Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бие даагчдаар кноп даруулахын тулд ИНЕГ-т шахааны хүнийг нь авсан уу

Иргэний нисэхийн ерөнхий газрыг тойрсон улстөржсөн халаа сэлгээ, өөрчлөлт, томилгоо энэ салбарт ажиллагсдыг ихэд бухимдуулж байна. “Энэ агентлагийг үе үеийн улстөрчид өөрийн гарын хүмүүсээ шургуулах нэг гол түшиц газраа болгодог” гэдгийг тэнд ажилладаг олон алба хаагч хэллээ. АН Засгийн эрх авснаас хойш ИНЕГ хэмээх том айлыг тус газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Буяндалай удирдахаар томилогдсон. Гэвч нэг хэсэг хөдөлгөөн хийгээгүй тэрбээр саяхнаас ажилтнуудаа олноор нь халж, түүнээсээ олон, хэн нэгний халаасны хүнийг ажилд томилсон тушаал гаргажээ. Тэрбээр өөрийнхөө гарын хүмүүсийг ажилд томилоод тогтохгүй, улстөрчдийн гар хөл бологчдыг ч ажилд авч, ИНЕГ-таа удаан ажилласан, мэргэшсэн алба хаагчдыг үл ялих шалтгаанаар халаад байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн шинэ жилийн баяраар байгууллагаасаа болон төрөөс шагнал хүртсэн хүмүүс ажил дээрээ бялуу, оргилуун дарс задалжээ. Уг нь хаана ч байдаг явдал л даа. Үүний дараа ажлын байранд архидан согтуурсан хэмээн шалтаглаж хэд хэдэн хүнийг халах тушаал гаргасан байна. Түүнээс өмнө ч олон хүн халж.

Нийслэл болон орон нутаг дахь тус газрын харьяа байгууллагын 100 гаруй хүн үндэслэлгүйгээр ажилгүй болжээ. Ингэж ажилгүй болсон хүмүүс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандахад “Хууль бусаар ажлаасаа халагдсан, ажилд нь эргүүлэн авах ёстой” гэдгийг тогтоож өгсөн байна. Гэвч С.Буяндалай дарга зарим хүнийг нь ажилд томилох тушаал гаргаад 1-2 хоногийн дараа дахиад халчихсан гэнэ. Уг нь төрийн алба болон мэргэшсэн албан тушаалд намаар ялгаварлан гадуурхаж, танил тал, найз нөхөд, улстөрчдийн санал болгосон хүнийг тавих асуудал байх ёсгүй. Гэвч энэ Засгийн газрын үед АН-ын батлахтай, мэргэжилтэй, мэргэжилгүй нь хамаагүй хүн бүхнийг сонгуульд оролцож идэвхтэй зүтгэсэн гэх шалгуураар иргэдийн амь настай холбоотой чухал салбарт ажилд оруулснаар иргэний нисэхийн салбар элгээрээ мөлхөхөд хүрлээ гэх хүн ч байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа авч үлдэхийн тулд ИНЕГ хэмээх агентлагтаа хүн томилох эрхийг УИХ-ын бие даагч гурван гишүүнд “бялуу” болгон өгсөн гэж улстөрийн хүрээнийхэн, мөн нисэхийн салбарынхан ч ярьж байна. Тухайлбал, ИНЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь нисэх буудлыг тэр чигт нь бие даагч гишүүн Ц.Даваасүрэнгийн хүмүүс эзэлсэн. Мөрөн нисэх буудлын 16 ажилтныг халах тушаалд С.Буяндалай гарын үсэг зурж, оронд нь ажилд авсан хүмүүс нь Ц.Даваасүрэнгийн сонгуульд үнэтэй хувь нэмэр оруулсан нөхөд нь байгаа гэж хэвлэлээр бичиж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гэхэд өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулсан гэх. Энэ талаар Х.Болорчулуунаас тодруулахад “Хэвлэлээр ийм мэдээлэл гарч байгааг уншсан. Миний жолооч 24 настай залуу байдаг. Түүний хүүхэд нь гэхээр ажилд орох насанд хүрсэн хүн байх уу гэдгийг бодож судалж бичих хэрэгтэй. Тус газарт ганц нэг хүн оруулсан нь үнэн. Зарим хэвлэлээр хэтэрхий гуйвуулж бичиж байна” гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 16 ажилтныг халуулж, оронд нь сонгуульд зүтгэсэн гэх хүмүүсээ оруулсан гэх мэдээлэлд “Энэ мэдээллийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Энэ мэдээлэл гарсан орон нутгийн сониныг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна лээ. Харин нийслэлд байгаа сонинуудыг харьяа дүүргийн хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн” гэв.

Хөвсгөлийн Цагдаагийн газрын албаны хүнээс энэ мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн эсэхийг тодруулахад “Орон нутгийн нэгэн сониныг Ц.Даваасүрэн гишүүний гомдлоор шалгаж байгаа нь үнэн. Сонины сурвалжлагч нь “Төвийн нэгэн сонинд гарсан мэдээллээс иш татаж бичсэн гэж тайлбарлаж байгаа” гэлээ. ИНЕГ хэмээх шар байшинд 100 гаруй хүн ажилладаг, харин тус газрын харьяа нэгжүүдэд нийт 1000 гаруй хүн ажилладгаас 100 орчим нь халагдсан нь үнэний хувьтай гэдгийг олон хүн хэлж байна. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулж, үүссэн нөхцөл байдлыг судалж байгаа аж. Тэдний дүгнэлт өнөө маргаашгүй гарах болсон талаар ажлаас халагдсан хүмүүсийн зарим төлөөлөл хэлэв. ЗТЯ-ны албаны хүнээс Ажлын хэсэг юу гэж дүгнэсэн талаар тодруулахад “ИНЕГаас халагдсан алба хаагчдын гомдлын дагуу Ажлын хэсэг байгуулан шалгалт хийж байна. Дүгнэлт гарах болоогүй. Дүгнэлт гарахаар тухайн үед нь хэвлэлийнхэнд мэдээлнэ” гэлээ.

С.Буяндалай даргын ажлаас халсан хүмүүсийн олонх нь өмнөх дарга С.Батмөнхийн үед томилогдсон, мөн л улстөрийн шахааны хүмүүс байсан талаар зарим хүн хэлэв. Тэдгээр нь нисэхийн нарийн мэргэжлийн албанд ажилладагг үй, ерөнхий мэргэжлийн хүмүүс гэдгийг ч С.Буяндалайн талыг баримтлагчид хэллээ.


Г.БОЛД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.