Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.ДЭМБЭРЭЛ: БАЙНГА ХАМГААЛАГЧ НАР ДАГАХААР ЭХЭНДЭЭ ХЭЦҮҮ БАЙСАН

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент үүсэн бий болсон цагаас тасралтгүй сонгогдон, төр түшилцэж яваа цөөхөн эрхмийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл. Нэр цэвэр улстөрчийн тоонд тэр зүй ёсоор багтдаг. Олон нийт түүнийг туршлагатай түшээ гэдгээр нь л мэднэ. Эрхэм гишүүн хувийн амьдрал, дотоод ертөнцийнхөө талаар хэвлэлээр тэр бүр дэлгээд байдаггүй. Тэгвэл “Өнөөдөр” сонин энэ удаа хүн бүхний мэдэх туршлагатай улстөрчийн танигдаагүй дотоод ертөнц рүү өнгийх гэж оролдлоо.

-Хүн болж төлөвшихөд гэр бүлийн орчин, хүмүүжил их чухал байдаг. Та ямар гэр бүлд төрж, өссөн бэ?

-Аав минь мал маллаж, Цагаан нуур, Хөвсгөл, ОХУ-ын Бийск хотын хооронд жин тээдэг байлаа. Тухайн үеийн МАХН нийт ард түмний боловсролд анхаарч, хүүхдүүдээ бичиг үсэгтэй болгох бодлого баримталж байсан учраас найман настайдаа сургуульд орсон. Ээж, ааваасаа ах, дүү дөрвүүлээ. Дээрээ ах, эгч, дороо нэг дүүтэй.

-Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болж байна. Тэр үед энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бол?

-1960 оноос өмнө Цагаан сарыг одоогийнх шиг бүх нийтээр тэмдэглэдэг байсан. Баншаа чанаж , алаг мэлхий өрж, хорол тоглож, шагай шүүрч нааддаг. Хүүхдүүд тоглоомоо ганзагалаад айлд очиж тоглодог байсан. 1960- аад оноос нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн. Социализмын үед бүтээн байгуулалтын ажилд хамаг анхаарлаа хандуулж байсан учраас баярыг хэт олшруулахгүй бодлого баримталж, малчид Цагаан сарыг, төв суурин газрын албан хаагчид шинэ жилийн баяраа өргөн тэмдэглэдэг болгосон. Баяр цөөн, түүнийгээ их сайхан тэмдэглэдэг учраас хүсэн хүлээдэг, үнэ цэнэтэй байлаа. Одоо олон баяр тэмдэглээд хүмүүс уйдах болжээ. Зарим хүн Цагаан сарын баяраас зугтаж, гадагш явдаг болсон байна. Бас энэ баярыг өргөн, зарлага ихтэй тэмдэглэдэг болжээ. Манай өвөө 1000 хоньтой байсан ч баярхан тэмдэглэж байгаагүй. Айл хотлоороо цуглаад даруухан тэмдэглэдэг байв. Одоо бол нийтийн адилаар л тэмдэглэх бэлтгэлээ хангаж байна. Төрийн золголтдоо оролцоно. Ах маань Улаанбаатарт амьдардаг. Тиймээс Шинийн нэгэнд ахдаа очиж золгодог юм.

-Та хэдэн хүүхэд, ач, зээтэй болсон бэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Ач, зээ олон болсоон, тэд маань ирж золгоно.

-УИХ-ын дарга байхдаа гэрийнхэнтэйгээ эхэлж золгож амждаг байв уу?

-Төрийн золголтыг хэдэн цагаас товлосноос хамаарна л даа. Ер нь нар тусахаас эхлээд золгох учраас гэрийнхэнтэйгээ золгочихоод ирдэг. Төрийн золголтыг эрт товлосноос гэрийнхэнтэйгээ дараа нь золгох үе ч байсан.

-Та Эдийн засгийн дээд сургууль болон Москвагийн Нийгмийн ухааны академи төгссөн юм билээ. Аравдугаар ангиа төгс өөд хүссэн мэргэжлээ сонгож чадсан уу?

-Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг аймагт авдаг байсан. Би Эдийн засгийн дээд сургуулийн хөдөө аж ахуйн эдийн засагчийн хуваарь авч, төгсөөд “Баясгалант амьдрал” нэгдэлдээ ажиллана гэж бодож байлаа. Энэ сургуульдаа ч хуваарилагдсан. Гэвч манайх Алтай Таван богдын их суганд зусдаг болохоор наймдугаар сарын сүүлчээр л аймаг орсон. Зуслангаас шуудангийн машин, морь унаагаар дамжсаар цаг алдаж очиход хүссэн хуваарь маань дуусчихсан байв. Бодож байгаад үйлдвэрийн эдийн засагчийн анги авъя гэтэл байдаггүй. Банкны эдийн засагчийн хуваарь ч бас дуусчихаж. Ингээд үлдсэнээр нь худалдааны эдийн засагчийн ангийн хуваарь авсан хүн дээ. Хүссэн сургуульдаа орсон ч мэргэжлээ ингэж сонгож байлаа. 1964 онд сургуулиа төгсөхөд Худалдаа, бэлтгэлийн яамны боловсон хүчин Орги гуай “Чи дээд сургуулиа онц төгссөн байна. Чамайг яаманд ажиллуулна” гэсэн. Тэгэхээр нь “Би яаманд ажилламааргүй байна. Нэгдэл рүүгээ, ээж рүүгээ явмаар байна” гээд Ховд аймгийн Худалдаа, бэлтгэлийн газрын орлогч даргаар хуваарилагдсан. Тэр үед 22 настай байлаа. Тэндээ дөрвөн жил ажилласан. Дараа нь аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр даргаар тавина гээд тэнд хоёр жил эвлэлийн ажил хийлээ. Хөдөө лекц уншиж, сурталчилгаа хийх дээд боловсролтой, сэхээтэн цөөн байсан болохоор аймгийн Намын хороо намайг бас “шохоорхоод” байсан юм билээ. Тэд МАХНын хороонд Улс төр, гэгээрлийн танхимын эрхлэгчээр ажиллуулсан. Урлаг, соёлын бүх л арга хэмжээг хариуцна, төрийн албан хаагч, ажилчдад лекц уншиж, сургалт, сонсгол зохион байгуулна. Тиймээс ахмад үеийнхэн улс төрийн боловсрол сайтай байдаг юм шүү дээ.

-МАХН-ын хороонд ажиллах болсон учраас намд элссэн үү?

-Дээд сургуулийн оюутан байхдаа, 20 настайдаа намд элссэн. Тэр үед зөвхөн сурлагаар тэргүүлсэн оюутныг элсүүлдэг байлаа. Манай ангид нас тогтсон, төрийн ажил хийсэн хүн цөөнгүй байсан юм. Тэд намайг хоёрдугаар ангийн оюутан байхад намд элсэхийг зөвлөж, батлан даасан.

-Хэзээ Москва явсан юм бэ?

-Аймгийн Эвлэлийн хороонд ажиллаж байхад ажлаа сайн хийсэн гээд Улаанбаатарт Эвлэлийн төв хороо руу татаж, Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгчээр тавьсан. Ингэж байтал Намын төв хороо ЗХУ-д сургах хүмүүсээс шалгалт авахаар боллоо. Тэр үед надтай хамт өмнө нь ЗХУ-д төгссөн, ажиллаж байгаад дахин сурах гэж буй хүмүүс шалгалт өгсөн юм. Гэтэл би дотооддоо дээд сургууль төгссөн, орос хүнтэй ч бараг уулзаагүй, хөдөө ажиллаж байгаад ирсэн хүн. Орос хэлдээ хамгийн муу нь би байсан. Гэхдээ Төв хороо намайг шалгалтад тэнцүүлээд явуулсан. Оросоор ярихдаа муу ч бичих, уншаад ойлгохдоо сайн байсан л даа. Тэнд хоёр жил суралцаж, практикийн мэдлэгээ онол талаас нь ойлгож, тайлбарлуулсан. Тэр үед онол, практикийг сайн хослуулсан сургалт явуулдаг байж дээ.

-Онц сураад л, шууд дарга болоод л, таны амьдрал үргэлж дардан байсан юм шиг ээ. Ер нь алдаж, зэмлүүлж байв уу?

-Би ер нь зэмлэл сонсож яваагүй дээ. Хүн хариуцсан ажлаа сонирхож, судалж хийх хэрэгтэй. Анзаарч судалбал ямар ч ажилд сонирхолтой, мэдэх ёстой зүйл байдаг юм. Ажлыг голж шилэхгүй хийвэл дэвшүүлээд байх шударга механизм тэр үед байсан. Манайхан одоо тэр үеийг шударга бус байсан гэх гээд байна уу даа, тийм биш.

