Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТУРКИЙН ЕРӨНХИЙ САЙД ГАДААДАД АМЬДАРДАГ ИРГЭДЭЭСЭЭ ДЭМЖЛЭГ ХҮСЭЖ БАЙНА

Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоганы ХБНГУ-д хийсэн айлчлал энэ сарын 5-нд өндөрлөв. Айлчлалын хүрээнд тэрбээр Германы Канцлер Ангела Меркельтэй уулзаж, Германд аж төрдөг гурван сая турк хүнд хандаж үг хэлсэн байна. Тэд Европоос гаралгүйгээр Туркийн сонгуульд оролцох боломж олдож буй аж. Эх орондоо дэмжлэг муутай болж буй Эрдоганд хилийн чанадад хамгийн олноор амьдарч байгаа туркчүүдэд хандах шалтгаан байгаа нь эргэлзээгүй. Эрдоган “Tempodrom” хэмээх мэдээллийн төвийн индрээс үг хэлэхдээ “Худлаа хэлэх нь сөрөг хүчний зорилго, үүнд тэднийг сургасан юм” гэсэн байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард болсон Парламентын сонгуульд ялалт байгуулахынхаа өмнөхөн Ангела Меркель чухам эндээс дэмжигчдэдээ баяр хүргэж байсан юм. Туркийн Ерөнхий сайд хамтран зүтгэгчид болоод гэр бүлийнх нь гишүүдийг авлигын хэрэгт буруутгаж буйтай холбогдуулж “Нарыг хог новшоор халхалж болохгүй” гэсэн утгатай үг хэлсэн байна. Тэгвэл түүнийг эсэргүүцэгчид Берлиний Бранденбургийн хаалганы дэргэд цуглаад “Эрдоган-хулгайч” хэмээн хашгирч байв. “Өөрийн хэл, туг, соёлоороо бахархагтун” хэмээн танхимд цугларсан 4000 турк хүнд Эрдоган уриалав. Энэ 4000-ын ихэнх нь Европт байгаа туркчүүдийг нэгтгэдэг лалын шашны байгууллагын гишүүд байлаа. Уг байгууллагын үйл ажиллагааг Туркт хаасан аж. Гэлээ ч Эрдоган улс төрийн шатаар өгсөх замаа чухамхүү энэ байгууллагын эгнээнээс эхэлсэн гэдэг.

Германд аж төрдөг турк хүмүүс сонгуульд оролцохын тулд эх орондоо ирсэн байна. Тэгвэл Туркийн аливаа сонгуулиар Германд санал авах байрууд ажиллуулж байхаар хоёр улсын хооронд өнгөрсөн оны намар хэлэлцээр байгуулжээ. Тэгэхдээ Германд байгаа турк хүмүүсийн тэн хагас нь буюу 1.5 сая хүн санал өгөх эрхтэй юм байна. Турк улс түүхэндээ анх удаа ирэх наймдугаард сард Ерөнхийлөгчөө Парламентаар бус бүх нийтээр нууц санал хурааж сонгохоор зэхэж буй бөгөөд Эрдоган энэ сонгуульд нэрээ дэвшүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. Уг сонгуулийн үеэр санал хураах байрууд дөрөв хоногийн турш ажиллах аж. Истанбулд өнгөрсөн зун болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр хөөн тараасан, авлигын хэрэгтэй холбоотой шуугиан дэгдсэн зэргийг Германы хэвлэлүүд эрс шүүмжилж “Байдал ийм байхад Турк улс Европын холбооны гишүүн болж чадахгүй” хэмээн бичиж байгаа юм.

“Улс төрийн нэр хүнд нь доод цэгтээ очоод байгаа үедээ Эрдоган Берлинд ирлээ. Туркийн эдийн засаг ихэд суларч, Ойрхи Дорнод, АНУ, Европын холбоонд нэр хүнд нь уналаа. Эрх мэдлийг хуваах, эрх зүйт төр байгуулах ардчилсан зарчмыг энд бүр мартаж орхисон гэж “Die Welt” сонинд бичсэн байна.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.