Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЗ ЖАРГАЛЫГ МӨРӨӨДӨХӨД Ч ЗАРИМДАА ХЯЗГААР БАЙДАГ

Энэ хаврын хоёрдугаар сард шиг санаж байна. Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэргээр зорчиж явсан монгол эмэгтэйн чемоданаас 1.7 кг марихуан илрүүлснээ гаалийнхан баахан бахдалтайяа мэдээлсэн дээ. Хар тамхины зах зээлийн ханшаар 450 мянган ам долларын барааг барилгын бетончин мэргэжилтэй, жирийн нэг бүсгүй хэнээс аваад, хэнд хүргэх гэж явсан нь тодорхойгүй үлдсэн юм. Монголд хар тамхины зах зээл хөгжөөгүй, хэрэглэгч байхгүй, саваагүй залуус хаа нэгтэй сонирхож, хааяа татаж л байсан байгаа биз хэмээн эгдүүцэн эсэргүүцдэг хүмүүс олон байв даа хэдэн жилийн өмнө.

“Монгол Улс дэлхийн хар тамхины наймааны хамгийн идэвхтэй, аюултай бүс нутагт оршдог, сүүлийн жилүүдэд энэ бүс нутгийг сүлжсэн хууль бус наймаа Монголын уудам нутаг дэвсгэрт цэцэглэн, маш хурдтай тэлэх аюул анзаарагдаж байна” хэмээн 2009 онд гаргасан Дэлхийн хар тамхины тухай судалгааны илтгэлийн 187 дугаар хуудсанд дурайтал бичсэн нь тайван, амгалан монголчуудад зориулсан түгшүүрийн дохио байлаа гэж би хувьдаа ойлгосон. Тэрхүү илтгэлд Монгол бол хар тамхины хууль бус наймааг дамжуулан өнгөрөөдөг биш, хэрэглэгч орон болсныг мөн дурдсан байсан. Ховдын нэг наймаачин залуу эдүгээ амьд байна уу, эс бөгөөс цаазлуулсан уу бүү мэд.

Амьдралыг дөнгөж амталж яваа 27-хон насандаа “Эр хүн олзонд эрвээхэй зуланд” гэдэг болж, Душанбе-Астана- Өрөмчөөр дамжсан Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин”- гийн мафитай холбогдсон хар тамхины сүлжээний гар хөл болон золиослогдсон тэр залуу хүний нутаг, гүний газарт хоригдон, ялын дээд хэмжээ сонссоноос хойш сураг нь тасарсан. Сонин, телевизээр нэг дуулиан болж байгаа Байгалмаа хэмээх бас нэгэн зовлонт бүсгүй бүх насаараа хоригдох ял шийтгэгдэн, ах дүү, амраг садан, үр хүүхэд, хань ижлээсээ үүрд тусгаарлагдан өмнөд хөршид шар махтайгаа хатаж буй. Энэ бүхнийг сэрэмжлүүлсээр атал Хонконгийн нисэх буудал дээр дахиад л дөрвөн монгол залуу хар тамхины хэргээр баривчлагдлаа. Хамгийн муугаар бодоход л тэдгээр залуус дахин монгол нутаг, аав ээж амраг саднаа үзэхгүй харийн нутагт хатуу чанд хуулийн буулган дор толгой гудайх аюулд орчихлоо.

Юу бодож, юуны төлөө, яах гэж хар тамхи зөөв. Зөөх зөөхдөө бүр килограммаар нь залгисан гэж байгаа. Энэ бол монголчуудын хамгийн сайн мэдэх болсон гурван жишээ. Бидний сонссон, сонсоогүй, сонсох магадлалтай бас хэчнээн аюултай ийм наймаанд мон гол хүн цаашид оролцож, амь насаараа дэнчин тавьж, аз сорьж явдгийг бүү мэд. “Метрополис” гэх цэнгээний газрын нүсэр дуу чимээтэй танхимд мансуурсан залуус олон байдаг тухай байнга л сонсддог. За тэгээд олны танил бидэндээ л “од” гэгдсэн нөхдүүдийн нэр холбогдсон хар тамхины гэх хэрэг дуулиан ердийн юм шиг гарах болсон цаг. Монгол Улсын эргэн тойронд хар тамхины хамгийн том зах зээл байдаг нь монгол хүн бүрийн ямагт санаж, сэрэмжилж, бусгаж явах ёстой аюул.

Дэлхийн хар тамхины наймаанаас жилд олж буй 100 тэрбум ам долларын 48 хувь нь Энэтхэг, Тайланд, Афганистаныг холбосон гурвалжинд эргэлдэж байдгийг дээр дурдсан илтгэлээс харлаа. Энэ гурвалжингийн хамрах хүрээнд Дундад Азийн “стан”-уудаас гадна “Монгол” гэсэн нэр тодоос тод бичигдсэн байна. БНХАУ-д л гэхэд 2009 онд хар тамхины хэргээр 52 хүнийг цаазлан хороосны хэд нь монгол хүн байсныг бүү мэд. Яагаад гэвэл энэ талаар дорвитой судалгаа хийдэг, энэ аюулыг сэрэмжилдэг, сөрдөг, урьдчилан сэргийлдэг үйл ажиллагаа Монголд үнэхээр байдаггүй гэхэд хилс бус болно. Үнэн, худал нь мэдэгдэхгүй судалгаа, тоо баримт дурдан, гэнэт л сэрсэн юм шиг хааяа нэг сүржин атлаа, даржин кампани өрнүүлж, өөрсдийгөө пиардахаас илүү гарч холбогдох байгууллагууд ажиллаж чадахгүй байна. Монголчууд угийн адтай, сэргэлэн бас аз сорихоос ч буцдаггүй үндэстэн хэдий ч ингэж алдах учиргүй.

Ажил, амьдралын баталгаагүй, нэг л их улстөржиж, авлига, хүнд сурталд автсан энэ заваан нийгмийн тогтолцоо хэчнээн олон аавын хүү, ээжийн охиныг ийм эрсдэлтэй зам руу түлхсээр байх вэ? Монгол хүн тэнэгтэй, хар тамхи зөөгөөд, залгиад явж байдаг гэж би бодохгүй байна. Хар тамхи гэж юу болох, аз тохиовол ашиг орлого хэр болох, эз таарвал хэрхэхийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч, эрсдэлтэй бас аюултай “тоглоом”-оор наадаж эхэлсэн нь даанч харамсалтай. Эцсийн эцэст нэг л нартай өдөр ирэх аз жаргалын тухай мөрөөдөж, түүндээ хүрнэ гэх итгэл үнэмшилдээ хөтлөгдөн осолтой алхам хийцгээж явна шүү дээ. “Би аз жаргалтай амьдралыг л мөрөөдөж яваад ийм байдалд орчихлоо” хэмээн Байгалмаа бүсгүйн шаналж хэлсэн үг үнэн бөгөөд харамсалтай буюу.

Аз жаргалын тухай мөрөөдөхөд ч заримдаа хязгаар байдгийг Дамдин, Байгалмаагийн эмгэ нэлт түүх сургамжилж байна. Энэ үнэхээр аюултай. Үндэстэн мөхөхийн эхлэл. Хар тамхи гэдэг тахал Монголыг тойрч бус дайрч байгааг хүлээн зөвшөөрч, үр дүнтэй арга хэмжээ авах цаг болжээ. Эс бөгөөс нэг л өдөр ухаарахын цагт хожимдсон байх вий дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.