Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ҮНДСЭН ХУУЛИАР ТЕСТИЙН ШАЛГАЛТ АВЧ МЭДЛЭГИЙГ НЬ ШАЛГАЯ”

Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсны 22 жилийн ой өчигдөр тохиолоо. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчтэй байх боломжийг тунхагласан “эцэг” хуулиа баталсан ойн өдрийг орон даяар тэмдэглэсэн юм. Үндсэн хуулийн өдөрт зориулан хэд хэдэн ёслолын ажиллагаа зохион байгууллаа. Юуны өмнө Үндсэн хуулийн эх хувийг Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залав. Ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Ц.Мөнхтүвшин нар оролцсон. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалдаг юм. Мөн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг. Тэгвэл иргэд Төрийн түүхийн музейд байрласан энэхүү эх хувьтай нь долоо хоногийн турш танилцах боломжтой болж байна.

11.40 цагт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүдийн төлөөлөл Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Улмаар “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлтийг Төрийн түүхийн музейд хийсэн юм. УИХ-ын дарга уг үзэсгэлэнг нээж, “Өнгөрсөн жил “Ардчилсан Үндсэн хууль 21 жил” үзэсгэлэнг Төрийн ордны Баганат танхимд гаргаж байсан. Энэ жил бид олон нийтэд үүдээ нээгээд удаагүй байгаа Төрийн түүхийн музейд тусгай танхим нээж, “Үндсэн хууль-Төрийн бэлгэдэл” сэдэвт үзэсгэлэн гаргаж байна. Нүүдэлчин монголчууд хад чулуун дээр зурж, ахуйн хэрэглэлдээ дүрслэн үлдээсэн тамга, тэмдэг, янз бүрийн бэлгэдэл зүйлс нь төр улс үүсэх явцад төрийн бэлгэдэл болж хувирсан түүхтэй. Бэлгэ тэмдгийн бүх дүрслэл дотроос төрийн сүлд, туг, тамга, дуулал хамгийн эрхэм нандин нь болдог” гэлээ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар үдээс хойш нь Үндсэн хууль баталсан АИХ-ын депутатуудыг хүлээн авч уулзсан юм. 22 жилийн өмнө АИХ-ын 430 депутат 70 гаруй хоногийн турш хэлэлцэж, шүүн тунгааж байж өнөөдрийн Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Тэднээс эдүгээ 238 нь амьд сэрүүн байгаагийн 199 нь Төрийн ордондоо хүрэлцэн ирсэн байв. Мөн төлөөлөгчдөөс 52 хүн л тэтгэврийн насанд хүрээгүй яваа юм байна.

Депутатууд нэг өдөр цуглаад, баталсан Үндсэн хууль нь хэрхэн хэрэгжиж буй, алдаа, оноо юу байгаа талаар ярилцсан удаа 22 жилийн түүхэнд ховор гэдгийг тэд хэлж байлаа. Олуулаа шүүн тунгааж баталсан хуульдаа тэд сэтгэл хангалуун явдаг аж. Ач холбогдлыг нь “1921-1960 оны Үндсэн хуульд хувийн өмчтэй байхыг хориглосон, нэг намын тогтолцоог тунхагласан. Нэг ёсондоо ЗХУ-ын тоталитар дэглэмийн илэрхийлэл байсан. 1992 онд энэ бүхнийг өөрчилж, хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь тунхагласан юм” гэж тодорхойлсон. Мэдээж энд 1992 онд баталсан хувилбарын тухай ярьж байгаа. Харин 2000 онд Үндсэн хуулийн агуулга, утгыг дордуулсан долоон өөрчлөлт хийснийг хэн хүнгүй хэлэв.