-Та 1992 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон. Бага залуугаасаа улс төрийн, удирдах ажил хийсэн хүнд УИХ-ын дарга хийхэд зовлон байгаагүй байх.

-Мэдэхгүй, чадахгүй зүйл УИХ-ын дарга хийхэд байгаагүй ээ. Таван удаа УИХ-д сонгогдчихсон, 20-иод жил гишүүнээр ажиллаж, Байнгын хороо, дэд хорооны дарга хийсэн. 1992-1996 онд 70 гишүүнтэй олонхийн бүлгийн дарга явсан. УИХ-ын даргын ажил намын ажилтай төстэй. Би намын байгууллагад олон жил ажилласан. Намын ажил хүнд харагддаггүй атлаа их мэдлэг суулгадаг, өөрийгөө их цэнэглэдэг. Эвлэлийн болон намын ажил хийж байсан хүмүүс удирдлагын түвшинд ажиллах талаар мэдлэг, дадлага эзэмшиж, бэлтгэгдсэн байдаг. УИХ-ын дарга хүн бүх хуулиа судалж, мэдсэн байж чуулган удирддаг. Зарим хуулийг батлуулах, заримд нь тоормос тавих ч шаардлага гарна. Төрийн бодлогыг зөв тодорхойлох үүрэг хүлээдэг. Хууль тогтооход оюуны их хөдөлмөр зарцуулдаг. Ул суурьгүй хандвал томоохон бодлого буруудах эрсдэлтэй. Намайг УИХ-ын дарга байх 2008-2012 онд гурван том бэрхшээл бий болсон. Эхнийх нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал байлаа. Үүнийг бид ухаалгаар давсан. Үнэндээ 2010 он гэхэд манай эдийн засгийн өсөлт -1.2 хувь болж унасан юм шүү дээ. Гэхдээ бид 2008 онд төрийн албан хаагчдын цалинг гурав, тэтгэврийг хоёр дахин нэмчихсэн, малчдад ноолуурын урамшуулал болгон 40 тэрбум төгрөг олгосон байсан учраас тэр хямрал иргэдэд нэг их мэдрэгдээгүй. Тэр үеийн УИХ-ын гишүүдийг “ямаа” гэж доромжилж байсан ч энэ шийдвэр эдийн засгийн том хямралыг ажрахгүй өнгөрүүлэхэд чухал үүрэгтэй байсан юм. Мөн намууд 2008 онд иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоно гэж амласан. Нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх буюу 4.5 их наяд төгрөг байсан учраас тэр дөрвөн жилд үйлдвэрлэл хөгжүүлэх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажиллахад бэрхшээл учруулсан. Гуравдугаарт, 2009 оны өвлийн зуднаар бид 10 сая мал алдсан нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үетэй давхацсан. 2010 онд төл аваагүй учраас махны үнэ их өссөн. Энэ бүх бэрхшээлийг даван туулахын төлөө ажилласан даа.

-Та өмнө нь гишүүн, сайд хийж явсан ч УИХ-ын дарга болж, төрийн хамгаалалтад ороход өөр мэдрэмж төрсөн байх. Хаа ч явсан хамгаалагч нар дагаад байх нь түвэгтэй байсан уу?

-За тэрэнд чинь л баригдаад байгаа юм даа. Хүний чөлөөт байдлыг хумиад байдаг. Байнга хамгаалагч нар дагаад байхаар эхэндээ хэц үү байсан. Ялангуяа гадуур айлаар очиход маш чирэгдэлтэй. Айлд очно гэхээр тэнд давхиж очоод, гудамжаар нь цагдаа нар зогсоод, ямар аяганд цай хийж өгөхийг хүртэл шалгадаг. Хөдөө явахад ч гэсэн хаана, хэнийд орохыг эхэлж тогтоогоод Мэргэжлийн хяналт, тагнуулынхан очиж шалгаж, нягтална. Албан байгууллагаар ороход ч ингэж “бужигнуулдаг”.

-Төрийн өндөрлөгүүд хот дотуур явахаар зам чөлөөлдөг. Тэр нь энгийн иргэдэд их түвэгтэй байдаг л даа. Ингэж явах ер нь ямар вэ?

