Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санаа сэтгэл зөв бол үйлс заяа өөдөө

“Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана” хэмээн бурханы сургаалд айлджээ. Санаа сэтгэл зөв бол үйлс заяа өөдөө мандан бадарч, баясгалан жаргаланг эдэлнэ. Сайн санаа өвөрлөсөн зөв бодол тээж, сайхан сэтгэлээр сайн үйлс үйлдэж, сэтгэл сэргэм сайхан үгийг сэтгэлийн гүнээс хэлж явбал үүнийхээ ачаар баяр хөөр дунд умбан жаргана.

Хар буруу санаа өвөрлөж, харш бурууг үйлдэж, бохир буртгаар сэтгэлээ бузарласан хүнийг зовлон шаналал салж холдохгүй дагана. Муу санаж, муухайг үйлдэж яваа хүнээс амар амгалан дөлж холдон, сэтгэл санаа байнга түгшүүртэй, мөнхийн айдас хүйдэс дунд зовж шанална.

Зөв санаа сэтгэлтэй хүний зам мөр нь заяамал тэгш дардан, үйлдсэн бүхэн нь өөртөө өег өгөөжтэй, өрөөл бусдад өгөөмөр тустай. Бүтэлтэй сайн үйл бүхэн зөв сэтгэлийн үр, бүтэлгүй муу үйл бүхэн буруу сэтгэлийн уршиг, аз жаргал нь бүтээлч сайн үйлийн үр шим, гай зовлон нь бүтэлгүй муу үйлийн үр дагавар юм. Санаа сэтгэл зөв байна гэдэг нь хүнээрээ байгаагийн бодот тусгал, хүн болж төрсний утга учир. Зөв сэтгэлтэй хүн бүх зүйлийг зөв зүгээс нь харж, зөв талаас нь дүгнэж, зөв чиг рүү зүглүүлж, зөв тийш хөтөлж байдаг юм. Зөвийг хүсч, зөвд тэмүүлж, зөвийг дэмжиж байж, санаа сэтгэл зөв байна. Зөв сэтгэл нь энэрэнгүй, өр зөөлөн хандахуйн илэрхийлэл. Сэтгэл буруутан энэрч хайрлах өр зөөлөн сэтгэлээ умартан мартсан байдаг. Товчоор арилсан дотортон. Хүн өөрийгөө дээд зэргээр хайрлах нь зүйн хэрэг. Үүний зэрэгцээ бусдыг энэрч хайрлах, өрөвдөн энхрийлэх өр зөөлөн, өгөөмөр энэрэнгүй байх ёстой. Сэтгэл зөвтэй хүнээс л энэлж доройтсныг өр зөөлнөөр асран тэтгэж, зовж зүдэрсний зовлон зүдгүүрийг хугаслан нимгэлэх энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр туслах бодол ундран гарах нь тодорхой. Сэтгэл засах эевэргүү зөөлөн үгийг хэлж сур. Насан туршид чинь хэрэг болно. Сэтгэл гонсойж, эгдүү хүрэм таагүй үгийг хэлэлгүй тэвчиж сур. Насан туршид чинь нэмэр болно. Сэтгэл шархлаах сумны зэв мэт хахир хатуу үгийг битгий хэрэглэ. Хатуу сураар ороолговол хавьтсан газраа өвдөнө. Сураар ороолгуулсан ором сорви ор тас арилна. Үгээр ороолгуулсан сэтгэлийн сорви шарх арилж эдгэх амаргүй. Ган төмөрийг галын дөлөөр уяраан зөөллөх аргатай, хар төмөр мэт хатуу сэтгэлийг хайр энэрлийн гал уяраан зөөллөх шидтэй.

