Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР

“УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй”… Энэ бол Засгийн газрын тухай хуульд Ерөнхийлөгчөөс санаачлан оруулж буй өөрчлөлт. УИХ-ын болон Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийдэг 17 эрхэм манай парламентад бий.

2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, улмаар Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн нэгийг “Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж өөрчилсөн юм. Нэгэнт “эцэг” хуулиар “давхар дээл” өмсөх эрхийг нээсэн тул УИХ-ын болон УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг үүнд нийцүүлэн өөрчилсөн. УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх зарчим энэ мөчөөс эхлээд бантан болсон. Эрх, үүргийн хуваарилалт алдагдаж, төрийн тогтолцоонд хямрал нүүрлэсэн юм.

Адилхан УИХ-ын гишүүн учраас “давхар дээл”-түүдээ хянах, үг хэлэх ч хэцүүхэн болоод ирэв. Нэг гараараа хууль тогтоогоод нөгөө гараараа хэрэгжүүлэх гэдэг сайд-гишүүд Байнгын хороо, чуулганы хуралдаанд заваараа л суудаг. Тэр хэрээр төрийн ажил цалгардаж, гишүүн хүний хариуцлага суларсан. Хөл, толгойг алдуулсан дээрх өөрчлөлтийг цуцлах, “зөөлрүүлэх” талаар ярьж, Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд “Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүний тоо нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэсэн хязгаарлалт хийх гэж үзсэн. Гэвч Үндсэн хуулийг өөрчлөх тийм ч амар биш. Түүнд хүрэхгүйгээр Засгийн газрын тухай хуулиа цэгцэлчихье гээд ч бүтсэнгүй, хоёр парламент дамжаад байна. Эцэст нь Төрийн тэргүүн бүгдийг байр байранд оруулахад санаа тавихаар шийдсэн аж. Гэвч УИХ уг төслийг хэлэлцэх явцдаа утгыг нь өөрчилж, “давхар дээл”-ээ тайлахыг хүсэхгүй байгаагаа харуулж байна. Эдүгээ УИХ дээр өрнөж буй хэлэлцүүлэг “Тамгын тогооны үлгэр”-ийг санагдуулна. Дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийх үед АН-ын гишүүдээс “Сонгуулиар аль ч нам, эвсэл олонх болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно” гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулаад дэмжүүлчихсэн.

Мөн УИХ-ын сонгуулийн дүнд олонх бүрдсэн бол 50 хувиас илүүгүй нь Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллаж болно гэсэн санал ч дэмжлэг авав. Эрх баригчдын бурууг шүүмжилж, зөвийг өнгөлж байхаа мэдэгддэг сөрөг хүчнийхэн ч энэ асуудлаар дорвитой дуугарч чадсангүй. Харин ч дараагийн сонгуулиар олонх болчихвол дан дээлтэй “даарна” гэж бодсон уу, “Ерөнхий чиг үүргийн буюу Гадаад харилцаа, Хууль зүйн болон Сангийн сайд нарыг УИХаас сонгож болно” гэсэн санал оруулж даарин дээр давс нэмэв. АН-ын саналыг багахан дээрд үүлсэн хэдий ч түүнээс “зузаан дээл” хүсэж буй олонх уг саналыг нь дэмжээгүй. Төсөлд хуулийн уг санааг 2016 оноос хэрэгжүүлэхээр заасныг МАН-ынхан энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр санал дэвшүүлж байгаа. Тиймээс сайд-гишүүдийг уг асуудлын хэлэлцүүлэгт оролцохгүй байх нь шударга хэмээн уриалсан. Энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд “2016 оноос өмнө энэ хуулийг хэрэгжүүлэх бол сайд нар санал асуулгад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болно. Гэхдээ хуулийн төсөлд хэрэгжүүлэх хугацааг 2016 оноос байхаар заасан. Тиймээс энэ асуудлыг батлахад одоогийн Засгийн газрын гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй” гэж хариулж байна. Бусад сайд нь ч ийм л бодолтой яваа биз.

Шинэчлэлийн Засгийн газрын 17 сайдын асуудал ярих учраас сөрөг хүчний дээрх санал дэмжлэг авах боломжгүй. Мөн өмнө нь санал болгодог байсан гуравны нэгийн хязгаарлалт тогтоох заалтыг 1996 онд Цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн үзсэн. Тиймээс үүнийг сэргээснээр улс орны өмнө тулгамдсан асуудлыг засаж чадахгүй, аргацаасан оролдлого болно хэмээн Ерөнхийлөгч үзсэн учраас зөвхөн Ерөнхий сайдыг УИХаас сонгох заалт оруулсан юм. Төрийн тогтолцооны алдаа, завхралыг засахаар тамын тогоо руу олс унжуулсан нь энэ байлаа. Гэвч гишүүд гуравны нэг гэсэн босгыг бүр ч дордуулаад гуравны хоёр болгон ихэсгэчихэв. Олонх, цөөнхтэйгээ нийлээд үзүүрийг нь шатаачихаж байгаа юм. “2000 оны дордуулсан долоон заалтыг цуцлах ёстой” хэмээн нүүрэн дээрээ хашгичдаг мөртлөө цагаа тулахаар хэн хэн нь асуудалд хувийн, намын жижиг эрх ашгийн үүднээс хандаж байна. УИХ аливаа асуудлыг ийм байдлаар унагадаг, завхруулдаг гэдгийг Төрийн тэргүүн сануулж л байсан ёсоор түшээд ажиллаж байгаа нь энэ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлц үүлгийг хийнэ. Тамын тогооноосоо гарч, завхарсан төрийн тогтолцоогоо аврах чин хүсэл байгаа л бол Байнгын хороон дээр дэмжсэн дээрх саналуудыг чуулган дээр “унагах” ёстой. Тийм эрх зориг УИХ-д байна уу, байхгүй бол тарвал яасан юм бэ.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.