-Дасахад хамгийн хэцүү зүйл тэр байлаа. Машинуудыг “жагсаачихаад” л дохио хангинуулаад явах амаргүй. Сүүлдээ дассан.

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийл өгч нар “Их тэнгэр” цогцолборт амьдардаг. Таныг УИХ-ын дарга байх үед сэтг үүлчид “Их тэнгэр”-ээр нэг зочилсон юм л даа. Тэр үед айлд гэхээсээ илүү албан байгууллагад орж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Танд ямар санагддаг байсан бэ?

-Эхлээд хиймэл санагддаг байсан. Гэхдээ хүн аливаад дасахдаа амархан учраас тэр хавьдаа чөлөөтэй болсон.

-Олон нийт таныг нэр цэвэр улстөрч гэж үнэлдэг. Хувь хүн талаасаа Д.Дэмбэрэл гэж ямар хүн бэ гэдгийг иргэд тэр бүр мэдэхгүй. Та өөрөө юу гэж дүгнэх вэ?

-Эд хөрөнгөнд шуналгүй, эрхэм баялгийг эрдэм мэдлэг гэж ойлгож амьдарч байна. Энэ суурь хүмүүжил надад ч, миний үр хүүхдэд ч нөлөөлсөн. Би лиценз, тендер, зээл авахтай холбоотой асар их мэдээллийн дунд байсан. Гэвч төрийн албан хаагч ядуу зүдүү ч байсан нэр цэвэр үлдэх ёстой. 1990 оноос хойш өмч хувьчилж, нийгмийн баялгийг хуваарилсан. Төрийн албан хаагч байсан учраас энэ бүхнээс хөндий явсан. Бизнес эрхлээгүй, хүүхдүүдээ эрдэм сургахад хандуулсан. Тиймээс манай гэр бүлд бизнес эрхэлдэг хүн байхгүй. Ийм учраас л төрд олон удаа сонгогдож, итгэл хүлээлгэсэн гэж боддог. Нэр хүнд бол их том баялаг шүү дээ.

-Ард түмэн танд итгэсээр байгаа учраас 2016 оны сонгуульд ч бас өрсөлдөх үү?

-Хүн баялгаа хэрхэн ашиглахыг цаг хугацаа шийднэ. Надаас хүмүүс “Яаж ийм олон удаа УИХ-д сонгогдож чадаад байна” гэж асуудаг юм. Энэ хугацаанд би тойргоо огт солиогүй. Төрийн албан тушаалтан ажлынхаа төлөө бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой. Гэвч одоо ийм түвшинд хүрсэн түшээ ховор байгаа нь УИХ-ын нэр хүндэд цөв суулгаж байна. УИХын гишүүний албыг эрх мэдэл, өмч хөрөнгөө арвижуулах боломж гэж харж буй нь буруу. Би 22 настайгаасаа удирдах ажил хийлээ, төрд зүтгэлээ. Үндсэн хууль баталсан хүмүүсээс энэ УИХ-д цөөхөн хүн байна. Үүнээс хойш 500 гаруй хууль батлахад оролцлоо. Эндээс дүгнэлт хийгээд “Ёс зүйт төр” гэдэг номоо 2012 онд бичиж хэвлүүлсэн. Ялангуяа сүүлийн 10 жилийн улс төрийн нөхцөлийг дүгнэсэн. Зөвхөн хууль байхад хангалтгүй, төрийн албан хаагч хүнд бичигдээгүй хэдий ч ухамсраараа дагаж мөрдөх ёс зүй гэж байдаг. Үүнийг мөрдөж чадахгүй бол төр шударга бус, гажуудалтай болно. Монголын төр эрх зүйн болон ёс зүйн гэсэн хоёр баганатай байх учиртай.

-Үүнээс гадна “Монгол төрийн дархан түшээ” гээд дөрвөн боть ном бий байх аа.

-УИХ-д таван удаа сонгогдсоны дараа ховдчууд маань надад “Дархан түшээ” гэдэг цол хайрласан юм.

-За танд баярлалаа.

-Танай сониноор дамжуулан Монголын ард түмэндээ Сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе. Могой жилээ бид амжилт, бүтээлээр дүүрэн үдлээ, морин жилдээ ч бас их амжилт гаргахыг хүсье.

 
 С.ТУУЛ 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.