Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ээлжит бус чуулган дагуулсан завсарлага

 УИХ-ын намрын чуулган ажлын 86 хоног үргэлжлээд энэ сарын 30- нд завсарлав. Үүгээр нэр заасан 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. Ээлжит бус болон хаврын чуулганаас шилжиж ирсэн, явцын дунд санаачилсан хууль, тогтоолын цөөнгүй төслийг мөн хэлэлцжээ. Нийт 148 хууль, тогтоол баталсан аж. Гэвч намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа дөнгөж 40 хувийг л гараас гаргажээ. Хуулиар заасан хугацаатай учраас төсөв, мөнгөний бодлогоо баталсан нь мэдээж. 2014 оны улсын төсвийг батлахдаа өмнөх жилүүдээс нэг онцлогтой байсан юм. “Авлигажсан” гэх тодотгол бүхий 139.1 тэрбум төгрөгийн 243 төсөл, арга хэмжээний энэ онд санхүүжүүлэх 106.3 тэрбум төгрөгийн төсвийг УИХ анх удаа царцааснаараа онцлог байлаа. Бас 243 барилгын төс өвт өртөг нэмэгдсэн шалтгаан, бас бус “но”- г тодруулахаар аудит хийлгэсэн.

МАРГААН ДАГУУЛСАН АЛТНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭВ

Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор өнгөрсөн хаврын чуулганы дараа ээлжит бус чуулган хийсэн билээ. Үүгээр дөрвөн асуудал хэлэлцсэн ч Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн, Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл намрын чуулганд шилжиж ирснийг баталсан юм. Намрын чуулганы явцад хамгийн их хардлага, маргаан дагуулсан асуудал нь алт байв. Олборлосон алтаа Монголбанкинд тушаасан нөхцөлд роялтийг 2.5 хувь болгож бууруулахаар уг төсөлд тусгасан. Ийм аргаар эх орондоо алтны болон валютын нөөцөө нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой хэмээн Засгийн газар үзсэн байна. Хуулийн зохицуулалт бүх компанид үйлчилнэ. Тиймээс Оюутолгойд ногдох роялти ч ялгаагүй 2.5 хувь болж буурах байв. Үүнийг сөрөг хүчин эсэргүүцэж, “Оюутолгойн лообий” хэмээн хардсан. Ирц бүрдээгүйгээс ч болсон уу, сөрөг хүчний шүүмжлэл хүчтэй байв уу Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл чуулган дээр “унасан”. Гэхдээ олонх зорилгоосоо буцсангүй. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, үүндээ дээрх зохицуулалтаа тусгаад батлуулж чадав. Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, шүүх, цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийг дэмжсэн хэд хэдэн хуулийн төслийг энэ чуулган гараас гаргажээ.

“БЭЛГЭДЛИЙН” ХУУЛИЙН ТӨСӨЛ

Чуулган бүрийн хэлэлцэх асуудлын дараалалд ёс юм шиг багтаадаг ч баталж чаддагг үй хэдэн хуулийн төсөл бий. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллыг батлахдаа ч энэ “уламжлалаа” зөрчсөнгүй. Сонгуулийн нэгдсэн, Улс төрийн намуудын тухай, Зарим хотод улсын зэрэглэл тогтоох хуулийн төсөл энэ хэсэгт орж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал мөнхийн сэдэв байдаг шиг дээрх хуулийн төслүүдийг өөрчилж, тогтолцооны гажуудлаа засах мөрөөдөл энэ удаа ч бодитой болж чадсанг үй. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг С.Баярцогт ахалж буй. Ажлын хэсэг Бүлэгтээ урьдчилсан мэдээлэл хийж, тэр үеэр АН-ын гишүүдээс “УИХ-д суудал аваагүй намуудыг татан буулгах нь зөв” гэсэн санал гарсан нь намууд, олон нийт энэ төсөлд анхаарлаа хандуулах нэг дохио болов. Түүнээс биш ийм төсөл байгааг “мартчихсан” байсан биз. Эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчлөө хэмээх шүүмжлэл дагуулж, унтсан намуудыг сэрээсэн дээрх асуудал нь ердөө л санал байснаар шуугиан намжиж, бусад нь тайвширсан. Гэхдээ төсөл боловсруулах явц арай зогсчихоогүй байх. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн Ажлын хэсгийг гишүүн Р.Бурмаа ахалж байгаа. Холимог тогтолцоогоо үргэлжлүүлэх ч пропорциональ, мажоритар системийн харьцааг 50:50 байлгах нэг санаа цухалзаад л намрын чуулганыг дуусгасан. Тэгвэл бараг хөнд өгдөөгүй нэг асуудал нь Зарим хотод улсын зэрэглэл тогтоох тухай асуудал байв. Аймгийн төвүүдийг хот болгох асуудал улсын хөгжилд маш чухал ч Засгийн газар төслөө “нухаад” л суугаа бололтой.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын намрын чуулганыг эхлээд нэгдүгээр сарын 23-нд, дараа нь хоёрдугаар сарын 10-нд завсарлуулахаар хувилбар гаргасан. Гэвч Цагаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 30- нд завсарлуулав. Ээлжит бус чуулган хийхээр төлөвлөсөн тул ийнхүү эрт завсарлуулсан аж. Ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах тухай албан ёсны тов гараагүй байгаа ч үүгээр энэ оны төсвийг тодотгохтой холбоотой юм. 2014 оны төсвийг батлахдаа санхүүжилтийг нь царцаасан 234 объектод Үндэсний аудитын газраас дүгнэлт хийгээд дууссан. Үүнийг Бүлэг, Байнгын хороодоор хэлэлцээд чуулган дээр “шүүнэ”. Будлиангүй барилгын санхүүжилтийг төсвийн тодотголоор суулгах учиртай. Дээрээс нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж чадаагүй завсарласан. “Шударга ёс” эвслийн болон МАН-ын бүлгээс оруулсан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд тусгаагүй учраас тогтоолын төслийг олонх дэмжээгүй аж. Дараагийн чуулган эхлэхэд юу хэлэлцэх нь тодорхой байх ёстой учраас ээлжит бус чуулганаар энэ асуудлыг бас шийдэх ёстой болж байна.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.