Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЕРӨНХИЙ САЙД АСАН Д.СОДНОМ ГУАЙД ЗОРИУЛАН ДУУ БҮТЭЭЖЭЭ

Монгол Улсын ерөнхий сайд асан Д.Содном 1990-96 оны хооронд Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр үр бүтээлтэй ажиллаж байв. Мөн сайд ахуй үедээ ч спортыг дэмжих тал дээр ихийг хийсэн хүн юм. Тэгвэл Содном гуайг МВХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ерөнхий нарийн бичгийн дарга нь байсан, өдгөө МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирлын албыг хашиж буй Ж.Баасанхүү түүнд зориулан дуу бүтээжээ.

Баасанхүү ах өөрөө шүлгийг нь бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр хөгжмийг нь зохион УДБЭТ-ын гоцлол дуучин Ж.Бямбажав амьдруулжээ. Тэрбээр уг бүтээлээ алд цэнхэр хадгийн хамт шинэ оны өмнөхөн Д.Содном гуайд гардуулан өгсөн юм. Баасанхүү ах шүлгээ хэдэн жилийн өмнө зохиосон ч дуу болгож чадалгүй байсаар өдийг хүрсэн гэнэ. Харин энэ жил Содном гуайн 80 насны ой, Чингисийн одонгоор шагнуулсныг тохиолдуулан дуугаа бэлэн болгожээ. Энэ үеэр Д.Содном гуайтай спортын талаар хөөрөлдлөө. Тэрбээр ерөнхий сайд байх үедээ “Хүнийг өвчилсөн хойно нь эмчлэх эмнэлэг барих биш, өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж заал барих хэрэгтэй” хэмээн Эрүүлийг хамгаалах яамны сайдаа зэмлэж байсан удаатай.

-Манай сайд дарга нар 1963 оноос волейбол тоглож эхэлсэн юм. Тэр жил Ю.Цэдэнбал гуай бүх сайд нарыг цуглуулаад “Би хоёрдугаар эмнэлгийн улсуудтай ярилаа. Манай сайд, дарга нарын дунд цусны даралт ихэсдэг, жин илүүдэж, хөдөлгөөн дутсан хүн их байна гэж байна. Тийм учраас бүх сайд, дарга нар долоо хоногт нэг удаа волейбол тоглодог болгоё” гэсэн. Тэгээд одоогийн Засгийн газрын ордны хоёр, гуравдугаар давхрыг нийлүүлсэн өндөр таазтай зааланд тоглуулах болсон. Өөрөө ч бас тоглодог байлаа. Би тэгэхэд дөнгөж сангийн сайд болоод байсан. Нэлээн хэдэн удаа тоглосны дараа дарга нар тоглохоо больсон. Харин залуу сайд нар 1990 оныг хүртэл тасралтгүй тоглосон юмдаг. Харин сүүлд ордны заалыг архив болгосны дараа бид Спортын төв ордонд очиж тоглодог болсон юм. Би Төлөвлөгөөний комисст очсоны дараа одоо Эдийн засгийн хөгжлийн яам байгаа барилгын хажууд биеийн тамирын заал бариулж, тэнд комиссынхоо бүх залууг тоглуулдаг байлаа. Би тийм мундаг, мэргэжлийн волейболчин биш. Гэхдээ биеэ эрүүл чийрэг байлгахын тулд тоглодог байв. Тэрний ч ач байх, надад нягтлан бодогч нарын гэж ярьдаг өвчин байхгүй.

Сүүлийн хоёр, гурван жил л хааяа даралт ихэсдэг болсон. Өмнө нь даралт гэж зовдоггүй байв. Нэг талаар бурхны авралаар, нөгөөтэйгүүр волейболын ачаар 80 хүрчихээд гайгүйхэн явж байна даа. Тийм учраас спорт, биеийн хөдөлгөөн гэдэг хүний эрүүл мэндийн маш чухал зүйл гэдэг нь харагдаж байгаа юм. Би саяхан волейболын тоглолт очиж үзлээ. 60-аад оны бидний үетэй харьцуулахад залуучууд их өндөр болж. Биеийн хөгжил ч маш сайхан болжээ. Энэ завшааныг ашиглаад залуучууд маань бүгдээрээ волейболын спортоор хичээллэх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Ж.Баасанхүү бид хоёр волейболоор дамжуулан танилцсанаас хойш олон жил сайхан найзалж байна. Баасанхүү маань надад зориулан дууны шүлэг бичиж, ая зохиолгоод миний 80 насны ой, “Чингисийн одон” авсныг тохиолдуулаад бэлэглэж байгаад тун их баяртай байна. Хамгийн том, хамгийн дурсгалтай бэлэг болж байна.

-Волейболын холбооны ерөнхийл өгч өөр ажиллаж байсан он жилүүдийнхээ талаар дурсана уу?

