Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАРТАЙ АЛАН ХЯДАГЧ ДОКУ УМАРОВ АМЬД УУ

Өөрийгөө Кавказын эзэнт улсын удирдагч хэмээн зарлаж байсан алан хядагч Доку Умаров Сочи хотын Олимпийн байгууламж руу дайрахаар зэхэж буйгаа мэдэгдлээ гэж Америкийн хэвлэл мэдээлэв. Өнгөрсөн оны долдугаар сард тэрбээр 2014 оны өвлийн Олимпийг хийлгэхгүй байхыг Оросын нутаг дэвсгэр дээр байгаа хамтран зүтгэгчиддээ уриалж байсныг бид мартаагүй байна.

34 хүний аминд хүрч, 60 гаруй хүнд гэмтэл учруулсан хоёр ч алан хядах ажиллагаа Волгоград хотод болсон нь Чечений зард гарсан алан хядагч Доку Умаров олон улсын спортын хамгийн том арга хэмжээний үеэр хамгаалалт муутай объектуудад алан хядах шинэ ажиллагааг өдөөхөөр төлөвлөж эсвэл түүнд турхирах нь гэсэн болгоомжлол төрүүлсэн юм. 2013 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Бостон хотноо болсон холын зайн гүйлтийн үеэр алан хядах ажиллагаа үйлдсэн Чечений хоёр цагаачийн нэгийг Доку Умаров ихэд үнэлж байсан гэсэн баримт байдаг аж. Волгоградад болсон хоёр дэлбэрэлтийг төлөвлөж, зохион байгуулахад Доку Умаров хэр зэрэг үүрэг гүйцэтгэснийг мэдэхийг Орос, Америкийн тагнуулын албаныхан хичээж байгаа юм.

Доку Умаров гэж хэнсэн билээ? Чечений салан тусгаарлагчдын удирдагчдын нэг энэ хүн 2006-2007 онд өөрийн тунхагласан Ичкерийн БНУ-ын Ерөнхийлөгч байсан юм. 2007 оны аравдугаар сараас өөрийгөө Кавказын эмиратын эмир хэмээн нэрлэх болсон. Ийн зарлахаасаа өмнө тэрбээр Аслан Масхадовын армийн Өрнөд фронтын командлагч гэгдэж байв. 2002 оны арванхоёрдугаар сард Чечений прокурорын байгууллагын ажилтнуудыг хулгайлах, Ингушетийн аюулаас хамгаалах байгууллагын байшинг дэлбэлэх, 2003 оны есдүгээр сард Кисловодск хотод цахилгаан галт тэргэнд дэлбэлэх ажиллагаа зохион байгуулахад, 2004 онд Беслан хотод сургууль эзэлж авахад түүнийг оролцсон гэж үздэг. Доку Хаматович Умаров 1964 оны дөрөвд үгээр сарын 13-нд Чечень-Ингушийн автономит улсад төржээ. Хэвлэлд мэдээлснээс үзвэл 1980-аад онд болгоомжгүйн улмаас хүний амь хохироож ял шийтгэл хүлээж явжээ. Үүнээс өмнө дээд боловсрол эзэмшиж барилгын инженер болсон гэдэг. 1992 оны долдугаар сард мөн хүн амины хэргээр хууль сахиулах байгууллагын хараа хяналтад орсон байна. Чечений анхны дайн гэж нэрлэгдэх болсон салан тусгаарлагчид болон холбооны хүчний хооронд 1994-1996 оны байлдааны ажиллагаа эхлэхийн өмнө Умаров тусгай зориулалтын хороонд Руслан Гелаены удирдлага дор алба хааж байлаа. 1994 оны эцсээс дайчдын бүлэг командлан Оросын цэргийн эсрэг тулалдаж явав.

