Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ухаалаг төрийг бий болгох чиглэлд Лихтенштейний вант улстай хамтарна

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лихтенштейний вант улсад энэ сарын 19-21-нд ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Лихтенштейний Эрхэм дээд Ван хоёрдугаар Ханс-Адам, угсаа залгамжлагч Эрхэм дээд хунтайж Алойс, Ерөнхий сайд Адриан Хаслер, Гадаад харилцаа, боловсрол, соёлын сайд Аурелиа Фрик нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо.

Лихтенштейний вант улс нь Европын банк, санхүүгийн томоохон төв бөгөөд банкны салбар нь ДНБ-ийхээ 25 хувийг бүрдүүлдэг. Судалгааны хөгжилд зарцуулж буй санхүүжилтийн хэмжээгээр Европт тэргүүлэгч орон. Шууд ардчиллын зарчмаар иргэдээсээ санал авах замаар ихэнх асуудлаа шийддэг гэхчлэн манай Төрийн тэргүүний дэвшүүлж буй ухаалаг төрийг бий болгох хөт өлбөртэй ижил төстэй зүйлүүд энэ оронд бий. Энэ чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын үеэр ярилцсан юм. Үүний зэрэгцээ хууль эрх зүй, санхүү, засаглалын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд ч хамтран ажиллахаар болов.

Хоёр орны харилцаа хуулийн засаглал, хүний эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан бөгөөд үнэт зүйлд том, жижиг гэдэг ойлголт байдаггүй, энэ утгаараа хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж байгааг хоёр тал санал нэгтэй онцлон тэмдэглэсэн. Энэ айлчлал Швейцарийн Давост эхэлж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө болсноороо цаг үеэ олсон, богино хугацаанд ихийг амжуулснаараа ач холбогдолтой. Манай улс тус улстай 16 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон бөгөөд өмнө нь Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нар тус улсад айлчлал хийж байжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрхэм дээд Ван болон угсаа залгамжлагч Эрхэм дээд хунтайж нарыг Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 22-25-нд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор зохион байгуулах энэ удаагийн чуулга уулзалтад манай төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, ус, уул уурхай, авлигын эсрэг түншлэл, ухаалаг төрийн асуудлаарх хуралдаан, арга хэмжээнд оролцох юм. Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг танилцуулна. Үүнээс гадна Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөв, хөрөнгө оруулалтын болоод эрх зүйн орчны талаар зөв мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагч, Монголыг сонирхогчдод хүргэх зорилгоор эх орноо танилцуулах арга хэмжээ зохион байгуулах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.