Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИРЦЭЭС ГАДНА ИДЭВХ, САНААЧИЛГА ЧУХАЛ

 УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Ард түмний төлөөлөл болон тэнд ажиллахаар сонгогдсон 76 эрхэм энэ үүргээ хэр биелүүлдэг бол. Телевизээр их гарч, ухаантай үг хэлдэг л бол сайн ажиллаж байна гэж дүгнэх нь өрөөсгөл. Сонгогчид үүнд хууртахгүйгээ мэднэ. Гэвч үүнийг ойлгодоггүй гэнэн, камерын дуран харахаар л ярих онгод нь ордог түшээд бас бий. Гишүүд Байнгын хороо, чуулганы хуралдаанд байнга хоцорч, эсвэл тасалж ажилдаа хариуцлагагүй хандаж байгааг сүүлийн үед хэвлэлээр нэлээд шүүмжилсэн. Байдал хяналтаас гарах тийш хандаж, назгайраад ирмэгц УИХ-ын дарга З.Энхболд хурууны хээгээр ирц бүртгэх шийдвэр ч гаргав. Гэхдээ хариуцлагыг зөвхөн ирцээр төлөөлүүлэх нь хангалтгүй. Үүний цаана идэвх, санаачилга гэж чухал зүйл бий.

ХӨШИГНИЙ АРД ЮУ БОЛДОГ ВЭ

УИХ-аар хууль батлах үе шат нарийн. Зүгээр л нэг төсөл боловсруулж өргөн бариад болчихг үй. Нийгмийг нийтэд нь хамрахуйц, ихээхэн ач холбогдолтой хуулийн төсөл байвал УИХ-ын дарга захирамж гарган томоохон Ажлын хэсэг байгуулна. Эсвэл Бүлэг, Байнгын хороодын хэмжээнд Ажлын хэсэг байгуулан ажиллана. Гиш үүд саналаараа, заримдаа нэр заагдан Ажлын хэсэгт багтана. Эндээс л асуудал эхэлнэ дээ. Чуулган, Байнгын хорооны хурал хэвлэлийнхэнд нээлттэй болдог учраас хэн хэдэн минут хоцорч, хүнд суртал гаргаж байгааг мэдчих амархан. Харин Ажлын хэсгийн хуралдааныг хэвлэлийнхэн тэр бүр сурвалжилдаггүй. Тэгвэл тэнд ч бас хариуцлагагүй байдал үргэлжилдэг байна. Ажлын хэсгийн хуралдаан зарлахад яам, Тамгын газрынхан, холбогдох салбарын мэргэжилтнүүд “хүлээхийн жаргал”- ыг утгаар нь мэдэрдэг гэнэ. УИХ-ын зарим хэнэггүй гишүүн тэднийг хэдэн минут биш, бүр хэдэн цагаар хүлээлгэхээсээ ч санаа зовдоггүй аж.

Хариуцлагагүй, салан гишүүдээ хүлээсээр, ирцээ бүрдүүлэх гэж суусаар ард нь бас л төрийн ажил цалгардаж байгаа юм. Ажлын хэсгийн хуралдаан камерын өмнө болдоггүй учраас шоучин гишүүдийн хувьд ямар ч сонирхолгүй байдаг бололтой. Ингээд л шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр Ажлын хэсгийн ахлагч бусадтайгаа нийлээд гол ажлаа нугалдаг байна. Нөгөөдүүл нь харин хэвлэлээр “хийсэн ажлаа” ч, өөрийгөө ч сурталчлаад шоудаж явдаг. Ийм гишүүдийн тоонд манай улаан шоучин О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ж.Батзандан, С.Ганбаатараас эхлээд багтаж байгаа юм. Хуулийн төслөө сайн уншихгүй, боловсруулах явцад нь оролцдогг үй атлаа хоосон улс төр хийгчид ажилд саад болох нь мэдээж. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын Ажлын хэсгийг ахалж буй С.Одонтуяа гишүүн бусдыгаа ямар ч идэвхгүй, оролцоогүй байгааг хэвлэлээр шүүмжлээд авсан юм.

АЖИЛСАГ ШОРГООЛЖНУУД БА “АХ” НАР

Хуучин оны зааг дээр түшээд шинэ оны баяраа тэмдэглэхдээ хамгийн хамгийнаа шалгаруулсан юм. Үүгээр гишүүн Д.Батцогт хамгийн олон хуулийн төсөл боловсруулж, Ажлын хэсэг ахалсан “Ажилсаг шоргоолж”-оор шалгарсан. “Шударга ёс” эвсэл иймэрхүү ажилд түүнийг “түлхчихдэг” учраас хар ажлыг нухахаас ч аргагүй болдог аж. Мөн АН-ын М.Батчимэг, С.Одонтуяа, МАН-аас Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар энэ жагсаалтад багтах гэнэ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын болон Мөрдөх албаны тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг Д.Батцогт, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын Ажлын хэсгийг С.Одонтуяа ахалж буй юм. Мэдээж үүний цаана үүрэгт ажлаа чимээгүйхэн, сэтгэл гаргаад хийгээд яваа гишүүн цөөнгүй бий. Цаана нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Р.Амаржаргал зэрэг манай төрийн лидер, туршлагатай улстөрч үлдэж байна. Үнэндээ цаг хугацаа өнгөрч, УИХ-ын бүрэлдэхүүн шинэчлэгдэх тутам архаг улстөрчдийн дүр төрх бүдгэрч, хааяа нэг чуулган, Байнгын хороон дээр “хэрүүл базсан” шиг суухаас хэтрэхгүй болсныг уншигчид ч анзаарсан биз. Тэд хийдгээ хийсэн, одоо “Хүүхдүүд хийг” гэсэн аятай сууж, хааяа нэг шүүмжлэл, хатуухан үгээ хэлчихээд сууж байдаг болжээ. УИХ-ын гишүүд үндсэндээ ийм гурван хэсэгт хуваагдаж байна.

Сайд огцруулах, төсөв хэлэлцэх болохоор гишүүдийн ирц, идэвх эрс сайжирдаг. Бүгд л “хэлд” орж, тойрог руугаа хэдэн төгрөг татчих гэж үздэг нь нууц биш. Үүнээс бусад үед ажлын хэсгийн хуралдаан, төсөл боловсруулах явцад оролцох явц дээрх шиг байдаг аж. Гишүүдийнхээ идэвх, санаачилгатай байгаа эсэхэд анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэй болжээ, З.Энхболд дарга аа. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа гишүүд ажилдаа хариуцлагатай, идэвхтэй хандах ёстой.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.