1996 он болоход Ичкерийн армийн бригадын генерал цол хүртэж, томоохон отрядын хээрийн цэргийн командлагч болсон байна. 1996 оны эцсээс мөн хээрийн цэргийн командлагч Арби Бараевтай хамтран мөнгөөр худалдах зорилгоор хүн хулгайлах болжээ. 1997 оны зургадугаар сарын 1-нд Чечений Ерөнхийлөгч Аслан Масхадовын зарлигаар Умаров Чеченийн аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар тоимлогдов. Үүний зэрэгцээ гэмт хэрэгтэй тэмцэх штабыг удирдаж байв. Гэвч хүн хулгайлсан, Ичкерийн прокурорын байгууллагын ажилтнуудад халдсан, зодсон хэрэгт оролцсоны улмаас 1998 онд Масхадов түүнийг бүх албан тушаалаас нь халчихав. 1999 оны гуравдугаар сард Чеченьд Оросын ДЯЯ-ны тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан генерал Геннадий Шпигунийг хулгайлахад Умаров шууд оролцсон гэж үздэг. Генералыг Грозный хотын нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр онгоцондоо сууж байхад нь хулгайлсан юм. Түүнийг нэг жилийн турш эрээд олоогүй бөгөөд хожим нь Генерал амь үрэгдсэн байв. Чечений хоёр дахь дайн эхлэх үеэс л Умаров байлдааны ажиллагаанд идэвхтэй оролцох болов. 2000 оны нэгдүгээр сард хүнд шархадсан учир эмчлүүлэхээр гадаадад авч явсан гэсэн мэдээлэл байдаг.

Зарим эх сурвалж түүнийг Оросын өмнөд нутагт эмчилсэн гэж үздэг. Дараа нь Умаровыг Гүрж рүү явуулсан байна. Гэтэл түүнийг байлдаж яваад амиа алдсан гэх мэдээлэл 2000 оны гуравдугаар сарын 27-нд түгжээ. Гэтэл ийм мэдээлэл 2004 оны ес, 2005 оны хоёрдугаар сард олны сонорт хүрч тусгай ажиллагааны дүнд амь үрэгдсэн гэх мэдээлэл ч дуулдаж байв. Гэвч аль нь ч нотлогдоогүй юм. Сэтгүүлчдийн мэдээлж байснаар бол 2002 оны наймдугаар сард салан тусгаарлагчдын үйлдсэн дуулиант хэргүүд болон Чечений прокурорын байгууллагын ажилтан Надежда Погосова, Алексей Климов нарыг 2002 оны арванхоёрдугаар сарын 27-нд Грозный хотоос онгоцны буудал руу явж байхад хулгайлах хэргийг Умаров зохион байгуулж байжээ. Тэгээд барьцаалсан хүмүүсийн оронд их мөнгө нэхсэн аж. 2004 оны гуравдугаар сард Ичкерийн Аюулаас хамгаалахын сайдаар томилогдов. Энэ үедээ тэрбээр Чечений дайчдын удирдагч Шамиль Басаевтэй байнга уулздаг байжээ.

Оросын Аюулаас хамгаалах алба 2005 оны дөрөвдүгээр сарын 16-нд Умаровыг баривчлах ажиллагааг Грозный хотод явуулаад амжилт олсонгүй. Умаров үүнээс хойш удалгүй Ичкерийн Дэд Ерөнхийл өгчөөр томилогджээ. 2005 оны тавдугаар сарын 5-нд Оросын хүчний байгууллагын ажилтнууд Чеченьд Умаровын 70 настай эцэг, гэргий, зургаан настай хүүг олзлов. Мөн оны наймдугаар сарын 12-ны шөнө Умаровын эгч Наталья Хумаидоваг мөн хулгайлжээ. Ингушетийн Ерөнхийлөгч Мурат Зязиковын ах Урусхан Зязиковыг хулгайлах хэргийг мөнөөх Умаров удирдсан тухай мэдээлэл 2007 оны аравдугаар сард хэвлэлд гарав. Урусхан Зякиковыг хулгайлагсад хэдэн арван сая доллар нэхсэн аж. Түүнийг хүчээр чөлөөлж авах оролдлого хийвэл амь насанд нь аюул учруулж болзошгүй байсан тул хэлэлцээ хийж байж мөнгө төлөлгүй суллаж авчээ. “Кавказын эмират” гээчийг байгуулснаа Умаров 2007 оны аравдугаар сард зарлалаа.

