Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.ЭНХСАЙХАН: ЦӨМИЙН АЮУЛ ЗӨВХӨН ЗЭВСГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуультай хоёрхон улс дэлхийд байдгийн нэг нь Монгол. 2000 онд баталсан энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд танилцууллаа. Анх ийм хууль батлахад цөмийн зэвсэгтэй томоохон таван орон, тэр дундаа манай хоёр хөрш таашаагаагүй аж. Гэвч Монгол Улс энэ статусаа олон улсад хамгаалснаар 2012 онд тэд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болжээ.

Олон улсад манай энэ бодлогыг үлгэр жишээ хэмээн үнэлдэг, үүний үр нөлөө их гэдгийг сайд онцолсон. ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхсайхан одоо хуулиа өргөжүүлж, агуулгыг нь сайжруулаад Цөмийн аюулаас сэргийлэх тухай болгон нэрийг нь өөрчлөх санал дэвшүүлсэн юм. Тэрбээр “Цөмийн аюул зөвхөн зэвсгээр хязгаарлагдахгүй. Нарийвчлан тодорхойлох, үүнтэй холбоотой эд, ангиар нь ялгаж хуульд тусгах шаардлага бий” гээд манай хоёр хөрш цөмийн зэвсэгтэй учраас хилийн ойролцоо байрладаг цөмийн зэвсгийн байгууламж, объектуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл хомс байдаг аж. Эдгээр мэдээллийг ил болгож, тэдгээр байгууламжийн үйл ажиллагаа манайд сөргөөр нөлөөлөх эсэхийг хянаж байхын тулд Цөмийн материалыг тээвэрлэхэд хориг тавих конвенц, Ашигласан түлш, цацраг идэвхт бодисын менежментийн бодлого зэрэг хэд хэдэн баримт бичигт Монгол Улс нэгдэх ёстойг тэр сануулсан. Ингэж байж хаалттай мэдээллүүдийг олон улсын дипломат аргаар олж авч, аюулгүй байдлаа хангах юм.

Мөн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхсайхан “ОХУ өнгөрсөн онд Цөмийн хохирлоос үүдэх иргэний хариуцлага хэмээх Венийн конвенцид нэгдсэн. БНХАУ хариуцлага хүлээх ямар ч конвенцид нэгдээгүй. Олон улсын жишгээр ийм тохиолдолд ямар нэг осол гарвал тухайн орных нь шүүхээр шийддэг. БНХАУ-д ямар нэг осол гарч, бид хохирлоо гэхэд тэдний хуулиар шийднэ, гэтэл тус улсад хариуцлага хүлээх ямар ч хууль байхг үй. Энэ бүхнээс өөрсдийгөө хамгаалж, аюулг үй байдлаа хангахын тулд дээрх конвенциудад заавал нэгдэх хэрэгтэй” гэлээ. Цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр булах нууц гэрээ хийсэн гэсэн мэдээлэл нэг хэсэг шуугиан тарьсан. Л.Цог гишүүн энэ үнэн эсэхийг дахин лавлав. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигаар Монгол Улсын нэрийн өмнөөс энэ тухай ямар нэг яриа хэлэлцээ хийх, гарын үсэг зурахыг хориглосон. Тиймээс тэр мэдээлэл цуурхал” гэсэн хариулт өгч Л.Болд сайд баталгаажуулав.

Мөн гишүүн Сү.Батболд “Өмнөх Засгийн газрын үед ийм гэрээ хийсэн гэх мэдээлэл цацагдсан. Аль ч Засгийн газрын үед Монголын төр нэгд бодлоготой явж ирснийг хэлье” гэлээ. Чухал асуудал учраас дээрх конвенциудад нэгдэхийг дэмжиж буйгаа М.Батчимэг гишүүн илэрхийлсэн. Улмаар М.Батчимэгээр ахлуулж, Л.Болд, Л.Цог, Сү.Батболд нарын бүрэлдэх үүнтэй Ажлын хэсэг байгууллаа.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.