л даа. Жишээ нь, Ерөнхий сайд 2013 оны зургадугаар сарын 28-нд 101 тоот захирамж гаргаж, Нүүдлийн зурган өгүүлэмж гэх 20 мянган төгрөгийн дүрмийн сантай байгууллагад 293 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл энэ байгууллагын зохиогчийн эрхийн гэрчилгээ нь Оюуны өмчийн газраас долдугаар сарын 1-нд гарсан бол тэд хамтран ажиллах гэрээгээ долдугаар сарын 4-нд байгуулсан байдаг. Хэрвээ хуульд яриад байгаа заалт нь байгаа юм бол Ерөнхий сайд зохиогчийн эрхийн гэрчилгээтэй газартай гэрээ байгуулаад, дараа нь мөнгө шилжүүлэх байсан. Харин ч оюуны өмчийн гэрчилгээг үй, гэрээ хийгдээгүй байгууллагад мөнгө шилжүүлэх шийдвэр гаргасан Ерөнхий сайдыг хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэж шалгаж, нягтлах ёстой нь эндээс харагдаж байгаа биз дээ. Тийм учраас АТГ, УИХ, УИХ-ын Төсвийн зардлын хяналтын дэд хороо, Хууль зүйн яаманд хандсан.

-Ерөнхий сайдтай холбоотой цөөнгүй баримт дэлгэсэн, хууль зөрчсөн томилгооны асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгч хөл алдуулсан гээд Та хоёрын дунд халуун маргаан өрн өж байсан. Энэ удаа Засгийн газрын тэргүүн Танд хариу барьж байгаа юм биш үү?

-Хууль ёсыг мөрдөж ажиллаасай гэсэндээ Ерөнхий сайдыг болон Засгийн газрын гаргасан цөөнгүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Үндсэн хуулийн цэц миний өргөдлийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Үндсэн хууль зөрчсөн” гэж өнгөрсөн жил гаруйн хугацаанд гурван удаа шийдвэр гаргасан. Ерөнхий сайд Цэцийн шийдвэр гарахаас өмнө хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон шүү дээ. Ийм асуудалд Үндсэн хуулиа сахиж ажиллах ёстой төрийн хүн, тэр тусмаа Засгийн газар тэргүүлж байгаа хүн эмзэглэх биш харин ч баярлах ёстой байх. “Шийдвэр чинь хууль бус байна” гэж сануулсан, иргэнийхээ эрхийг эдэлсэн жирийн хэн нэгэн иргэнд албан тушаалын сүр хүч үзүүлж байгаа нь харамсалтай. Энэ бол тэр хүнийг Үндсэн хууль зөрчихгүй байхыг нь сануулсан цэвэр хууль зүйн маргаан шүү дээ.

Засгийн газрын тэргүүний багц хөрөнгийн зарцуулалтыг шалгуулахаар АТГ-т хандсаны дараа Ерөнхий сайд хэвлэл мэдээллийнхэнд “Миний өөдөөс донгодоод байгаа хоёр нөхрийг шүүхэд өгнө” гэж хэлсэн байсан. Одоо цагдаагаар шалгуулж байна. Үүнээс харвал донгодсон хоёр нөхрийг залхаан цээрлүүлж, амыг нь үдэх ажлаа эхлүүлж байж болох юм. Гэвч үүнд эмзэглээд байх юм алга. Бидний дунд урьдын хувийн харьцаа, өс хонзон байхгүй. Нэг нөхөр өөрийнх нь өндөр дээд нэр хүнд гутаагдаад баларлаа гэж ойлгосон л юм байгаа биз. Харин нэг зүйл нэмж хэлэхэд өмнө нь хэвлэлийн бага хурал хийж, ямар нэг хэрэг маргаан, сэжиг бүхий нотлох баримтыг нягтлуулахаар хуулийн байгууллагад хандаж байсан хүмүүст Эрүүгийн хуулийн гүтгэх гэдэг зүйл ангиар хэрэг үүсгэгдэж, ял шийтгэл авч байсан тохиолдол Л.Гүндалайг эс тооцвол Монгол Улсын түүхэнд байгаагүй. Бид хоёр анхных нь болж байна. Энэ бүхэн иргэний Үндсэн хуульд заасан мэдэх, мэдээлэл авах эрхийг ч хөндөж, хязгаарлаж эхэлснийг харуулж байх шиг байна.

Ингэж бачуурч байхаар ард түмнээс нууж байгаа төсвийн хөрөнгийн зарцуулалтаа ил болгочих хэрэгтэй.


Д.ОТГОНЖАРГАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.