Кавказын лалын шашинтнуудын удирдагчаар өөрийгөө тунхаглаж, Их Британи, АНУ, Израилд “ариун дайн” зарлав. Энэ оны эцсээр Умард Кавказад автобус дэлбэлж 24 хүний амь сүйтгэсэн хэрэгт Умаровыг сэжиглэж байв. Дайчдын эсрэг явуулсан тусгай ажиллагааны эхний шат дууссаныг Чечений эрх баригчид 2009 оны зургадугаар сард зарлав. Уг тусгай ажиллагааг удирдсан Төрийн Думийн депутат Адам Делимханов байлдааны үед Умаров хүнд шархадсан ч түүнийг барьж чадсангүй хэмээн мэдэгдлээ. Гэтэл Умаровыг үхсэн гэх сураг хэд хоногийн дараа гарав. Гэлээ ч уг мэдээг эрх зүйн үүднээс нотлогдохоос наана олон нийтэд зарлахаас Чечений эрх баригчид татгалзав. 2009 оны арванхоёрдугаар сарын эхээр нэгэн сайтад Умаровын мэдэгдэл гарч, "Невский экспресс" галт тэргийг дэлбэлсэн хэргийн хариуцлагыг өөртөө хүлээж буйгаа тэрбээр мэдэгдсэн байна. Умаровын тэргүүлдэг "Кавказын эмират" гэдэг байгууллагыг ОХУын Дээд шүүх алан хядах ажиллагаа явуулдаг, Оросын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн хэмээн үзэж албан ёсоор хориглосон шийдвэр 2010 оны хоёрдугаар сард гаргав.

2010 оны гуравдугаар сард Москвагийн метронд хоёр удаа дэлбэрэлт болж 40 хүний амь үрэгдлээ. Үүнээс хоёр хоногийн дараа түүний хариуцлагыг хүлээж буйгаа Умаров мэдэгдлээ. Мөн оны долдугаар сарын эцсээр Америк, Оросын Ерөнхийлөгчид уулзахын өмнөхөн АНУ-ын Төрийн департмент Умаровыг олон улсын алан хядагчдын нэрсийн жагсаалтад оруулав. 2011 оны нэгдүгээр сарын 24-нд Москвагийн нисэх онгоцны "Домодедово" буудалд дэлбэрэлт болж 37 хүний аминд хүрлээ. Үүнийг үйлдсэнээ Умаров хүлээв. Тиймээс гуравдугаар сард түүнийг эчнээ баривчлав. 2012 оны хоёрдугаар сарын эхээр "КавказЦентр" сайт Умаровын мэдэгдлийг түгээв. Оросын жирийн иргэдийг алж хядахгүй байхыг тэрбээр өөрийн талынхандаа уриалсан байлаа. Үүнийгээ Умаров тайлбарлахдаа 2012 оны арванхоёрдугаар сард болсон Төрийн Думийн сонгуулийн дараа олныг хамарсан эсэргүүцлийн цуглаан болж, “олон түмэн Путиний бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн учир…” гэсэн байна.

2012 оны эхээр Украинд Илья Пьянзин, Адам Осмаев нарыг баривчилсан нь Путиний амь насанд халдах даалгаврыг тэд Умаровоос авсантай холбоотой байлаа. Доку Умаров Чечений Ерөнхийл өгч агсан генерал Жохар Дудаевын ойрын хамтран зүтгэгч, хээрийн цэргийн командлагч Дауд Ахмадовын охинтой гэр бүл болж зургаан хүүхдийн эцэг болсон байна. Тэрбээр Ичкерийн төрийн дээд одонгоор хоёр удаа шагнуулж, Дудаеваас дурсгалын сэлэм гардаж авч байжээ. Доку Умаровыг цусан мөртэй хүн гэж хэлж болно. Тэр маш олон гэмт хэрэг үйлдэж, олон хүний аминд хүрсэн. Түүнийг энд, тэнд байна, нөгөө л алан хядах ажлаа хийсээр явна гэх мэдээ дуулдсаар байгаа ч Чечений Төрийн тэргүүн Рамзан Кадыров "Умаров аль хэдийнэ үхсэн, бид харин түүний цогцсыг хайсаар байгаа. Умаров одоо Чечень улс болон ард түмэнд ямар ч аюул учруулж чадахгүй. Үүнийг би албан ёсоор мэдэгдэж байна" гэж Москвад сэтг үүлчидтэй уулзахдаа хэлсэн байдаг.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.