Зөв сэтгэлийн хаялга нь өгөөмөр тусч зан юм. Хариу нэхээгүй буянлаг тус хамгаас үнэтэй. Зовж зүдэрсэн, дутагдаж гачигдсан хүнд хожмын ашиг үл горилон өглөгийн сэтгэлээр туслах нь дээдийн буян. Үнэ төлбөргүй, өр нэхдэггүй тус бол сэтгэлээс ундарсан, сэтгэл засах сайхан үг юм. Уруу гундуу яваа ойрын хүнээ ойлгон мэдэрч, урам сэргэх, учир зүйтэй эерүү зөөлөн үг хэлж, сэтгэлийг засвал том тус хүргэлээ. Тусыг хүртсэн хүний баяр гийсэн царайг харж, түүнээс дутуугүй сэтгэлийн гүндээ өөрөө баярлан баясах нь амтлаад өнгөрөх аз жаргал мөн билээ.

Зөв сэтгэл бол ачийг санах сэтгэл юм. Их ч, бага ч бусдын тусыг эргэж санах нь эрхэм ёс. Тус хүртээх нь ариун буянт үйл, тусыг хүртээд талархах нь ариун журамт үүрэг. Тусыг хүртээд талархах хариугүй таг чиг өнгөрвөл урамгүйн цаадах урамгүй. Талархсангүй гэж гоморхвол тусалсан бүхнээ үнэгүйдүүлнэ. “Баярлуулсан хүн дуугүй яв, баярласан хүн дурсаж яв”(М.Сервантес) гэх үг тусалсан, туслуулсан хоёулангийн чанд баримталбал зохих зарчим юм. Ач тусыг огоорон марталгүй эгнэгт дурсан санаж явахын дээр ачийг ачаар, тусыг тусаар хариулах сэтгэлтэй байвал зохино. Тусыг усаар хариулах, тус биш ус болохын аль аль нь хүн ёсноос ангид, сэтгэл нь бузартсан хүний гажуу буруу үйлдэл мөн. Тийм хүмүүс нүдэнд орсон хог мэт ад үзэгдэн, хажиглагдан гадуурхагдана. Тусыг мартдаггүй, ачийг санаж явдаг хүнд туслахад урамтай сайхан.

Зөв сэтгэл бол алагчлал, ялгалгүй сэтгэл юм. Баян, ядуу, эрх мэдэлтэй, мэдэлгүй, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэйг алагчилж ялгалгүй ижил тэгш харьцаж, нэгэн ааш авираар хандаж яваа хүн зөв сэтгэлтэн эрхгүй мөн билээ. Тэд бусдад сайныг хүсч, улам сайн сайхан болж, дэвжин дээшилж байхыг чин сэтгэлээсээ ерөөж, өсч өөдлөхөд нь туслахад хэзээд бэлэн байдаг өндөр ёс суртахуунт хүмүүс. Эд нарын сэтгэл нь үнэхээр сайхан, зөв бөгөөд тунгалаг. Тийм болохоор үйлс заяа нь үргэлж өөдөө.

Эвийг эрхэмлэх нь зөв сэтгэлтний эрхэм шинж. Эвийг эрхэмлэдэг хүн бусдын дургүй хүргэх буруу зөрүү үг хэлдэггүй, бусармаг муу үйлдэл хийдэггүй. Тэд хүмүүсийн үг үйлдэлд хүлээцтэй хандаж, бурууг засч, хатууг зөөллөж, эвдрэлцсэнийг ойртуулж, эвлэснийг батжуулж байдаг ариун үйлстэнүүд. Холдсоныг ойртуулж, хэрэлдсэнийг эвлэрүүлж, тэрсэлснийг тэнцүүлэхэд эв эеэр харилцан ойлголцох чадвар онцгой чухал. Догшин хэрцгий ааш араншингийн эсрэг догшин хэрцгий авирлавал гал дээр тос нэмж, гал ус мэт харшилдана. Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус дийлнэ. Догшин хэрцгийг эелдэг найрсаг, эвсэг аядуу зан л залж засах увдистай. Эв эеийг эрхэмлэхэд буруугаа ухаарч, буулт хийх чадвар өдөрт нь анагаах өнөн цагаан эм адил тустай. Эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харсан хүмүүсийг эвийн цавуугаар наах арга нь эелдэг найрсаг, эвсэг аядуу харьцаа, эвлүүлж ойртуулах шидэт үгс юм. Ам муруйхгүй эв найртай байвал уур уцааргүй, сэтгэл санаа амар, тайван амгалан. Сэтгэл амар бол түмэнтээ жаргалтай.