-Залуучууд маань санаачилга гаргаад намайг волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаач гэсэн юм. Би сайн тоглогч биш ч гэсэн энэ спортыг хөгжүүлэхэд тус болох үүднээс хүлээж авсан. Бид юуны өмнө гадаад харилцаандаа анхаарах нь зүйтэй гэж үзээд тэр талаар багагүй юм хийсэн л дээ. Намайг байх үед Дэлхийн волейболын холбооны ерөнхийлөгч манайд айлчилсан. Дараа нь Дэлхийн волейболын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн волейболын холбооны ерөнхийлөгч Мацүдайратай бас холбоо тогтоосон. Өмнө нь Японд айлчлахдаа түүнтэй танилцсан юм. Айлчлалын үеэр тэр нөхөртэй волейбол хүртэл тоглож байсан л даа. Тэр ч бас нөлөөлсөн байх, Японы талаас бидэнд их тусалсан шүү. Манайд сайн дурын дасгалжуулагч ирүүлж, волейболын бөмбөг, сетик гээд цөөнгүй зүйл өгч, Азийн наадамд оролцоход зардал дааж байлаа. Энэ нь Монголын волейболыг хөгжүүлэхэд жаахан ч гэсэн тус болсон бол баяртай байна. 1990-96 он гэдэг өөрчлөлт шинэчлэлт эхэлж, үйлдвэрүүд зогсож, гадаад харилцаа үгүй болсон хүнд үе байсан. Хэдийгээр улс орны байдал ийм хүнд байсан ч залуучууд маань волейболын спортоо хаяагүй юм.

-Японы дарга нартай волейбол тоглож байсан дурсамжаа хуваалцвал?

-Монголын төлөөлөгчид Японд айлчлалаар очсон юм. Айлчлалын хөтөлбөрт Токио хоттой танилцах хоёр цагийн аялал байсан. Тэгээд явлаа. Би ч дотроо хот танилцуулах байх гэж бодож байтал шууд давхисаар байгаад нэг газар хүрээд ирлээ. Тэр нь нэг их сургуулийн биеийн тамирын заал байна. Тэнд баахан өндөр залуучууд, охидууд волейбол тоглож байна. Мацүдайра надад танилцуулаад, хоёулаа хараад жаахан суулаа. Гэтэл намайг тоглох уу гэхээр нь дуртай юм болохоор зөвшөөрсөн. Хувцасгүй гэдгээ хэлтэл аль хэдийнэ бэлдчихсэн байна. Тэгээд жаал биеэ халааж байгаад хоёр баг болон тоглоход манайх хожсон юм. Айлчлал болохын өмнө Японы сурвалжлагч нар ирж ярилцлага авах үеэр нэг нь “Таны хобби юу вэ” гэж асуусан юм. Би хариуд нь “Би волейбол тоглох, загасчлах дуртай” гэсэн юм. Харин япончууд намайг үнэн хэлсэн үү, үгүй гэдгийг шалгахын тулд тэгж тоглуулсан хэрэг. Би шалгалтаа сайн өгсөн. Хэрвээ загасчлалаар шалгалт авсан бол би муу өгөх байсан. Учир нь бид Монголдоо нуур юм уу голд загас барина. Харин тэнд далайгаас барих болохоор хэцүү л дээ. Дурсамжийн номондоо энэ талаар оруулсан. Би бичсэн юм бүрийнхээ ард үүнээс ямар сургамж авах вэ гэдгийг оруулдаг юм. Харин энэ тохиолдлын хувьд “Манай төр засгийн дарга нар сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө чин үнэн, хариуцлагатай зүйл хэлэх хэрэгтэй” гэж бичиж байлаа.

 НЭГЭН МОНГОЛ ХҮҮ

Шүлгийг: Ж.Баасанхүү

Хөгжмийг: Д.Баттөмөр (Урлагийн гавьяат зүтгэлтэн)

Дуучин: Ж.Бямбажав (УДБЭТ-ын гоцлол дуучин)

Төгөлдөр хуурч: Б.Алунгоо (УДБЭТ-ын концертмейстер)

Уяхан зөөлөн сэтгэлтэй

Умаа ээжээс мэндэлсэн

Умрын Сибирь нутгаас

Ухааны цараа тэлсэн

         Алтан Чой овогтой

         Авьяаслаг нэгэн монгол хүү

Аргалын борхон уулсаас

Алсын замдаа дөрөөлсөн

Ангарын цэнхэр хотоос

Амраг ханиа сонгосон

         Алтан Чой овогтой

         Авхаалжит нэгэн монгол хүү

Эгэлхэн бор гэрээсээ

Эрдмийн аяндаа зорьсон

Түмэн олны итгэлээр

Төрийн жолоо барилцсан

          Алтан Чой овогтой

         Ухаалаг нэгэн монгол хүү

 

Г.БАЯРСАЙХАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.