МАН, АН-ын суудлын тоо ойролцоо байгаа энэ УИХ л эл алдааг засаж, хуулийг хэвэнд оруулах ёстой гэж байлаа. 1992 оны Үндсэн хуулийн зарчмыг хөндөхгүйгээр, зөвхөн цаг үедээ нийцүүлсэн нэмэлт оруулж л болно хэмээн онцолж байсан. Н.Пүрэвдорж хэмээх төлөөлөгч “300 жилийн туршлагыг судалж, шүүж баталсан хууль атал өнөөгийн УИХ-д суугаа хэт мэргэн жараахайнууд “20 жил болчихлоо, өөрчлөх ёстой” гэж байна. Энэ хуульд дахиад 200-300 жилийн ч нас бий. Үндсэн хуулийг хувьсгалын үр дүнд баталсан юм. Тиймээс ийм амархан өөрчилчихдөг юм биш” гэв. 63 дугаар тойргийн депутат Пүрэвдагва “Үндсэн хуулийнхаа агуулгыг мэддэг хүн ховор болжээ. Мэдэхгүй учраас хуулиа мөрдөхгүй байна. Төрийн зүгээс Үндсэн хуулиа мэдүүлэх, сурталчлахад анхаараач. Үнэндээ төрийн түшээд маань ч мэдэхгүй байна. Агентлагийн дарга нараас эхлээд УИХ-ын гишүүдээс Үндсэн хуулиар тестийн шалгалт авъя, шалгая.

УИХ-ын 76 гишүүн дотор Үндсэн хуулиа мэддэг хүн хэд байгааг харъя. Мэдэхгүй мөртлөө өөрчлөх тухай ярьдаг нь үнэхээр харамсалтай” гэв. Мөн төрөөс томилолтын зардлыг нь өгөөд хуучин сонгогдсон тойргуудад нь депутат нарыг томилох юм бол Үндсэн хуулиа сурталчлахад хүчин зүтгэхэд бэлэн гэж байлаа. Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээс хамгийн уршигтай, засаглалын хуваарилалтыг завхруулсан хэмээн шүүмжилдэг “УИХ-ын гишүүн сайд хийж болох” зохицуулалтыг өөрчлөхөөр Ерөнхийлөгч болон нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсныг УИХ хэлэлцэж байгаа юм.

Энэ талаар АИХ-ын депутат Л.Пүрэвдорж “Давхар дээлний асуудлыг Үндсэн хуульд хүрэхгүйгээр, өөр хуулиар зохицуулах гээд ярьж байна. Нэгэнт Үндсэн хуульд тусгасан асуудал учир энэ хуульд өөрчлөлт оруулж байж л шийдэх ёстой. Тэгэхгүй бол Засгийн газрын тухай хууль чинь Үндсэн хуулиа зөрчсөн болно шүү дээ. Мөн төсөлд “Баталсан өдрөөс нь хэрэгжүүлнэ” гэсэн байна. Ингэх юм бол хуулиа буцаан хэрэглэсэн болж бас л буруудна. Үүний оронд “Дараагийн УИХ-аас мөрдөнө” гэвэл зөв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталснаа том хамгаалалттай боллоо гэх юм. Үндсэн хууль дотор дутуу ч гэсэн өөрчлөлт оруулахтай холбоотой бүлэг бий. Түүнийг нь сайжруулж байж л бүрэн хамгаалалт болно” гэлээ.

Төлөөлөгчдийн хөндсөн бас нэг асуудал нь төр Үндсэн хууль баталсан хүмүүсээ харж үзэхэд чиглэв. Депутат Билэгсайхан “АНУ долларын дэвсгэртдээ Үндсэн хууль баталсан хүмүүсийнхээ зургийг мөнхөлсөн. Харин Монгол Улс Үндсэн хууль тогтоосон хүмүүсээ яаж харж үзсэн бэ. Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа тус бүрт нь 70 сая төгрөг өгсөн. Үүнийг сард хуваавал 200 гаруй мянган төгрөг болно. Бид хэн юм бэ, Үндсэн хууль баталсан хүмүүсээ харж үзэхээс төр харамлаж байна. Түрийний бөөс толгойд гарчихаад, мөнхөд УИХ-ын гишүүн байх юм шиг аашилдаг. Албан тушаалдаа хоргодохоос өөрөөр улсынхаа төлөө юм хийхгүй байна” хэмээн хатуухан шүүмжилсэн. Жилээс жилд цөөрч буй АИХ-ын депутатуудынхаа нийгмийн асуудалд анхаарч, сар бүр тодорхой тэтгэмж олгох санал ч гарсан.


С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.