Зөв сэтгэлтнүүд уучилж өршөөх сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Хүн хэр зэрэг сэтгэлийн тэнхээтэй, хүлээц тэвчээртэй байна тэр хэмжээгээр уучилж өршөөх чадвартай. Хад чулуу шиг хатуу, хахир ярдаг зантай, уярч зөөлөрөхийг мэддэггүй, зөрүүд нь дэндсэн хүмүүс уучилж өршөөх чадвараар мөхөс. Эв зүйгээ ольё гэхэд шүд зуун, гараа чанга атган, хялалзан ширвэх хүнтэй эвлэж зохицох үнэхээр төвөгтэй. Бусдад хар буруу санаж, сэтгэлийн тамд хорсон зовж явснаас уучлах нь хавьгүй дээр. Алдаж эндэж, болохгүй бүтэхгүй үйл үйлдэж, буруудан төөрч яваа хүнийг цааш нь түлхэх биш, өгөөмөр уужим сэтгэлээр уучлан өршөөж, нааш нь татаж авбал сэтгэлийн хямралаасаа алхам алхмаар салж, ухааран сэрж, алдаагаа засах үүд нь нээгдэнэ. Зөрүүд гөжүүд хүнтэй ширүүлж хатуурхах тусам цаашаа зүтгэдэг болохоор аль болох эелдэг найрсаг, эвсэг аядуу харьцвал уярч зөөлрөх гарцаа өөрөө хайж эхэлнэ. Гэм хийсэн хүнд зэм хүртээхээсээ урьд өөрөө гэмших цаг хугацаа, боломж бололцоог нь олго. Чин сэтгэлээсээ гэмшсэн хүн нэг бүдэрсэн алдаандаа дахин бүдрэхгүй сэхээ сэрэмж сууна. Уучилж өршөөх зөв сэтгэлээр суулгасан үрээс эе эвийн цэцэгс нахиалан дэлгэрдэг билээ.

Зөв сэтгэлтэй хүн туйлын эелдэг найрсаг. Хэнийг ч үл ялгаварлан чин сэтгэлээс ялдам зөөлөн аашилж эелдэг найрсаг харьцах нь хүний соёл боловсрол, хүмүүжил төлөвшлийн ил харагдах илэрхийлэл юм. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүдэнд нь баяр баясал гийсэн эелдэг найрсаг хүний орчин тойронд амар тайван, эвсэг найрамдуу, хөгжил цэнгэлтэй. Хөмхийгөө зууж духаа атиралдуулан, минчийн хүрлийсэн хүний дэргэд өчүүхэн төдий ч амар тайван байж үл чадна. Сэтгэл баясгах үг яриа ярьж, хүмүүст инээд хөөр бэлэглэн, хайр гэрэлтсэн харцаар хүрээлэгч бүхнээ талимаатах эелдэг найрсаг хүн төмрийн үртсийг соронз татах мэт бусдыг өөртөө татаж зөв сэтгэлтэй хүмүүсийн найрсаг хүрээлэл үүсгэнэ. Тэнгэр бурхан бүх хүнд ижил тэгш эерэг найрсаг занг хайрласан. Тийм болохоор хүн бүр эелдэг найрсаг байж чадна. Эелдэг найрсаг байхын төлөө мөнге төлөх хэрэггүй, хүч хөдөлмөр зарах шаардлагагүй, гагцхүү өөрөө хүсэх ёстой, хичээх хэрэгтэй. Санаа сэтгэлээ зөв залж жолоодоорой. Санаа сэтгэл чинь зөв байвал буян заяа тэгш, ажил үйлс өөдрөг, орчин тойрондоо сайны үлгэр дуурайл түгээж, амар амгаланг эдлэх болно.

4
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Санаа сэтгэл зөв бол үйлс заяа өөдөө